Х.Мөнхжин: 30 хүрч байж гэрлэх санал тавина

Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Х.Мөнхжин: 30 хүрч байж гэрлэх санал тавина

Х.Мөнхжин: 30 хүрч байж гэрлэх санал тавина

Дамбын Хишгээ гэдэг нэрээрээ олонд танигдсан Монголын томоохон бизнесмэн Д.Хишигжаргалын бага хүү Мөнхжин тархины саажилттай бяцхан хүүд туслах хандивын аяныг амжилттай өрнүүлж, шинэ оны өмнөхөн нэгэн гэр бүлийг байранд оруулаад байна.

Тэрбээр 25 настай, цэргийн албанаас өнгөрөгч аравдугаар сард халагдан иржээ. Цэргийн албанд байхдаа “Морьтон цэргийн зөвлөл”-ийг байгуулж, үе тэнгийн найз нөхдөө зөв зүйлд уриалах болсон байна. Ингээд ихийг хийж, бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөн яваа залуугийн ярилцлагыг хүргэе.


-Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярласан уу. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хишигжаргалын Мөнхжин гэдэг. Одоо 25 настай. Би БНХАУ-ын Бээжингийн их сургуулийг Захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн. Их сургуулийнхаа улс төрийн факультетыг төгссөн анхны монгол оюутан. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн жирийн л нэг монгол залуу байна даа.

-Хэвтэрт байдаг Э.Билэгсайхан хүүгийн гэр бүлд тусалж, хандив цуглуулан шинэ оны өмнөхөн байранд оруулсан талаар дуулсан. Хандивын аяныхаа талаар яриач. Хэр олон хүн дэмжиж, хандив өгсөн бэ?

-Маш их баяртай байна. Бид бүхэн Э.Билэгсайхан хүүгийнхээ гэр бүлийг шинэ оны өмнө амжиж байранд нь оруулахыг зорьж ажилласан. Хандив цуглуулж “Дамбын Хишгээгийн хүү Мөнхжин байр авч өглөө” гэдгээсээ илүүтэй Монголын олон сайхан залуус нэгдэж, энэ хүүд байр авч өгсөн гэж хэлж болно. Орчин цагийн залуус бие биенээ их дэмждэг болсон байна. Магадгүй хэн нэгэн энэ сэдлийг төрүүлж, уриалах л дутуу байсан юм шиг санагдсан. Бид 13 хоногийн дотор нэгдэж, хандивын аянаа маш амжилттай зохион байгуулж чадлаа.

Би анх “Зэвүүн яриа” телевизийн нэвтрүүлэгт оролцсоны дараа фэйсбүүкийн “Мөрөөдөл” группийн  нэг бүсгүй надтай утсаар холбогдож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэгээд надад энэ хүүгийн тухай ярьж өгсөн юм. Хүүгийн гэр бүлд өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа “Хоёр өрөө байранд оруулж өгнө” гэж амлаж байсан юм билээ. Нэг гэр бүлийг шууд байранд оруулж өгнө гэдэг хэцүү л дээ. Тухайн үедээ байранд оруулж өгч чадаагүй гэсэн. Тэгээд л “Яагаад залуус нэгдэж, байранд оруулж өгч болохгүй гэж” гэдэг үүднээс зүтгэсэн, бүтсэн.

-Өвлийн хүйтэнд нэг ч гэсэн айл тохь тухтай дулаан байртай болжээ. Тэд маань маш их баярласан байх даа?

-Шинэ оны баярын өдөр /2019.12.31/ над руу Э.Билэгсайхан хүүгийн ээж нь утасдаж, баярын мэнд хүргэсэн. Надад тэр мэндчилгээ нь хамгийн сайхан санагдлаа. Хүмүүс чинь шинэ оны баярын мэндийг ойр дотны хүндээ л хэлдэг шүү дээ. Ер нь сүүлийн үед хүмүүсийн сайхан сэтгэл, гоё энергиэр цэнэглэгддэг болоод байна. /инээв/

-Энэ бүхэн дөнгөж эхлэл байх. Аливаа зүйлийг хийж, бүтээх санаачлагыг гаргахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Залуу хүнийхээ хувьд ирээдүйд хийж, бүтээхийг хүссэн зүйл маш их байна. Би одоо 25 настай. Энэ хорвоо дээр хэний ч гуйгаад олдохгүй хамгийн сайхан нас гэж боддог. Тиймээс би залуу насаа үнэ цэнэтэй өнгөрүүлэхийг хүсч байна. Сая 25 насандаа цэргийн албанаас халагдлаа. Энэ бүхэн дөнгөж эхлэл. Гэхдээ Монголд аливаа юмыг хийж бүтээхэд зориг зүрх их шаарддаг юм байна. “Сайны хажуугаар саар” гэгчээр зүв зүгээр байж байгаад хүнд доромжлуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Зарим хүн сошиалд бас л гомдмоор сэтгэгдэл бичиж байна лээ. Миний хувьд анх удаа л ийм байдалд орж байна. Тэр сэтгэгдлүүдийг уншаад эмэгтэй хүмүүсийг л их өрөвдлөө. Эмэгтэйчүүдэд их эмзгээр тусна шүү дээ. Мань мэт бол яах вэ дээ.

Миний хийж буй ажлыг эргэн тойрныхон маань маш их дэмжсэн. Жишээлбэл, ресторан ажиллуулдаг найз маань нэг, хоёр сая төгрөг хандивлаж, тооцоо болгоныхоо хоёр хувийг сайн үйлсийн аянд зориулъя гэдэг санаачлагыг хүртэл гаргаж байсан.

-Аяны хүрээнд хэдэн сая төгрөг цугларсан бэ?

-Нийт 31 сая 40 мянган төгрөг цугларсан. Өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандивын аянаа зогсоосныг мэдэгдсэн. Тархины саажилттай Э.Билэгсайхан хүүгийн гэр бүлийг Багануур дүүрэгт хоёр өрөө байранд оруулсан. Байр зарсан залуу маань өдөржингөө надтай хамт явж, бүх зүйлсийг нь цуглуулсан. Би байраа авчихаад “Яаж хоосон байранд оруулах вэ” гээд үлдсэн мөнгөөр нь хивс авч өгсөн юм.

-Х.Мөнхжин хандив цуглуулахын тулд зах дээр ажил хийсэн шүү дээ. Хэдэн өдөр ажилласан юм бэ?

-Би зах дээр нэг өдөр ачигчаар ажиллаж, тэр өдрөө 7000 төгрөгийн орлого олсон. Хамгийн гол нь тэр 7000 төгрөгийн их, багадаа биш л дээ. Зарим хүмүүс намайг “Улс төр хийгээд байгаа юм уу” гэж шүүмжилж байсан. Тухайн үед би өөрөө тайлбараа буруу хийсэн байж магадгүй. Сошиалд 44 мянган дагагчтай учраас үүнийгээ дагаад маш том хариуцлага ирдэг юм билээ. Бага гэлтгүй өөрийн санаагаа зөв хүргэх ёстой юм байна.

Би өнөөдөр 7000 төгрөгийг өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс аваад хандивлаж болно. Хамгийн гол нь хандив цуглуулахын тулд зүгээр суугаагүй юм шүү гэдгээ харуулахыг хүссэн. Би гэртээ зурагт үзээд л утсаа оролдож “Хүмүүсээс хандив өгөхийг гуйж байна” гээд суухыг хүсээгүй. Яагаад залуу хүн мөнгө гуйгаад суугаад байх ёстой гэж. Би “Морьтон цэргийн зөвлөл”-ийнхөө залуустай хамтран тэр өдөр энд тэнд очиж, ажил хийж, бага гэлтгүй орлогоо хандивласан. Хамгийн амархан олдож байсан ажил бол ачигч байсан. Зарим найз маань машины граш, бүр айл очиж цэвэрлэсэн. Зүгээр суугаад хандив цуглуулахыг хүсээгүй учраас ажил хийсэн.

-Анх хэдэн насандаа өөрөө ажил хийж, хөлс, хүчээрээ мөнгө олж байв?

-Улаанбаатар хотноо Зүүн Ази дахь орнуудын бизнес форум 2008 онд болж, би тэнд хятад хэлний орчуулагчаар ажиллаж байлаа. Харин биеийн хүчний ажил хийх нь тийм ч амар ажил биш гэдгийг Солонгос улсад байхдаа мэдэрсэн. Би Солонгос улсад сурч байхдаа айл нүүлгэдэг ажил хийж байсан. Тухайн үед өглөөний 06.00 цагт портер машины чиргүүл дээр сууж гараад, орой 20.00 цагт ажлаа хийж дуусгана. Тэр үед 80 мянган вон авч байсан маань хамгийн сайхан амттай байсан.

-Мөнгөтэй айлын хөвгүүд цэргийн алба хаадаггүй. Ихэвчлэн гадаадад суралцаж, аялж зугаалдаг гэдэг нийтлэг ойлголт байдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Би 18 наснаасаа хойш өнөөдрийг хүртэлх ажлуудаа төлөвлөчихсөн байсан юм шиг. Тэрэндээ өөрөө маш их баярладаг. Өнгөрсөн хугацаанд бүх анхаарлаа сурах зорилгодоо хандуулсан байсан. Анх 18 насандаа Бээжингийн их сургуульд орох шалгалтандаа бэлтгэж байлаа. Бээжингийн их сургуульд тийм амар ордоггүй. Жил бүр дэлхийн хэмжээнд есөн сая хүүхэд шалгалт өгч, 3000 хүүхдийг тэнцүүлдэг. Тэгээд их сургуульдаа таван жил сурч, энэ жил төгссөн. Их сургуулиа төгсөөд цэрэгт явна гэж бодож байсан учраас аравдугаар сард цэрэгт явсан.

Би баян айлын хөвгүүд цэргийн алба хаадаггүй гэдгийг худлаа гэж хэлэхгүй ээ. Миний хувьд олон айлын залуус дунд өөрийгөө л олж авахыг хүссэн. Тийм учраас өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Цэргийн албанд бүгд ижил хувцастай, чиний ямар утас барьж, ямар машин унах нь хэнд ч хамаагүй. Гэхдээ ямар ч орноор аялж, хэдэн ч их сургуульд суралцсан байсан ч хил дээр алба хааж буй залуусыг хамгийн азтай залуус гэж боддог.

-Тэндээс насан туршийн анд найзаа олж чадсан уу?

-Чадсан. Тэнд миний хэний хэн байх нь тийм ч чухал биш. Зөвхөн "чи хэн бэ?” гэдгээр нь найзалж, нөхөрлөдөг. Дээрээс нь хүнийг жаргалтай байхад нөхөрлөсөн найз биш хамтдаа даарч, шөнө манаанд гарч байхад өөрийнхөө унтах цагаас хумсалж, цай чанаж аваачих нөхөрлөл надад хамгаас илүү сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хамт алба хаасан н.Өсөхбаяр найз маань одоо ч надтай хамт амьдардаг. Бид хоёр отряддоо бие биенийгээ дэмжиж, хурцалж, өрсөлддөг байсан юм.

Би чинь тийм баян айлын хүүхэд биш шүү дээ. Цэргийн албанд хэн нэгэнд тусгай хандах боломж байдаггүй гэдгийг цэрэгт явсан хүн л мэднэ. Мэдэхгүй хүмүүс л янз бүрээр ярьдаг байх.

-Цэргийн албанд явах шийдвэрийг аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай ээж анхандаа дургүй байсан. Намайг магистраа хамгаалж, их сургуульдаа суралц. Одоо 25 нас хүрчихээд цэрэгт явна гэж юу байдаг юм бэ” гэж байсан. Харин аав маань “Миний хүү өөрөө мэд” гэсэн. Аав маань залуудаа хүндэт харуулын ангид алба хааж, Маршал Ю.Цэдэнбал агсанд цэцэг өргөж явсан тухайгаа ярьдаг юм. Тэр ч үүднээс цэрэгт явахыг минь дэмжиж байсан.

-Яагаад заавал хилийн отрядыг сонгож, алба хаах болов?

-Надад хэд хэдэн ангийн санал ирсэн. Би хотод цэргийн алба хаавал найз нөхөд маань байнга ирээд амралтын өдөр чөлөөгөөр гараад тэрний оронд яваагүй нь дээр болно. Нэгэнт л алба хааж байгаа юм чинь хамгийн хол Дорнод аймагт Мэнэнгийн отряд буюу хилийн 0306 дугаар ангид алба хаах хүсэлтээ өгсөн.

Энэ дашрамд ангийнхандаа дахин “Оны шилдэг отряд” болсонд баяр хүргэе. Миний амьдралын хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцсэн онжавууд, дарга нартаа баярлалаа. Манай найзууд эхэндээ надад итгэхгүй байсан. Сүүлд тангарагийн баяраар гэр бүлийнхэнтэйгээ зураг авахуулахад л “Одоо л итгэж байна” гэж бичсэн байсан.

-Цэргийн албанд байхдаа “Морьтон цэргийн зөвлөлөө байгуулсан гэсэн үү?

-Би гуравдугаар курст гэрээсээ хол байхдаа маш их зүйл боддог байсан. Би цэрэгт яваад залуусыгаа зөв юманд уриалж, тэндээ холимог тулаан, англи хэл заахыг мөрөөднө гэдэг байсан. Эргээд харахаар 80 хувьтай хүслээ биелүүлж, алба хаасан.

Тэгээд найзтайгаа хамтран цэрэгт цэргийн зөвлөлөө байгуулж, цэргийн ангидаа хэрэгтэй байгаа зүйлсийг авч эхэлсэн. Хилийн манаанд зогсч байхдаа хотод очоод энэ зөвлөлөө байгуулж, монгол улсад цэргийн алба хаасан залуус хариуцлагатайгаар нэгдэж, нийгмийг эрүүлжүүлэх эерэг ажлыг хийж бүтээхийг хүссэн. Уг зөвлөл маань байгуулагдсан даруйдаа хоёр том ажлын ард гарлаа. Эхнийх нь “Ид шидийн орон-2” төслийн бүтээн байгуулалтын газар шорооны ажлыг нь хийж өгсөн. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй Э.Билэгсайхан дүүгийн гэр бүлийг байранд оруулж чадлаа.

-Хүмүүс аавыг нь сайн мэддэг. Ээжийгээ бидэнд танилцуулж болох уу?

-Намайг бага байхаас л манай аав их хүнд тусалдаг хүн байсан. Ээж маань дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Хувиараа гэр ахуйн бараа гадаадаас оруулж ирж зардаг. Ээжийн минь өрөвч зөөлөн сэтгэл надад их нөлөөлсөн биз. Аав, ээж хоёр нийлэхээрээ байнга тэр хүнд туслах уу гээд яриад сууж байдаг. Би ахтайгаа ийм л хайранд дунд өссөн. Дэлхийн хамгийн агуу хүн бол ээж гэдэг. Ээжийн маань аавыг хайрладаг хайр яг л Ромьео Жульеттагийн хайр шиг санагддаг. Ээждээ маш их хайртай шүү.

-Тэгвэл гэр бүл төлөвлөлтийн хувьд ямар бодолтой явдаг бол?

-Би өөрийгөө гэр бүлтэй болох болоогүй гэж боддог. Ямар ч байсан 30 нас дөхүүлж байж гэр бүлээ төлөвлөх байх. Жаахан сахилгагүй залуу. Хэн нэгний нүд рүү нь харж байгаад “Насан туршдаа хамтдаа амьдарч, зөвхөн чамайг хайрлана” гэдэг бодол эр хүний хувьд орж ирсэн цагт бахархалтайгаар хайртай хүнийхээ өмнө өвдөг сөгдөөд гэрлэх санал тавина гэж боддог. Одоо найз охин байхгүй. /инээв/

-Ер нь Х.Мөнхжин хэр шоуддаг вэ?

-Би 15 наснаасаа хойш гадуур их сайн тэнэсэн дээ. Тиймдээ олон хүнтэй танилцаж, олон найз нөхөдтэй болсон. Тэр чинээгээрээ олон зүйлийг ойлгож, суралцсан. Залуу хүн тааруулаад л шоудах гоё. Залуу нас дахин олдохгүй шүү дээ. Тийм болохоор залуу насыг утгаар нь эдэлж, мэдрэх ёстой гэж боддог: Том фестивальд явах дуртай. Гэхдээ аль болох залуус маань спиртээс татгалзаж, спортлог байх хэрэгтэй.

-Цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байна вэ. Хувийн бизнесээ эрхлэх үү?

-Надад юу л байна залуу насны эрч хүч байна. Би саяхнаас хөхүүрийн айргийг дэвшилтэт технологи ашиглан савлан борлуулдаг бизнес эхлүүлж байгаа. Монголчууд айраг уухын тулд заавал хөдөө явах шаардлагагүй болсон гэсэн үг. Хүссэн дэлгүүрээсээ айраг худалдан авах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө монголчуудын уламжлалт хөхүүрийн айраг ЮНЕСКО-д бүртгэгдлээ. Монгол түмний ундаа идээ гэдэг утгаараа анхны бизнесээ эхлүүлж байгаад баяртай байна.

Миний хийж бүтээж буй ажлууд эргээд хүүхэд, залууст хэрэг болж байгаасай гэж хүсдэг.  Ер нь монголчууд хүнд итгэхээ больчихжээ. Хартай авгай шиг л байх юм. Би зүгээр л хүнд тусалж болохгүй гэж үү. Яагаад залуусыг сайн сайхан руу уриалж болдоггүй юм бэ. Би улс төрд орохгүй гэдгээ албан ёсоор хэлье. Зарим хүмүүс “Аав нь хүүгээ улс төрд бэлтгэж байна” гэж андуурч, харааж, зүхэж байх шиг байна лээ. Бид дээд үеэрээ хүлээн зөвшөөрүүлж, энэ нийгмийг эрүүлжүүлмээр байна. Энэ нийгэм хангалттай хар бараан байна. Бидний дараагийн үе улсдаа дургүй болж өсч болохгүй шүү дээ. Одоо залуус бид нийгмээ эрүүлжүүлэх цаг нь ирсэн гэдгийг хэлмээр байна.

Нэг талаараа хүмүүс намайг хардах нь аргагүй биз. Би Бээжингийн их сургуулийг улстөрч мэргэжлээр төгсч, цэргийн албанд явахаар тэгж ойлгоод байгаа байх. Миний хувьд заавал өндөр албан тушаал, эрх мэдэлтэй байж юм хийнэ гэсэн үг биш шүү дээ. Магадгүй эрх мэдэлтэй хүн нийгэмд илүү хүчтэй байж болох ч эх орноо гэсэн сэтгэл байхад хэнд ч хийж чадах маш их байна. Хамгийн түрүүнд нийгмээ эрүүл, зөв болгомоор байна. Алдарт яруу найрагч О.Дашбалбар агсан хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэн бүр дэлхийн хаана ч очсон толгой гудайхгүй, өөртөө итгэлтэй зогсч байгаа цагт бидний хэдэн нөхөд үүрд мартагдсан ч яахав” гэсэн байдаг. Орчин цагийн залуус маш чадварлаг, мундаг болсон гэдгийг харуулах цаг болсон. Энэ бүхэн зөвхөн миний хийсэн ажил биш. Залуусын маань хичээл зүтгэл юм шүү. Миний зорилго, мөрөөдөл эхнээсээ биелж байгаад баяртай байна. Би хүн болгонд байр, мөнгө босгож өгч чадахгүй. Харин ирээдүйд хүүхэд, залуусынхаа оюунд нь тэрнээс үнэтэй амьдралын зөв дадал хэвшил, хүсэл мөрөөдөлд нь өөрийн чадах чинээгээрээ хөрөнгө оруулахыг хүсч байна.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
118
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж