Японы эзэн хааны цомын төлөөх тэмцээний аваргын төлөө Виссел Коби болон Кашима Антлерс багууд учраа таарч 2-0 харьцаатай Виссел Коби клуб ялж клубынхээ 54 жилийн түүхэнд анх удаагаа цом хүртлээ. Энэхүү тоглолт нь Токио-2020 олимпийн хүрээнд баригдсан Токиогийн шинэ үндэсний цэнгэлдэхэд зохион байгуулагдсан хамгийн анхны хөлбөмбөгийн тоглолт байснаараа онцлогтой.
Тоглолтын хувьд эхний үеийн 18 дах минутанд Кашима Антлерс багийн хамгаалагч Томояа Инукай өөрийн хаалгандаа гоол оруулав. Үүнээс төд удалгүй эхний үе завсарлахаас 7 минутын өмнө Виссел Коби багийн довтлогч Нориаки Фужимото гоолдож тэргүүллээ баталгаажуулсан.
Виссел Коби багийн эзэн Хироши Микитани нь энэхүү багийг босгохын тулд Европын олон оддуудыг багтаа өндөр цалинтай авчирсан билээ. Үүнд Андрьес Иньеста, Давид Вилла, Лукаш Подолски, Томас Вермальен зэрэг багтаж байна. Хироши Микитанигийн хувьд мөн Барселона клубтэй хамтран ажилладаг Rakuten компанийн захирал юм.
Дэлхийн аварга, Европын аварга Испаний шигшээн довтлогч асан Давид Виллагийн хувьд энэ улирлын дараа албан ёсоор зодог тайлахаа зарлаад байсан билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ