“Korean Air”-ийн захирал ээжтэйгээ маргаж гарыг нь зүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

“Korean Air”-ийн захирал ээжтэйгээ маргаж гарыг нь зүсчээ

“Korean Air”-ийн захирал ээжтэйгээ маргаж гарыг нь зүсчээ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air”-ийн гэр бүлийнхнийг тойрсон дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Өнгөрсөн сард компанийн өв залгамжлагчид буюу эгч дүүс хоорондоо шийдвэр гаргах тал дээр маргалдаж нэгнийхээ эсрэг зарга мэдүүлээд байсан бол Зул сарын баярын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Чо Вон Тэ ээжтэйгээ маргалдаж, гарыг нь зүсч гэмтээсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Өдгөө 43 настай Чо Вон Тэ Зул сарын баярын өдөр ээж Ли Мюн Хигийн гэрт зочлохдоо бизнесийн асуудлаар маргаж, уурандаа хана руу ваар шидэж, ваарны хэлтэрхий ээжийнх нь гарыг зүсэж гэмтээсэн гэнэ. Тэрбээр даваа гаригт /2019.12.30/ уг асуудлаар ээжээсээ болон олон нийтээс уучлал хүссэн байна.

Хүүгээ ийнхүү зохисгүй аашилсны дараа Ли Мюн Хи хагарсан ваарны хэлтэрхийнүүд болон, гарныхаа зургийг “Hanjin” группийн удирдах зөвлөлийнхөн рүү и-мэйлээр явуулсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд олж олон нийтэд ил болгожээ.

Чо Вон Тэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нас барсан эцэг Чо Ян Хог залгамжилж, “Korean Air”-ийн гүйцэтгэх захирал, толгой компани “Hanjin” группийн ерөнхийлөгч болсон билээ.

Хэд хоногийн өмнө Чо Вон Тэгийн эгч дүүс түүнийг эцгийнхээ гэрээслэлийг зөрчиж, бусадтайгаа зөвлөлдөхгүйгээр толгой даан шийдвэр гаргаж байгааг шүүмжлэн зарга үүсгээд байсан бөгөөд ээж нь хоёр охиныхоо талд зогссон юм. Ирэх гуравдугаар сард “Hanjin” группын ТУЗ-ын хурал болох бөгөөд Чо Вон Тэ дахин ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаа. Гэтэл өв залгамжлагчид ийнхүү эв түнжин муутай байгаа учир Чо Вон Тэ дахин “Hanjin” группыг толгойлох эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. “Hanjin” группын 6,52 хувийг Чо Вон Тэ эзэмшдэг бол түүний эгч Хидер Чо 6,49 хувийг, ээж Ли Мюн Хи 5,31, , Эмили Чо 6,47 хувийг тус тус эзэмшдэг.

“Korean Air”-ийн эзэн гэр бүл хэзээнээс зан авир муутай, байнга хэл аманд өртдөгөөрөө алдартай.  Ууган охин Хидер Чо нь 2014 онд “Самарны дуулиан” буюу ууттай самрыг задалж өгөөгүй гэх шалтгаанаар нисэх онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэргээр шийтгүүлж, “Korean Air”-ийн удирдах түвшний албан тушаалаасаа огцорч байсан. Харин бага охин Эмили Чо уурандаа ажилтнууд руугаа лонхтой ус чулуудаж мөн л албан тушаалаа алдаж байв. Талийгаач Чо Ян Хо нас барахаасаа жилийн өмнө охидынхоо өмнөөс уучлал гуйж байсан юм.

“Korean Air”-ийн эзэгтэй Ли Мюн Хигийн хувьд ажилтнуудаа зодож, хэл амаар дайрч доромжилж буй бичлэг нь цацагдаж ихээхэн шуугиан тарьж байсан ба энэ оны тавдугаар сард Ли бага охин Эмили Чогийн хамт Филиппинээс хууль бусаар гэрийн үйлчлэгч авчирч ажиллуулсан хэргээр тэнсэн харгалзах ял сонсоод байв.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж