“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд 100.000 долларын цалинтай

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд 100.000 долларын цалинтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонслоо.


Асуулгатай холбогдуулж, гишүүд “Оюутолгой” компани хэдий хэмжээний татвар төлсөн, “Оюутолгой” –д Монголыг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн хэдэн төгрөгийн цалинтай, ногдол ашгийг Монголын тал хэдэн оноос хүртэж эхлэх зэрэг олон асуудлыг гишүүд тодрууллаа. Тухайлбал, Татварын ерөнхий газрын даргын тайлбараар бол зөвхөн энэ онд есөн сарын байдлаар 137 сая төгрөгийн татварыг “Оюутолгой” ХХК төлсөн бол тус компанид Монголын талыг төлөөлөн сууж байгаа гурван гишүүний цалин хэд болохыг УИХ-ын гишүүн Г.Уянга тодруулав. Тэрээр “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд хэчнээн төгрөгийн цалинтайгаа хэлж өгөөч. Засгийн газар эхнэр, нөхөр хоёрын компанид 11 тэрбумыг өгч, төрийн албан хаагчдын цалинг 2 тэрбум төгрөгөөр хасахаар байгаа. Ерөнхий сайд та Хөрөнгө оруулалтын 8.4 тэрбум долларыг баталгаажуулсан, үүнээс гадна 4.4 тэрбумыг баталгаажуулсан”.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Худал юмыг 1000 дахин ярихаар үнэн болдог гэдэг шиг, нэг хурлаас нэг хуралд тоонуудыг яаж өсгөж болдог юм бэ. Гүний уурхай явсан бол 3 тэрбум ам.доллар орж ирэх байсан. 4.4 гэдэг хуурамч тоо, хаана ч байхгүй.

“Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүний жилийн цалин бохироороо 100 мянган ам.доллар.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Гайхамшигтай сайхан төлөвлөгөө чинь Арбитрын шүүхэд  очиход авч хэлэлцэхгүй гэдгээ хэлээд өгөөрэй. Та нарын оронд уг нь татварын байцаагч ярих ёстой. Тэдний актыг Ерөнхий сайд ч өөрчлөх ёсгүй. Дарга нар нь сайд нар нь худалдагдсан байна. 6 тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй, өөрийнхөө өрөнд өгнө. Ногдол ашиг 2030 он хүртэл авахгүй гээд хээвнэг хэлж байна, та бүхэн. Зардлыг хэтэрхий хэтрүүлснээр ашиг авах хугацаа алсарсан. Дээр нь Монголын газар нутгийг тавьж туусан.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: С.Ганбаатар гишүүн ээ худлаа ярьж байна. Ерөнхий сайд  Оюутолгойгоос ТУЗ-аас нэг ч цалин авдаггүй. Би нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй. Та нэг ухаантай юм ярилаа, улсын байцаагч нар хэрүүл хийж байх ёстой гэж. Яагаад УИХ-ын гишүүн асуулга тавиад Ерөнхий сайд ярих ёстой юм. Улсын байцаагч нь ярих ёстой. Гүтгэж доромжилж болохгүй. Би таниас нэг л зүйлийг асууна, үнэн үү гээд. Та анкет дээрээ гадаадад хоёр их сургууль төгссөн гэж бичсэн. Нэг сургуулийн нэрийг буруу бичсэн, тэнд төгсгөдөггүй мэргэжлийг бичсэн байгаа. Өөрөө та хуурмаг байж.

УИХ-ын дарга З.Энхболд: Оюутолгойд хамааралгүй юм ярьж байна.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Газар ашиглах гэрээг “Оюутолгой” компани барьцаалахгүй. Өөрт байгаа лиценз компанийн мөнгөн урсгалыг төслийн санхүүжилтэд ашиглаж барьцаалж байгаа.

“Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: ТЭЗҮ 10, 15 хол зөрүүтэй гэдэг юм ярьж байна, хэн ч үгүйсгээгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг 2010 онд өргөн барихдаа өөрөөр тооцож байсан юм билээ. Уурхай эхэлснээс хойш тооцоогүй маш олон зардал гарч ирсэн. Гүний уурхай эхэлснээс хойш тодорхой өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Нэгэнтээ хэтэрчихсэн юмыг бид яах вэ, бодоогүй тоцоогүй зардал гарсан. Босоо нүх ухах байсан, хэвтээ нүх ухах шаардлага гарсан. Эмнэлэг сургууль байхгүй, үхэж байна хатаж байна гэж яриад байх юм. Хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17 хувь байсан юм биш үү, “Оюутолгой”-н бүтээн байгуулалтын үр дүнд. Хоёр жил зогссон учраас эдийн засгийн өсөлт 3 хувь болтлоо буурч, Статистикийн хороог хааш нь өгөх вэ гээд яриад сууж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн тухай ярьж байна.  Үүнээс гадна 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Санхүүгийн зөрчил гэдэг бол хулгайлсан мөнгө. Энийг хүлээн зөвшөөрөөд нотолчихсон гэж байгаа бол та нарт тийм эрх олгогдоогүй. Нөгөө талаар энэ луйврыг хүлээн зөвшөөрч хамгаалах гэж оролдож байгаа нь буруу. Төрийг, түмнийг төлөөлөөд энэ ордыг ашиглахад өөрсдийнхөө төлөөлөл болгож томилсон.

Хандив, тусламийг зээлийн эх үүсвэрээс хас гэсэн, хассан юм уу. Зээл болоод явж байна.  Тийм учраас энэ бүхнийг нарийвчлах ёстой. Менежмэнтийн багийг өнөөдөр хүртэл томилоогүй. Ийм ажлыг хийгээгүй учраас дуртай ажилдаа менежмэнтийн төлбөр авч байна, 170 сая доллар авсан байна. Зайлшгүй хийх ёстой ажлаа яагаад та бүхэн хийгээгүй юм бэ. Хувь нийлүүлэгчид нь зээлийн хүүг ил тод болгоно, хүүг бууруулах талаар арга хэмжээ авна гэсэн юу ч хийгээгүй. Нийлмэл хүүгийн талаар ямар ч арга хэмжэ аваагүй.

“Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: Тэр ажлуудаа гайгүй муугүй хийгээд явж байгаа учраас далд уурхайн ажил ойрын хугацаанд эхлэхээр явж байна. Хандивыг яагаад зардалд суулгаад байна вэ, анхны бүтээгдэхүүнээ ердөө ноднин гаргасан. Шинэ үйлдвэр. Ашиг авах болоогүй, өртөг зардлаа нөхөх яагаа ч үгүй. Аймаг, суманд өгч байгаа мөнгө нь зардал дотор нь ороод л явна. Ашиг авах болоогүй юм чинь. Хандив тусламжууд. Гурван суманд өгөх 5 саяыг ашгаас өгч байгаа юм биш.

Өнөөдрийн хувьд “Оюутолгой” сонгодог утгаараа ашиггүй байна. Удахгүй 15 банктай тохирно, зээлийн хүү нь өмнөх жилүүдийнх нь авч байснаас хямдаар ногдоно.

Нөгөө талд ажиллаж байна гэж зүхэх юм та нар. Гэхдээ ямар ч зардал гарсан бид хамаарахгүй төлөхгүй гээд сууж болохгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Г.Уянгаа микропонгүй асууж, Д.Ганболд хариулаад сууж болохгүй.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Хэрвээ Арбитрын шүүх дээр аливаа нэг маргаан очиход бидний хэлсэн ярьсан бүх зүйл нотлох баримт болж очино. Хоёр хүн бичиг солилцсон ч тэр бүгд нь очино.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хариултаар нь бол Ерөний сайд цаг алдалгүй огцрох ёстой юм байна. “Оюутолгой”-д Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүн Ерөнхий сайдыг хаацайлсан л хүмүүс байна.  “Рио Тинто”-г төлөөлөөд байгаа юм уу, Монголыг төлөөлөөд байгаа юм уу?.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Том төслөө явуулахын тулд Ерөнхий сайд байдаг юм. Далд уурхайн хөрөнгө оруулалтаар дамжиж ирэх жил 6.7 тэрбумын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ. Та бид хоёр энд маргалдаад хэн нь ч хэнийгээ итгүүлэхгүй. Улс төр ярьсан асуултад улс төрийн хариулт л өгнө. Нэг асуудлаа төгс хийх гээд чөдөрлөөд бид 25 жил явлаа. Чөдөрлөөд яваад байх юм бол “Гоё болж байна, явж байна” гэдэг. Бусад улс орнууд алдаж онож байгаа ч гэсэн явуулж байгаа учраас хөгжиж байна. Одоо гол нь УИХ, Засгийн газар нь хөрөнгөө хийх боломжийг олгох ёстой.

Асуулгатай холбогдуулж, төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дүгнэлтээ хэлсэн юм.

Тэрээр “Оюутолгойн асуудлыг хариуцлагатай, үр ашигтай байлгах тухай яриад байгаа. Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг та бүхэн яагаад ороод хүчингүй болгочих вэ, улс төр орсон учраас бид энд ярьж байна.

Ичихгүй нэг юм худлаа ярилаа. Сүүлийн нэг жилд алдсан боломж 3 тэрбум ам.доллар гэж… Борлуулалтаасаа их алдагдсан боломжтой үйлдвэр гэж юу байдаг юм бэ?.

Монголоос ачигдсан баялгаа тооцохоор дэлхийд гуравт ордог хэрнээ өрийн эрсдэлтэй орнуудын жагсаалтаар Монгол Улс дэлхийд эхний 10 орны жагсаалтад орсон. Яагаад гэвэл “Оюутолгой” компаниас борлуулалтын орлогын 5 хувийг авч байгаа юм чинь аргагүй. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүн 100 мянган ам.доллар авчихаад хэний талд ажиллаад байгаа юм.

Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр “Эрдэнэт” үйлдвэрээс гурав дахин бага байна. Д.Ганболдоо чин нэг өдөр үнэнд гүйцэгдэнэ. Монголдоо амьдрахаар үлдээрэй. Бямбаа Америк руу зугатаж мэднэ, чирч авчирна шүү. Төр үргэлжийн ийм байна гэж бодож болохгүй, цэвэршинэ.

Ийм учраас өнөөдрийн хуралдаанаас асуудлыг холбогдох байнгын хороогоор яръя гэдэг асуудлыг оруулж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ярих уу гэдэг нь гишүүдийн өөрсдийнх нь асуудал.

Ийм тайлбар хийгээд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа.


17.34

“Оюутолгой”-г “Эрдэнэт”-тэй харьцуулах нь буруу

Мэдээлэлд дурдсанаар Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц гэх мэт ажлууд хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж үнэлгээ хийхэд ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байв.

Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зэс хайлуулах үйлдвэр байгуулахыг судалгааны тайлан хийснээр үүргээ биелүүлсэнд тооцно гэснээр зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудал байхгүй болж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч алдаа дутагдал гарсангүй гэлээ, санхүүгийн төлөвлөгөөгүйгээр яагаад энэ гэрээг гэрээг хөндөв.

“Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад “Оюутолгой” компани 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэрнээ яагаад тус үйлдвэрээс бага татвар төлөөд байна вэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 6.1 тэрбумын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалтаар явна. 99 жилийн ТЭЗҮ-г үе шат бүртээ хийж явах дүр зурагтай байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тогтворжуулсан учраас хэлэлцээрийн шатанд өөрчлөгдөх боломжгүй байсан.

Дубайд зурсны дараах гарч байсан далд уурхайн бүтээн байгуулалтын эерэг үзүүлэлт яагаад алга болчих вэ гэж асууж байна. Далд уурхайн ажил үргэлжилнэ. Ирэх арваннэгдүгээр сард багтааж Оюутолгой компанийн олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хийж байгаа ажиллагаа дуусна. Үүгээр дамжиж эерэг үзүүлэлт гарна. ТЭЗҮ нь батлагдсан, олон улсын баталгаагаа гаргуулах ажлаа хийсэн. Засгийн газрын зүгээс хамаарах ажил байхгүй,

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: “Оюутолгойд Монгол Улс 34 хувийг эзэмшдэг. Монголдоо ногдох 34 хувийг зээлээр авсан, энийгээ нөхөөгүй байгаа. Дээр нь ногдол ашгаа авч эхлээгүй. Тийм учраас “Эрдэнэт”-ээс бага байх нь дамжиггүй. Өртөг зардлаа нөхсөний дараа, ногдол ашгаа авдаг болсноор Оюутолгойн Монголд төлөх татвар “Эрдэнэт”-ээс үнэмлэхгүй өсөх нь мэдээж. Тиймээс үүнийг одоо “Эрдэнэт”-тэй харьцуулах нь буруу.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойн менежмэнтийн зардал өссөнийг дурдаад өнгөрөх юм уу. Хяналтгүй асуудал үүсгээд байгаа нь менежмэнтийн зардал. Хэтэрсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн, энийг яах юм.

Төлөвлөгөөгөөр тохирсон зүйлүүд Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдсөн зүйл байхгүй гэдэг хариултыг Ерөнхий сайд та өглөө. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах үеэр ажиллаж байсан хүмүүс “Төлөвлөгөөг баталчихаар Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан зарим зүйлүүд өөрчлөгдөнө” гэж ярих юм. Та бүхний хариултаар Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орохгүй нь үүнийгээ тодруулаач?.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан ажлынхаа хэмжээнд бүрэн эхлээгүй. Өнгөрсөн 2-3 жилийн зарим гацаанаас болоод хэзээ эхлэх нь тодорхойгүй байс. Дубайн гэрээгээр гол ажлаа тохиролцсон учраас буцаагаад ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна. 15 банктай гэрээ зурмагц мөнгө орж ирнэ.

Урьдчилсан гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа, бүрэн хэмжээний ажиллагаа нь зээлийн гэрээ зурагдсаны дараа эхэлнэ. Төлөвлөгөөг зурснаар томоохон маргаан гарахгүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зарим нэг зүйл заалт нь хоёр утгатай, зохицуулалтгүй үлдсэн зүйлүүд байсан. Жишээ нь менежмэнтийн зардал хэтэрчихвэл хэн ямар хариуцлага хүлээх юм бэ. Гэрээг зогсоох юм уу, уурхайг хаах юм уу гэдэг зохицуулалт байгаагүй. Тийм учраас хожим хойно зардлын хэтрэлт гарах юм бол ингэнэ гэдэг хариуцлагын тогтоолцоог хийж өгч, тодорхойгүй зүйлийг тусгасан.  Менежмэнтийн зардал хэтэрсэн биш, үйл ажиллагааны зардал гарсан. Тараасан материалд энэ бүхнийг нарийвчилсан.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж