Ө.Ганзориг: Ерөнхийлөгч практикт байдаггүй, эрсдэлтэй шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Ө.Ганзориг: Ерөнхийлөгч практикт байдаггүй, эрсдэлтэй шийдвэр гаргалаа

Ө.Ганзориг: Ерөнхийлөгч практикт байдаггүй, эрсдэлтэй шийдвэр гаргалаа

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас  сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авчээ. Нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ахмадад нэгэн мэдээг дуулгасан нь өнөөдөр нийгмийн анхаарлын сэдэв болов. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох мөчид зарласан юм.

Дээрх шийдвэр бодит байдал дээр хэрэгжих эсэх нь  УИХ-аас хамаарна. Тэтгэврийн зээлийг тэглэх нь банкуудад мэдээж ашигтай. Хамгийн эрсдэлтэй хэсгийн тэтгэврийн зээлийг төрөөс даах учраас. Харин макро эдийн засаг, инфляц талаасаа төдийлөн өөрчлөлт орохгүй ч гэлээ зээлээ төлүүлсэн иргэд буцаагаад зээл авах нь тодорхой. Ингэснээр инфляц өсч үнийн хөөргөдөл бий болгох эрсдэлтэй. Мөн төгрөгийн ханш суларна.

ҮАБЗ-ийн дээрх шийдвэрт эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


ЭДИЙН ЗАСАГЧ Ө.ГАНЗОРИГ: Практикт байдаггүй, олон сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй шийдвэр

Тэтгэврийн зээлийг тэглэхэд өндөр мөнгөн дүн яригдана. Ерөнхийлөгчийн мэндчилгээг анх сонсоод тэтгэврийн зээлийн хүүг  төлөх  нь гэж ойлгосон. Учир нь зээлийн үндсэн дүнг төлнө гэхээр санаанд огт буугаагүй. Олон эдийн засагчдад цочирдом мэдэгдэл болсон байх. Олон тэрбум төгрөгийн асуудал яригдах учраас ямар судалгаанд үндэслэж, ямар үр дүнд хүрнэ гэж ийм шийдвэр  гаргасан бэ гэдгээ тайлбарлах байх гэж бодож байна. Нөгөө талдаа тэтгэврийн зээлээ оны өмнө хугацаанд нь хаасан, хариуцлагатай  иргэд бий.  Эсрэгээрээ тэтгэврийн зээлээ тухайн настан өөртөө зориулж байна уу эсвэл тэдгээрээр дамжуулж хүүхдүүд нь хэрэглэж байна уу гэдэг асуудал бий. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор ёс суртахууны доголдол гарах нийгмээрээ хариуцлагагүй байдалд шилжих энэ эрсдэлээ яаж тооцсон зэрэг нийгмийн ёс зүйн,  зах зээлийн зарчмын, эдийн засгийн маш олон сөрөг үр дагавар гарч болзошгүй учраас ямар судалгаанд үндэслэж шийдвэр гаргав гэдгийг миний хувьд сонсохыг хүлээж байна. Үүнийгээ  ч танилцуулах байх. Тэтгэврийн зээл  гэдэг нь бодит байдалд настнуудаар дамжиж залуу хүмүүсийн зээл байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу зүйл болж хувирна.

Ажиллаж хөдөлмөрлөх ид насандаа яваа залуучууд тэтгэврийн хөгшдөөрөө дамжуулж зээл авчхаад тэрийгээ улсаар тэглүүлэх нь энэ улс орон ёс суртахууны хямралд орно. Бэлэнчлэх сэтгэлгээг нь улам хөгжүүлнэ гэсэн үг. Өнөөдөр манай нийгэмд хамгийн хэрэггүй зүйлийн нэг нь залхуурал. Сүүлийн 30 жил Монголын нийгэм ёс зүйн доройтолд орсон. Ёс зүй яагаад эдийн засагтай холбогддог вэ гэвэл эдийн засгийн хөгжлийг ярихын тулд нийгмийн ухамсар, ёсзүй, нийгмийн хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд миний мэдэхгүй асуултууд  байна. Энэ бүхнээ судалгаатай тайлбарлаж, эдийн засгийн, нийгмийн маш нарийн судалгаа хийсэн  байх гэж найдаж байна.

Үндсэндээ практикт байдаггүй, олон сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй ийм шийдвэр. Энэ дунд нь сүйхээтэй, мэдээлэлд ойр, зальтай хүмүүс хожихыг үгүйсгэхгүй. Эсрэгээрээ шударга хүмүүс нь хохирч үлдэж магад. Өмнө нь Өршөөлийн хуулиар мэдээлэлд ойр хэсэг нь татвар төлөхгүй Өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Гэтэл шударгаар татвараа төлж байсан хэсэг нь хохирч үлдсэн ийм жишээ бидэнд бий. Сүүлийн 30 жил Монголын улс төрд бий болсон асуудлын нэг нь улс төрд ойр, мэдээлэлтэй, танил талтай хэсэг нь өмч хувьчлалаас эхлүүлээд Монголын хамаг баялаг газрын лиценз, уул уурхайн лиценз, улсын үйлдвэрийн газруудыг хувьчилж ирсэн ийм л нийгэм. Үндсэндээ манай төр засгаас хэрэгжүүлсэн халамжийн олон бодлогууд нь дандаа бүтэлгүйтэж байсан. Орон сууцны найман хувийн зээлд алдаа, завхрал их гарсан. Найман хувийн зээлд хамрагдах шаардлагагүй хүмүүс энэ зээлийг авч эргээд хөрөнгө оруулалт болгох замаар зориулалтын бусаар ашиглах явдал хэрээс хэтэрсэн. Энэ мэт төрөөс гаргаж буй бодлого, шийдвэрүүд нь судалгаа шинжилгээгүйгээс болж эргээд алдаа дагуулдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг дэмжинэ эсвэл эсэргүүцэж байна гэж одоо хэлэх боломжгүй. Дээр хэлсэнчлэн мэдээлэлд ойр, зальтай хэсэг нь хожиж, нөгөө талдаа шударга хүмүүс нь хохирч байсан өмнөх жишгээ давтах вий. Ямар судалгаанд үндэслэснээ тайлбарлах ёстой.

Эдийн засгийн шийдвэр талаасаа 700 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ их мөнгөөр өнөөдөр боловсролынхоо системийг бүрэн шинэчлэх боломжтой. Манай боловсролын систем дэлхийн хөгжлөөс хоцрогдсон. Монголын хамгийн сайн их сургууль гэгдэх МУИС дэлхийд 3700 дугаарт жагсч байна. Үүнээс Монголын боловсролын салбар хаана явж байгаа нь илт харагдана. Тиймээс зээл тэглэх бус үр хүүхдүүдийнхээ боловсролын системийг бүрэн шинэчлэх мөн тэтгэврийн системд бүрэн реформ хийх боломжтой. Бид энэ мөнгөөр гадаадад экспорт хийх чадвартай  үйлдвэрүүд  байгуулах, Монгол Улсыг хөгжүүлэх хэмжээний төсвийн том мөнгө.  Эцэст нь хэлэхэд, ард түмний татварын мөнгөөр  зээлийг тэглэх нь ойлгомжтой. Төрд өөрт нь мөнгө байдаггүй юм. Эцсийн дүндээ ААН-үүдийн төлж байгаа татвар, иргэдийн ХАОМ, нийгмийн даатгалын мөнгөөр тэтгэврийн зээлийг хаах байх.  Нэг ёсондоо иргэд иргэдийнхээ зээлийг хаана гэсэн үг.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ГАНТУЛГА: Судалгаа дутмаг, улс төрийн шинжтэй мэдэгдэл боллоо

Боломжгүй зүйл гэж байхгүй. Гагцхүү судалгаа, тооцоо байх ёстой. Эргээд эдийн засагтаа ямар нөлөө үзүүлэх үү, хэдий хэр хугацаанд, ямар шат дараалалтай хийгдэх үү гэдгийг зөв гаргахгүйгээр сонгуулийн жилийн популист амлалт болох вий. Өнгөрсөн дөрвөн жил эдийн засгаа арай гэж хөл дээр нь босголоо. ААН-үүд үүдээ нээж үйл ажиллагаа нь дөнгөж  тогтворжиж байгаа энэ үед мөнгөний бодлогоо буруу явуулбал эрсдэл өндөртэй. Хоёрдугаарт, халамжийн бодлого нь улсын тогтвортой бодлого  болохоос биш гэнэтийн шийдвэрээр эсвэл жоохон мөнгө орж ирэнгүүт нь цацдаг бодлого биш.   Эдийн засагт өгөөжтэй, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахгүйгээр мөнгө тараавал хэн ч мөнгө тараана шүү дээ. Улсаа дампууруулсан Аргентин улсын жишээ байна. Үндсэндээ судалгаа дутмаг, улс төрийн шинжтэй мэдэгдэл боллоо. ҮАБЗ зөвлөмж гаргадаг байгууллага болохоос шийдвэр гаргах эрхгүй. УИХ-аар эцэслэн батлах учраас тогтоол болж гартлаа удах байх. Улс  төрийн шинжтэй шийдвэр гэж харж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ, САНХҮҮЧ Д.АНГАР: Зээлийг тэглэх бус зээлийн хүүг бууруулах чиглэлд  ажиллах ёстой

Салхитын мөнгөний орд нь хэзээ эргэлтэд орох, хэдэн төгрөгийн ашиг олох вэ гэдэг нь тодорхой биш байна.  ҮАБЗ-ийн гаргасан  тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр нь хэрэгжихгүйд хүрвэл Салхитын мөнгөний орд руу бухах буюу нэг зүйлтэй холбосон хариуцлагатай бус  шийдвэр. Хоёрдугаарт, ҮАБЗ тэтгэврийн  зээлийг хэлэлцэх хууль эрх зүйн орчин  байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлийн асуудал нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм бол тэглэх бус тэтгэврийн зээл олгохыг  хориглох ёстой.

ҮАБЗ-ийн үндсэн үүрэг нь үндэсний хэмжээнд харшлах тусгаар  тогтнол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудалд зөвхөн зөвлөмж гаргадаг ийм байгууллага. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ-ын нуруун дээр том ачаа тавилаа гэж харж байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр нь хэрэгжихгүй тохиолдолд Салхитын мөнгөний орд эргэлтэд орсонгүй гэж хэлэх эхний шалтаг, хоёрдох шалтаг нь УИХ хүлээж авсангүй гэдэг шалтгаанаар эргэж буцах шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна. Тэтгэврийн зээлтэй олон хүн бий. Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр нь настнуудад сайхан мэдээ болж байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Х.Баттулгыг “бурхан” мэт бараг шүтэх байх. Гэвч эргээд энэ нь эдийн засагтаа хор уршигтай. Яагаад гэвэл аливаа зээл нь эдийн засгийн хөдөлгөгч хүч нь байдаг. Иргэн, ААН-үүд зээл авч бизнесээ өргөжүүлдэг. Гэтэл зээлийг тэглэснээр зээл төлөх хариуцлага гэдэг зүйл алдагдана. ҮАБЗ зээлээс чөлөөлчихдөг гэсэн ойлголт иргэдийн ухамсарт сууна. Ингэснээр эдийн засгийнхаа гол хөдөлгөгч хүчийг байхгүй болгох эрсдэлтэй.

Гуравдугаарт, зээлийн асуудалд намууд, улстөрчид нь хоорондоо өрсөлддөг  ийм л хариуцлагагүй зүйл болж хувирна. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар зээл авсан бол түүнийгээ төлдөг байх ёстой.  Иргэдийн зээлийг тэглэх бус зээлийн хүүг бууруулах энэ чиглэлд л ажиллах ёстой. Гэтэл энэ чиглэлд нэг ч ажил хийхгүй байж улсаараа хариуцлагагүй зээлдэгч болгох үүд хаалгыг нээж өгч байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Улс төрийн бохир шийдвэр 

Тэтгэврийн систем нь буруу тогтолцоотой, тэтгэврийн иргэд нь ядууралд шилждэг энэ байдалд суурилж улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ утгаар нь улс төрийн бохир шийдвэр гэж хэлэхээс өөр аргагүй. Эдийн засгийн агуулга талаас нь үүнийг дэмжих ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, энэ шийдвэрээрээ тэтгэврийн тогтолцоо, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн урагшлах хөгжил, иргэдийн санхүүгийн соёл боловсрол, ёс суртахууныг хойш нь татна. Улстөрчид бүх зүйлд иргэдийнхээ төлөө гэж ярьдаг атлаа Монголыг хорлож байдаг. Энэ шийдвэрт  хөөрч баярлах нь дараагийн асуудал.  Улс төрийн өнцгөөр асуудалд хандаж иргэдийг хуурч, дэвэргэх сонирхол надад алга. Өнгөрсөн 30 жил  Монголын төрийг удирдаж байсан үе үеийн нөхдүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог сайжруулж чадаагүй үр дагавар дээрээ өнөөдөр бохир улс төрөө хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ЗөвЗөв
33
БурууБуруу
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж