УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын дарааллыг гаргаад байна.
Тэрхүү дарааллаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хойшлуулжээ.
УИХ пүрэв гаригийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах хуулийн төслийг санаачлан парламентаар хэлэлцүүлэх бүрэн эрхтэй хэмээн үзсэнтэй холбоотой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг УИХ 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой ч Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах хуулийн төслийг санаачлан мэдүүлж байгаа нь Засгийн газар танхимаар тогтвортой ажиллахад нөлөөлж, Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан юм.
Ингэснээр УИХ эхэлж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дээрх дүгнэлтийг хэлэлцэж эцэслэсний дараа сайд огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагатай болсон. Хуулиараа түдгэлзсэн асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй учраас намрын чуулган эхлэнгүүт Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг намын бүлгүүдээр хэлэлцэн, харин энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэж, шийдвэрээ гаргаснаар сайд огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн ч хойшлогджээ.
Г.ХОРОЛ