АНУ-ын Калифорни мужийн Фресно хотод өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрийнхээ арын цэцэрлэгт цуглан хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан хүмүүс рүү зэвсэглэсэн бүлэг этгээдүүд дайрч, дөрвөн хүнийг буудан хөнөөж, зургаан хүнийг шархдуулан хэрэг гарсан билээ.
Энэ үеэс гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд тэдний нэг болох Билли Сионг гэгчийг арванхоёрдугаар сарын 17-нд баривчилжээ. Тэрбээр баривчлагдах үедээ хар тамхи зөөвөрлөж явсан төдийгүй аллагад ашигласан есөн мм-ийн хагас автомат гар буугаа авч явсан байна. Удалгүй үлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилж, олон тооны автомат, гар буу, бэлэн мөнгө зэргийг хураан авчээ.
Голчлон Зүүн Өмнөд Азийн орнуудаас гаралтай Хмонг үндэстнүүдээс бүрдсэн тус бүлэглэл нь өөрсдийгөө “Монгол хөвгүүд” гэж нэрлэдэг гэнэ.
Америк, Вьетнамын дайны үед АНУ-ын талд тулалдаж байсан ихэвчлэн Зүүн Өмнөд Азийн орнуудаас гаралтай иргэдийг Хмонгчууд хэмээн нэрлэдэг бөгөөд дайн дууссаны дараа Америкийн үндэстний цөөнх болсон эдгээр иргэдэд Калифорни, Миннесота, Висконсин зэрэг газруудад нутаг зааж өгсөн байдаг.
Харин дээрх хэрэг нь Хмонг дээрмийн бүлгүүдийн дотоод тэмцлээс үүдэлтэй байж болзошгүй аж. Учир нь Фресно хот дахь Хмонгчуудын тосгоны нэг гэрт бөөнөөрөө цугларан хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан хүмүүс дунд “Монгол хөвгүүд” бүлгийн дайсан “Asian Crips” бүлгийн гишүүд байжээ. Ингээд өмнө нь “Asian Crips” бүлгийнхэнд хөнөөгдсөн нэг гишүүнийхээ өшөөг авахаар зэвсэглэн дайрсан байна. Харамсалтай нь амиа алдсан хүмүүс бүгд гэм зэмгүй хүмүүс байжээ. "Монгол хөвгүүд" бүлэг нь өмнө нь хүчин, хар тамхи, зэвсгийн наймааны хэрэгт удаа дараа холбогдож байсан дээрмийн бүлэглэл ажээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ