Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болжээ

Өнгөрсөн хавар, зун, намрын турш ХХААЯ-ын сайд Р.Бурмаа газар тариалангийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгж түүний эзэдтэй тэмцэл хийж өнгөрөөсөн ч үр дүн гараагүй, улсын хэмжээнд ургацаа алдаж, дараа дараагийн хүндрэлүүд үүсэх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Гурилын үнэ нэмэгдсэн, хомсдолд орсон.

Харин талх, гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдсэн Р.Бурмаа сайдын амлалт биелэхээсээ нэгэнт өнгөрчээ. Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл хямд, чанартай гурил хайн, ОХУ-аар нэг хэрэн хэсч яваа тухайгаа өөрийн цахим хуудсандаа өгүүлсэн байна. Хэдийгээр гол түүхий эдээ олох боломжтой ч ХХААЯ-аас хамаарсан дараа дараагийн хүнд суртлууд түүнийг хүлээж байгаа.

“Талх Чихэр” ХК-ийн хувьд бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тухай ХХААЯ-тай санамж бичиг байгуулсан ч яамны удирдлагууд хүлээсэн үүрэг, өгсөн амлалтаа биелүүлээгүй улмаас хэрэглэгчдэдээ хүргэх үнийг хязгаарлах боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн “Атар Өргөө” ХК-ийн холбогдох мэргэжилтнүүдийн өгүүлснээр “Атар” талхныхаа үнийг 1200 төгрөгөөр худалдах болсноо тун удахгүй зарлах аж. Энэ мэт хүрдрэлүүдтэй Р.Бурмаа сайд нүүр тулах нь нэгэнт тодорхой болсон ч эцсийн дүнд ард түмэн хохиров бололтой. Цаашдаа байдал улам хүнд болох, магадгүй гурил, гурилан бүтээгдэхүүний хомсдол бий болж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.

Харин Хөдөө аж ахуйн сайдын хувьд улаанбуудай тариалагчид, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн итгэлийг алдсан бол тун удахгүй махны үйлдвэрүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүзй төлөө хариуцлага хүлээж магадгүй байна. Тодруулбал, нөөцийн мах бэлтгэлийн компаниудын өнгөрсөн онд гүйцэтгэсэн ажлын зардлыг өнөөдөр болтол олгоогүй тул аж ахуй нэгжүүд хаалгаа барихад хүрсэн байна.

Иймд салбар хариуцсан сайдаасаа нэн даруй арга хэмжээ авахыг гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шаардаж байгаа гэнэ. 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж