Дэлхийн допингийн эсрэг агентлагийн /WADA/ ерөнхийлөгч, польш эр Витольд Банька өчигдөр /2020.01.01/албан үүрэгт ажлаа хүлээн авчээ. Албан үүргээ хүлээн авсан даруйдаа тэрбээр “цэвэр” тамирчдыг хамгаалахын төлөө бүхий л боломжит ажлыг хийх болно гэдгээ мэдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр твиттертээ мэдэгдсэн байна.
“WADA-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд байх ойрын хугацаанд маш том хариуцлага ирж байна. “Цэвэр” тамирчдын эрхийг хамгаалахын тулд бүхий л боломжит арга хэмжээг авахыг хүсч байна. Мөн тэдэнд зориулсан допинггүй орчин бүрдүүлнэ” гэжээ.
WADA –ийн шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2019 оны арваннэгдүгээр сард болсон. Банька бол WADA-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигч. Түүнийг Европын холбоо дэмжиж буйгаа илэрхийлсэн юм байна. Хөнгөн атлетикийн тамирчин байсан тэрбээр зодог тайлж, улс төрд 2015 онд орж ирсэн бөгөөд Польшийн аялал жуулчлал, спортын сайдаар ажиллаж байсан билээ.
Банька 2007 оны хөнгөн атлетикийн дэлхийн аваргын хүрэл медальт бөгөөд “Универсиад-2007” багийн төрөлд алтан медаль, “Универсиад -2009” тэмцээний мөнгөн медаль тус тус хүртэж байв.
ОЛИМПИЙН НААДАМ БОЛ УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХЛЫН ТАЛБАР БИШ
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шинэ ерөнхийлөгч мэдэгдэл хийсний дараахан олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах шинэ жилийн мэндчилгээндээ олимпийн наадам бол улс төрийн ашиг сонирхлын талбар биш, энэ бол тамирчдад зориулсан дэлхийн талбар гэдгийг мэдэгдэв.
Тэрбээр 2019 оноо дүгнэн ярихдаа "Олон улсын Олимпийн хороо олимпийн наадамд итгэх итгэлийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал, “цэвэр” тамирчдыг хамгаалахын төлөө төлөвлөгөө боловсруулах үүргийг өөр дээрээ авсан. Үүнд бид 10 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна. Энэ бол допингтой тэмцэх чухал алхам” гэв.
Ингэхдээ тэрбээр зуны олимпийн наадамд Токиод эхэлнэ. Дэлхий даяар энэ наадмыг хэрхэн зохион байгуулагдах бол гэж анхааралтай ажиглаж байна. Миний хувьд Токио олимпийн наадамд маш сайн бэлдэж байна. Би өмнө нь зохион байгуулагч орон ингэж олимпийн наадамд чухал ач холбогдол өгч байхыг хараагүй. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад бэлэн болсон" гэв.