За гэвэл ёогүй &#34Хүрхрээ&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

За гэвэл ёогүй &#34Хүрхрээ&#34

Монголын хөлбөмбөгийн холбоо  2015 оны үндэсний дээд лигийн тэмцээнээ хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанитай хамтран амжилттай зохион байгууллаа.

“Арвайн Үндэс” компани хөлбөмбөгийн спортыг дэмжиж, дотоодын лигийг өндөр түвшинд хүргэх хэтийн төлөвийг баримтлан, дөрвөн жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээг Монголын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан юм. Энэ хүрээнд “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагналын нийт сан 100 сая төгрөг бөгөөд  “Хүрхрээ 1-Р ЛИГ” тэмцээний шагналын сан 25 сая төгрөг байхаар үзэглэсэн билээ.

"Арвайн үндэс" компани Монголын хөлбөмбөгийн спортыг дэмжсэн энэхүү амлалтаа биелүүлж, “Хүрхрээ” дээд лигт амжилтаараа тэргүүлсэн баг, тамирчдад өнөөдөр амласан мөнгөн шагналаа гардуулан өглөө.

Ингэхдээ эхний гурван байрт орсон багт 40, 30, 20 сая төгрөгийн шагналыг, шилдгээр шалгарсан тоглогч тус бүрийн гарт 10 сая төгрөгийг бэлнээр гардуулсан нь онцлог байлаа.

Ивээн тэтгэгч болон хөгжөөн дэмжигчгүйгээр дэлхий дээр ямар ч спортын төрөл амжилт олж байсан түүх байхгүй. Манай монголд ч гэсэн мөн ялгаагүй. Сайн спонсор бол спортын хөгжил гэж товчхоноор тодорхойлж болно.

МХБХ-ны зүгээс хөлбөмбөгийн спортын үнэлэмжийг дотоодоо өсгөх, мөн хөлбөмбөгийн тамирчид жирийн ажилтай иргэдээс дутуугуй амьдарч болох тийм орчинг бүрдүүлэхийг зорьж яваа. Үүний тулд санхүүгийн байнгын итгэлтай найдвартай хамтрагч маш чухал. Тийм учир “Арвайн үндэс” ХХК-тэй хамтраад дөрвөн жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна гэдгээ МХБХ-ны ерөнхийлөгч  А.Ганбаатар мэдэгдэв.

Тэрбээр "Арвайн үндэс ХХК-тэй хамтраад бид Монгол Улсад байхгүй өндөр шагналын сантай тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Энэ нь цаашдаа маш олон тоглогчдыг мэргэжлийн хөлбөмбөгчин болгох талд том түлхэц, урам болно гэдэг итгэлтэй байна.  Бид алийн болгон гадны лигийн тамирчдыг шүтэж, тэдний талаар, гадны улсын баг, клубын  тоглолтыг шөнө оройгүй үзэж, хоорондоо ярилцаж байх билээ. Монгол тоглогчдоороо бахархаж, “Хүрхрээ” лигийнхээ тоглолтыг тогтмол үзэж, Монголын хөлбөмбөгийн клубүүд мянга мянган хөгжөөн дэмжигч, үнэнч фанаттай болох боломж бидний хамтын ажиллагааны үр дүнд  бий болох болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.

Өнгөрсөн тавдугаар сарын 16-нд эхэлж байсан “Хүрхрээ” дээд лиг хөлбөмбөгийн спортын түүхэнд олон шинэлэг тодотголтой улирал болон үлдэж байна.

Өөрөөр хэлбэл, хамгийн олон баг оролцсон, хамгийн олон гоол орсон, хамгийн олон легионер тамирчид хүрэлцэн ирсэн, хамгийн өндөр шагналын сантай, хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон тоглолтыг телевизээр эх орон даяар, сошиал ертөнцөөр дэлхий даяар шууд дамжуулсан улирал байлаа. Ирэх жилийн наадам хол байна даа хол байна хэмээн үндэсний их баяр наадмаа хүлээдэг шиг дараа жилийн “Хүрхрээ лигийг хүлээх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Б.БАЯСАХ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж