АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас "Зул сарын амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ" гэж асуухад тэрбээр "Ажиллаж, бас мэдээж гольф тоглосон” хэмээн хариулжээ. Өнгөрөгч Мягмар гариг (2019.12.31)-т Д.Трамп энэ жилийнхээ сүүлийн гольфыг Флоридагийн Баруун Палм далайн эрэгт байрлах олон улсын гольфын клубд тоглов. Энэ нь Флоридад өнгөрүүлж буй түүний амралтын хугацаандаа тоглосон 12 дах тоглолт байжээ.
CNN-ийн мэдээлж буйгаар, Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш хамгийн багадаа 252 өдрийг гольфын талбай, 333 өдрийг Цагаан ордонд тус тус өнгөрүүлсэн байна.
Трамп 2019 оны хувьд хамгийн багадаа 86 өдрийг гольфын талбайд өнгөрүүлжээ. Нийт 119 өдөр албан өрөөндөө байсан тэрбээр өөрийн Trump National Golf Club гэх газартай бөгөөд энэ клуб нь Виржиниа мужийн Стерлин, Нью-Жерси мужийн Бедминстер гэх газруудад салбартай байна. Эдгээрээс гадна Майамид Trump National Doral, Ирландад Trump International Doonbeg гэх газруудад мөн гольфын талбайтай аж.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгчдийн дунд Трампаас гадна анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама гольф тоглодог байжээ.
Эх сурвалж: CNN
Б.МӨНГӨНТАМИР