Х.Баттулга БАНКНЫ ЭЗЭН БИШ

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Х.Баттулга БАНКНЫ ЭЗЭН БИШ

Х.Баттулга БАНКНЫ ЭЗЭН БИШ

Заншил ёсоор улсын гурван том дарга телевизээр шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлэв. Копидчихсон мэт утга, уянга нь ижил баярын мэндчилгээнүүдийнх нь онцлох санааг товчилбол, тэд 2019 онд шударга ёсыг тогтоож, эдийн засгийг сайжруулж, их бүтээн байгуулалт өрнүүлж, Эрдэнэт, Оюутолгойн асуудлыг шийдэж өгсөн гэнэ.

Мэндчилгээнийхээ төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн, шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэсэн нь оны супер амлалт байлаа.

Гэвч, Ерөнхийлөгч ӨВЛИЙН ӨВГӨН биш. Гүйцэтгэх засаглалын тэргүүн биш. Х.Баттулга улсын Ерөнхийлөгч болохоос банкны эзэн биш. 

Ерөнхийлөгч энэ улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Х.Баттулга хууль санаачлах эрхтэй ч хууль батлах эрхгүй. Хууль батлах эрх зөвхөн УИХ-ын гишүүнд хадгалагддаг. Тэгэхээр тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж болох ч батлах эсэхийг нь парламент шийднэ. Хэрэвзээ Г.Занданшатар парламентын засаглалаа Х.Баттулгад албан бусаар шилжүүлчхээгүй бол шүү дээ. Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн байлаа гээд Үндсэн хууль зөрчих бүрэн эрхтэй гэсэн үг бүр ч биш ээ.

Товчхондоо, тэтгэврийн зээлийг тэглэх үгүйг Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав мэддэг, шийддэг эрх зүйн орчин Үндсэн хуульд болон бусад хуульд ч байхгүй.

НЭГ.

Тэтгэвэр тогтоох, тэтгэвэр олгох нь төрийн үйлчилгээ бол тэтгэврийн зээл олгох нь банкны үйлчилгээ юм. Эдийн засгийн наад захын ойлголттой хүн энийг мэднэ. Өнгөрсөн онд 300 мянган ахмад 1.1 их наяд төгрөгийн тэтгэвэр авч, төрийн үйлчилгээнд хамрагджээ. Төр тэтгэвэр, тэтгэмжийг цагт нь тавихаас гадна нэмэх, хасахыг шийдэх эрхтэй. Гэхдээ тэтгэврийн зээл олгох, тэглэх эрх Монголын төрд байхгүй гэсэн үг. Зээл өгөх үгүйг зөвхөн банк шийднэ. Зээл авсан бол төлөх нь зээлдэгчийн үүрэг бас хариуцлага.

2019 оны аравдугаар сарын байдлаар 233 мянган ахмад 815 тэрбум төгрөгийн зээл авч, банкны үйлчилгээнд хамрагджээ. Тэд гуч хүртэлх сарын хугацаатай 12 хувийн хүүтэй зээл авдаг. Энэ оноос тэтгэврийн зээлийн хүү 10 хувь болж буурсан.  Зээл авсан ахмадуудын дийлэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахаас илүү үр хүүхдийнхээ шаардлага, гуйлтыг биелүүлдэг нь ч дүнэн.

Өөрөөр хэлбэл, Монголд үр хүүхэд нь эцэг эхийнхээ тэтгэврийг зээлээд приус аваад унадаг, архи уудаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл  Японд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог. Энэ нь тэтгэвэр авагчдыг үр хүүхдийнхээ дарамт шахалтад орж, санхүүгийн хараат болохоос сэргийлсэн арга аж.

Тэтгэврийн зээлийг хориглохгүйгээр төрөөс тэглээд ч ахмадуудын асуудал  бүрэн шийдэгдэхгүй. Эсрэгээрээ ээж, аавынхаа тэтгэврийг зээлээр авчихаад төрөөр төлүүлэх сонирхолтой  ажилгүй "ангаахай"-нууд олширно.

Эдийн засгийн болон эрх зүйн орчин талаасаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг тэнэг хүний популизм. Тэтгэврийн зээлийг тэглэх амлалт өгөх биш тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хориглосон хууль санаачилсан бол Ерөнхийлөгчид ирэх эерэг оноо нь их, эдийн засгийн хувьд  илүү оновчтой бодлого болох байлаа. Загас барьж өгөхөөр загас барих аргыг нь зааж өг гэдэг шүү дээ, Ерөнхийлөгч өө!

ХОЁР.

Улиран одсон 2019 онд нэгдмэл байр суурьтай байж байгалийн баялгийг ард түмэндээ авч өгснөө улсын гурван том дарга нар онцолж, ингэхдээ "Эрдэнэт", "Салхит", "Оюутолгой"-н асуудлыг иш татсан билээ. Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр ч илүү эрхтэй гэж үгтэй.  "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авсны үр шим энгийн иргэдэд наалдаж, эдийн засагт нөлөөлсөн нь үнэндээ юу л бол. Эсрэгээрээ Ш.Батхүүгийн өрийг төлж, "Эрдэнэт"-ийн луйвраа далдсан нь үнэн.

Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх боломжтой гэж Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ онцолсон. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Г.Занданшатар Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж төрд хурааж авсан.  Төрд хураагдсан тус ордоос 500 кг мөнгө олборлосны дээж гэж  50 кг мөнгийг Монголбанкинд спикер аваачиж тушаасан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үйл явдлын нэг. "Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш" гэж Г.Занданшатар уг үйл явдалд оролцохдоо хэлсэн билээ.

Монголбанкны өнөөгийн ханшаар нэг грамм мөнгийг 1498 төгрөгөөр тооцвол Салхитын мөнгөний ордоос олборлосон 500 кг мөнгө  750 сая төгрөг болж байна гэсэн үг. Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэхэд дор хая 810 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм.

ГУРАВ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ зөрчиж, хууль батлах УИХ-ын бүрэн эрхэнд халдсан гэвэл түүнд импичмент үзүүлэх асуудлыг  хөндөгдөх ёстой болж таарна. Монгол Улсын Төрийн тэргүүн ч Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах ёстой.  Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнд дурдагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхмйлөгчийн эрх мэдэл буураагүй ч нэмэгдээгүй. Тэр тусмаа парламентын засаглалаа бататган ёосчилсон билээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг  Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн, гаргасан гэж Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ онцолсон. ҮАБЗ нь зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй. Тэгэхээр УИХ-ын бүрэн эрхэнд халдсан Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зөв юм. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын бүрэн эрхэнд нэг бус удаа халдсан үйлдэлтэй хүн.

Нөгөөтэйгүүр Х.Баттулгын ээлжит нэг хууралт  бол  энэ амлалт эрх баригчдад ч, эв нэгдлийн тэргүүнд ч сайн үр дагавар авчрахгүй.  Үнэндээ, тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засгаа хорлосонтой ижилхэн болохыг  төдийгөөс өдий хүртэл бизнес хийсэн Х.Баттулга мэдэхгүй байна гэж үгүй. Харин тийм амлалт өгөх Үндсэн хуулийн  эрхтэй эсэхээ мэдэхгүй байж мэднэ. 

Гэхдээ аль ч өнцгөөс харсан Х.Баттулгын өгөөмөр амлалтын ард өөдгүй зальжин шантааж нуугдаж байна, өөр юу ч биш.  Х.Баттулга ганцхан нүүдэл хардаг  хүн биш. Давхар, давхар тооцож нүүдэг  түүний  ирэх оны сонгуулийн нэг пи-ар нь төдийгүй эрх баригчдыг шахаанд оруулах гэсэн арга заль нь энэ юм.

Амлалт нь бүтэхгүй бол Ардын нам руу бухна. Амлалтыг нь Ардын нам биелүүлбэл ашгийг нь Х.Баттулга хүртэнэ гэсэн үг. Ардын намын хувьд тэтгэврийн зээлийг тэглэлээ гэхэд зээлтэй  ахмадуудыг баярлуулж, зээлгүй ахмадуудыг гомдооход хүрнэ. Дээр нь ипотекийн, цалингийн, хэрэглээний зээлтэй хүмүүсийн хэл ам хийнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хавханд унах эсэхийгээ Ардын намын гишүүд мэднэ. Тэдэнд тэтгэврийн зээлийг тэглэх эсэхийг шийдэх 64 кноп бий. Тэгээд ч тэтгэврийн зээлийг тэглэвэл Ардын нам ялна гэсэн баталгааг ахмадууд өгсөн бил үү. Ч. Сайханбилэг 2016 оны сонгуулийн яг өмнө "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийн хувьцааг иргэд 300 мянгаар аваад эсрэгээрээ ялагдал хүлээсэн. Уг нь,  Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэнэ гэж тэнгэрийн юм ярьж байхаар атар талхны үнийг бууруулна гэсэн бол арай үнэмшилтэй сонсогдох байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
102
ЗөвЗөв
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж