Шалгалтад бүдэрсэн компаниудын гэрээг цуцлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Шалгалтад бүдэрсэн компаниудын гэрээг цуцлахаар боллоо

Өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар түр зогсолт нэрийдлээр иргэдийг явгаруулж, үндэслэлгүйгээр ажил хаясан автобусны хувийн компаниудыг шалгах шийдвэрийг гаргасан. Хэрэв компаниуд гэрээ зөрчиж ажилласан байвал хамтран ажиллах гэрээгээ цуцалж, дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана гэдгээ нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдлээ. Харин автобусны сэлгэн суултын төлбөрийг иргэдэд хөнгөлж өгөх үү?, эсвэл төр хариуцах уу. Мөн компаниудын ажлын цагийн хөлсийг ямар хэмжээтэйгээр тогтоох вэ  гэдгийг ирэх долоо хоногийн Даваа гаригт НИТХ-ын ээлжит бус хуралдааныг  зарлаж, хэлэлцэн шийдэхээр болсон байна. Одоогоор нийслэлээс гарсан ажлын хэсэг автобус компаниудын цагийн тарифыг 30516 төгрөг гэж тооцжээ. Харин автобус компаниуд цагийн тарифийг 34 мянгаар бодож өг гэсэн саналаа тавьжээ. Мөн Нийтийн тээвэр газраас ч судалгаа хийж 34 мянган болгох саналыг оруулжээ. Гэтэл нийслэлийн төрийн сангаас дээрх тоо үндэслэлгүй тодорхой хэмжээгээр буурна гэсэн тооцоог гаргажээ. Үндсэндээ гурван төрлийн үнэ гарсан тул эцсийн тоог удирдлагын зөвлөлөөр шийдвэрлэж  ирэх нэг дэх өдөр НИТХ-д өргөн барина гэж Н.Батаа дарга тайлбарлав.

“Улаанбаатар смарт карт” компани нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн. Тус компанийг байгуулахад НЗДТГ-аас ямар ч мөнгө гараагүй тухай Н.Батаа орлогч ярьсан юм.

Харин нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих эрхээ голсон оюутнуудын тухайд сарын дунджаар тооцож оюутнуудад  22 мянган төгрөг өгөх буюу картыг нь төрөөс цэнэглэж өгнө. Ингэхдээ дээрх зардлаас илүү гарвал тухайн мөнгөө өөрсдөө гаргах ёстой гэсэн шийдвэрийг нийслэлээс гаргажээ. Одоогоор 93 мянган оюутан хөнгөлттэй үнээр зорчино гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс дөнгөж 20 сургууль оюутнуудынхаа судалгааг өгч, оюутнуудадаа смарт картаа тараан өгчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж