Трамп сонгуулийн босгон дээр баларч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Трамп сонгуулийн босгон дээр баларч байна

Трамп сонгуулийн босгон дээр баларч байна

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийнх нь карьерыг сүйрүүлээд зогсохгүй, америкчуудын амьдралд аюул дагуулж болзошгүй Иран, БНАСАУ -ын гэнэтийн бэлэгтэй шинэ оныг угтлаа.

АНУ-ын зэвсэгт хүчин Тегеранд 25 хүний амь бүрэлгэснээс болж,  Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам руу босогчид халдаж, Иран АНУ-ын харилцаа ноцтой түвшинд хүрлээ.

Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тун удахгүй цоо шинэ стратегийн зэвсгээ танилцуулахаа зарлажээ. Хэрвээ түүний ярьж байгаа шинэ зэвсэг нь АНУ хүрэх чадвартай тив хоорондын цөмийн цэнэгт пуужин бол Трамп, Ким Жон Ун нарын эв найрамдал эцэслэн номхон далайн сөргөлдөөн болж хувирах аюултай юм.

Дээрх асуудлууд гал дээр тос нэмэх мэт Трампын засаглалын эхний гурван жил дэх гадаад бодлогын маргаантай шийдвэрүүдтэй нийлэн түүнийг дахин ерөнхийлөгчөөр сонгогдох замд нь бул хар чулуу болох шинжтэй байна. Эдгээр хурцадмал байдлыг намжаахын тулд Трампын зүгээс уужуу холч дипломат ухаан, ерөнхийлөгчийн чансааг харуулсан хүчирхэг бодлого, нарийн мэдрэмж хэрэгтэй болов уу. Ямартай ч АНУ-ын Ерөнхийлөгч одоогоор Иранд онцгойлон анхаарал хандуулж байгаа гэнэ. Тэрбээр Исламын улсуудад америкчуудын амьдралд аюул заналхийлж, АНУ-ын чухал цэгүүд рүү халдах нь эргээд АНУ-ын урьд урьдын агаарын дайралтуудаас ч илүү том гайг өөрсдөдөө дуудаж байна хэмээн сануулаад амжжээ.

"Бидний мэдлийн байгууламжийн хагарсан шилний хэлтэрхий бүрт, манай талын хүний толгойноос нь унасан үсний ширхэг бүрт Иран хариуцлага хүлээх ёстой. Тэд энэ үйлдлийнхээ хариуг хөлс, цус, нулимсаараа төлөх болно. Энэ бол сануулга биш. Энэ бол заналхийлэл. Шинэ жилийн мэнд хүргэе!" хэмээн Ерөнхийлөгч Трамп мягмар гариг/2019.12.31/-т твиттерт жиргэжээ. Мөн тэрбээр сэтгүүлчдэд Мар-а-Лаго дахь шинэ жилийн цэнгүүнд оролцож байхдаа "Би дайныг үл хүсч буй ч Иран тэнэглэлээ зоггсоохгүй бол дэлхийн хөрсөн дээр нэг их удаан оршин тогтнохгүй л болов уу. Мэдээж энэ бүхэн тэдэнд таалагдахгүй" хэмээн ярьжээ.

Трамп мөн Мягмар гаригийн орой "Бенгазийн эсрэг" хэмээн жиргэсэн байна. Харин Лхагва гаригт үүсч болзошгүй нөхцөл байдалд Цагаан ордон ихээхэн санаа зовж, Элчин сайдын яамыг хамгаалахаар нэмэлт хүч хэрэглэсэн хэмээн тус захиргааны удирдах албан тушаалтан CNN агентлагт ярьжээ.

Харин судлаачид түүний жиргээг Обамагийн засаглалын үед 2012 онд ливичүүд АНУ-ын Консул руу халдсан үйл явдалтай харьцуулж үзээд, энэ нь хэдий эрсдэлтэй ч Ираны хурцадмал байдалд тохирсон хариулт, ялалт хэмээн үзэж байна. Гэхдээ  дэлхийн хамгийн сайн хамгаалалт бүхий барилгатай Багдад дахь АНУ-ын ЭСЯ-д үүсээд байгаа нөхцөл байдал болон Ливид болсон иргэний дайнд Элчин сайд Кристофер Стивенс амь үрэгдсэн үйл явдлыг харьцуулахад тун бэрх юм.

Гэвч аль ч талаасаа харсан Трамп Иранд нас барсан АНУ-ын ажилтны өшөөг авахаар Тегеранд агаарын дайралт хийж, түүнд нь уурссан босогчид АНУ-ын ЭСЯ-нд халдсан нь Трампын Иранд чиглэсэн хэт дарамт шахалттай бодлогын зайлшгүй үр дагавар гэхэд хилсдэхгүй болов уу.

Трамп Иран болон БНАСАУ-тай холбоотой шийдвэрүүд нь өөрийнх нь улс төрийн хэтийн төлвийг засч, АНУ-ын гадаад бодлого, зорилгыг илүү нарийн болгож өгнө хэмээн итгэж байсан ч шүүмжлэгчид эдгээр нь ямар ч үр дүнд хүрэхгүй хэмээн эртнээс анхааруулж байсан билээ.

Тегераны даган мөрдөж байсан Барак Обамагийн Ираны цөмийн хэлэлцээрийг Трамп цуцалснаар Иранд хүмүүнлэг, эдийн засгийн хямрал авчирсан билээ.

Дээрх цөмийн хэлэлцээр нь Ираны пуужингийн хөтөлбөрийг бүрэн зогсоогоогүй, АНУ-ыг аюултай үйл ажиллагаа, терроризмоос хамгаалаагүй тул түүхэн дэхь хамгийн муу хэлэлцээрүүдийн нэг байсан хэмээн Вашингтон үздэг ажээ. Харин Трампын төлөвлөгөөний зорилго нь тегеранчууд шашны дэглэмээсээ татгалзах эсвэл иранчууд илүү хатуу нөхцөлтэй цөмийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцээрийн ширээнд буцан суухад оршиж байгаа юм.

Харин хэдэн арван жилийн турш засгийн газрын эсрэг хийсэн хүчтэй жагсаалуудыг эс тооцвол дэглэм нурах ямар ч шинж алга хэмээн олон шинжээчид үзэж байна. Мөн бодит байдал дээр Трампын хатуу бодлого Иранчуудыг улам догшин, ширүүн, дошин дээрээ атамаан болгож байгаа нь түүний дээрх зорилгын эсрэг зүйл болоод байна.

"Трамп өөрийнхөө засаглалын эрин үед Иранд хамгийн их дарамт шахалт үзүүлэхээ анхнаасаа мэдэгдсэн ч өдгөө үр дүн нь олон улсын худалдаанд илүү аюул заналхийлж, Ойрхи Дорнодод хүчирхийлэл, халдлагууд ихэссэн. Харин одоо Иракад Америкийн иргэн амиа алдлаа" хэмээн Нью Жерсигийн ардчилсан сенатч, сенатын гадаад харилцааны хорооны тэргүүлэх гишүүн Боб Менендес ярьжээ. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тэргүүтэй хатуу чанга эрх баригчдын бүтээсэн АНУ-ын бодлогын хариуд иранчууд Обамагийн үед ч цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байсан билээ.

ТРАМПЫН НЭР ХҮНД ИРАКАД ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ БАЙНА

Цагаан ордон дайны хүсээгүй ба уг агаарын довтолгооноос үүдсэн хоёр улсын үл ойлголцол удалгүй эцэслэж, энэхүү хямрал мөргөлдөөн удахгүй дуусаасай хэмээн найдаж байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч байдал сайжрахгүй бол АНУ, Иран хоёрын хооронд удаан хугацаанд байгаагүй аюултай хямрал мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй байна. Учир нь, Трамп болон иранчуудын нэр хүндэд гүн нөлөөлсөн энэхүү нөхцөл байдал, хоёр талын аюултай шийдвэрүүд  улам илүү үл ойлголцолд хөтөлж болзошгүй аж. Мөн Трампын Иранд чиглэсэн хатуу бодлогоос харахад хэрэг явдлыг эхэлсэн даруй дэвэргэлгүй хязгаарлах арьсаа хамгаалах арга байхгүй бололтой.

Трампын хувьд энэхүү нөхцөл байдал халиуны зулзага шиг хаданд хавчуулж орхиод байна. Тэрбээр нэг талаас хатуу ширүүн харагдахыг хичээдэг ч нөгөө талаас удирдагчийн хувьд өөрийн зөв гэж бодсоноо хийдэг хүн хэмээн харагдахыг зорьдог хүн юм. Гэхдээ хамгийн гол нь тэрбээр энэ жилийн сонгуульд дахин нэр дэвших гэж байгаа учир гадаад харилцааг ээдрээтэй болгохгүй байх, өөрийн алтан дүрмээ баримталж, нэр төрөө сэвтээхгүй байхад анхаарах хэрэгтэй билээ.

Зургадугаар сард Тегераны хүчин АНУ-ын нисгэгчгүй онгоцыг буудаж унаган, газрын тосны хөлөг онгоц руу дайрсны дараа Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааны хэтийн төлөвийг үл ойшоож байсан билээ.

Иран Трампыг дахин ийм алхам хийнэ гэж таамаглаж байлаа ч хэрэв Трамп тэдний санаснаар хөдлөхгүй бол томоохон үл ойлголцолд хүрч, бүх зүйл хяналтаас гарч болзошгүй юм. 1980 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-нд хувьсгалчид халдаж, олон хүмүүс барьцаалагдсан нь сонгуульд Жимми Картер сонгогдоход нөлөөлж байсан явдалтай энэхүү Багдад дахь АНУ-ын ЭСЯ-руу халдсан нь түүхэн давхцал болж байна.

Энэхүү түүхэн явдлаас суралцах нь Трампын хувьд тийм ч хэцүү биш бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд оролцоход нь их чухал билээ. Гэвч Трамп бол тааварлахын аргагүй хүн. Сүүлийн хэдэн өдөрт үүсээд байгаа хурцадмал байдлаас харахад тэрбээр ямар ч сургамж авахгүй байж ч магадгүй байна.

АНУ-ын ЭСЯ-руу халдсан нь Иранчуудын зүгээс 17 жилийн өмнөх Саддам Хуссейн АНУ-ын эсрэг довтлон ялалт байгуулж байх үед АНУ-ын дипломатчид болон цэргүүд хэрхэн хүчин мөхөсдөж байсныг сануулах нэгэн сануулга болж байна. Ийм нөхцөлд харин Трамп нэг л өдөр Ойрхи Дорнод дахь бүх иргэдээ гэнэтхэн л эх оронд нь буцаан татах шийдвэр гаргачих нь боломжгүй зүйл биш билээ. Хэрэв тэгвэл Трампыг Иранд бууж өглөө хэмээн буруушаах нөхцөл үүсэх ч эсрэгээрээ бас Трампын нэг мөрийн хөтөлбөр биеллээ хэмээн сайшаах үндэслэл гарч ирэх юм.

ТРАМП КИМ ЖОН УН ХОЁР ТҮНЖИН ХАГАРАХ УУ?

Хамгийн их доромжлогдсон дарангуйлагч хэмээгдэх болсон Ким Жон Ун ерөнхийлөгч Трамптай гурван ч удаа биечлэн уулзсан боловч АНУ-ын хориг арга хэмжээнүүдээс өчүүхэн ч зөөлрүүлж чадаагүй нь БНАСАУ-ын дайсагналыг дахин төрүүлж байна. Харин Трампын хувьд Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоосон гэдэг нь дахин нэр дэвшихдээ урдаа барих ганц зүйл нь учир хэрвээ БНАСАУ-тай дайсагналцвал түүнд их гарз хохиролтой юм.

Трамп хэдий Кимтэй уулзахыг санаачилсан, АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг болиулсан ч Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх түүний бодлого одоог хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй хэвээр байгаа билээ. Харин 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнаас хойшхи ширүүн тэмцлүүдийг намжаах тал дээр бол Трамп өмнөх ерөнхийлөгчийнхөө адил их ахиц гаргасан нь үнэн. Ким, хамраа сөхсөн Трамп хоёрын амжилтгүй дээд хэмжээний уулзалтуудын дараа БНАСАУ ийнхүү өдөөн хатгасан туршилтаа хийчихвэл АНУ-ын ерөнхийлөгч хэрхэн хариу үзүүлэхийг таамаглахад бэрх байна.

Трамп эргээд Кимийг уур хилэнгийнхээ галд шатаахаар довтлохыг үгүйсгэх аргагүй ч сонгууль болох гэж буй жил Ким Жон Унтай элдэв асуудал үүсгэх нь түүний гадаад бодлогыг бүтэлгүй харагдуулахын зэрэгцээ 38-р өргөрөгт оршин байгаа олон мянган АНУ-ын цэрэг болоод БНСУ-ын гэмгүй энгийн ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж болзошгүй юм.

Мягмар гаригт болсон эрх баригч намын уулзалтад Ким Жон Ун “Хэрэв АНУ БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого баримталсан хэвээр байвал Солонгосын Хойг хэзээ ч цөмийн зэвсэггүй болохгүй” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр "Тун удахгүй хорвоо дэлхийн тунгалаг мэлмий миний цоо шинэ цөмийн зэвсгийн туршилтын гэрч болж булингартах болно” гэж мэдэгдсэн нь БНАСАУ цөмийн бөмбөгийн туршилтаа үргэлжлүүлэх гэж байгааг илэрхийлж байна.

Помпео Мягмар гаригт Fox мэдээллийн агентлагт Ким Жон Ун-ыг зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин баярын цэнгүүнд оролцож яваа Трамп Кимийн хэлсэн бүхнийг үл ойшоон энэ бүх асуудалд эергээр хандаж, "Ким бол хэлсэндээ хүрдэг залуу. Түүний яриад байсан зул сарын бэлэг нь сайхан цэцгийн ваар гэж би бодож байна" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж