Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжөөд 80 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд Монголын гэрэл зургийн түүхэнд хувь нэмэр оруулж буй хэвлэлийн зурагчдын намтар түүх, уран бүтээлийн өвийг хадгалж, судлах үүднээс “Монголын хэвлэлийн гэрэл зурагчид” номыг гаргажээ. Монголд гэрэл зургийн алба үүсч хөгжөөд 80 гаруй жилийн нүүрийг үзэж буй ч энэ салбарынхны бүтээлийг хадгалж, хамгаалах, хойч үед алдаршуулах асуудал орхигдсон байна. Тиймээс түүхт ойн босгон дээрээ 100 гаруй гэрэл зурагчны намтар түүх, бүтээлийг багтаасан “Монголын хэвлэлийн гэрэл зурагчид” номыг өнөөдөр нээсэн юм.
Гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын хэвлэлийн гэрэл зурагчид” номын редактор П.Баттулга:
“Сонин, хэвлэлийн гэрэл зурагчдыг нэг талаас өдөр тутамд зай бөглөдөг хэдэн хүн байдаг мэтээр ойлгодог. Гэтэл эдгээр хүмүүс бол зай бөглөгч биш уран бүтээлчид юм. Өөрийн хэлэх гэсэн зүйлээ гэрэл зургаар өгүүлдэг, нийгмийн түүхийг бичилцдэг хүмүүс гэдгийг энэ номоор харуулахыг зорьсон. Өнөөдрийн үзэсгэлэнд л гэхэд өнө олон жилийн өмнөх түүхийг илтгэх баримтат зураг бий, үүнйи хажуугаар дөнгөж өчигдөр авсан бүтээл ч байна.”
Мөн номын нээлтэд зориулан Монголын хэвлэлийн 150 гэрэл зурагчны бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэв. Цаг үе, нийгэм бүрийн онцлог, адил төстэй байдал, эсрэг дүрийг нэг дор илтгэсэн үзэсгэлэнгийн бүтээлийг үзэж сонирхсон ахмад гэрэл зурагчин С.Туяа Монголын гэрэл зургийн хөгжлийг дэлхийн түвшинд хүрсэн хэмээн дүгнэв.
С.Туяа гуайн хувьд Герман улсад гэрэл зургийн мэргэжил эзэмшиж ирсэн билээ. Тэрээр гэрэл зургийн хөгжил нийгмээ дагаж өөрчлөгдөн хувьсч буйг онцлов. “Гэрэл зураг гэх их айлд орохоор суралцаж эхэлсэн үетэй харьцуулахад одоо огт өөр нийгэм болсон. Тухайлбал, өнөөдрийн нийгэмд гэрэл зургийн аппарат барьж, зураг авдаггүй хүн байхгүй болсон. Хүн бүр зургийн муу сайн, оновчтой үгүйг харах мэдлэгтэй болсон үед энэ салбарт орж буй залуусын хувьд огт өөр өнцгөөс аливаа зүйлийг харж чадаж байна. Гэрэл зургийн салбарын 80 жилийн ойг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс тэс ялгаатай” гэв.
Ахмад гэрэл зурагчин Б.Чантуу гуайн хувьд насаараа энэ салбарт зүтгэж яваа хүн. Энэ удаагийн үзэсгэлэнд түүний бүтээлүүдээс оюутнуудын гимнастикийн үеэр авсан гэрэл зургийг сонгон дэлгэжээ. Тухайн үед, улсын баяр наадмаар оюутнуудын нэгдсэн гимнастик болдог байжээ. Б.Чантуу гуайн энэ үеэр дурандаа буулгасан агшин нь Монголын гэрэл зургийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байна.
Д.Лхагвасүрэн гуайн хувьд 1975 оноос хэвлэл мэдээллийн зурагчнаар ажиллажээ. Тэрээр 40 гаруй жил аппараттай нөхөрлөсөн хэмээн хуучлав.
Д.Лхагвасүрэн гуай энэ үеэр “Нэгэн нэрт соён гэгээрүүлэгч 1920-оод онд “Соёлтой хүн бүр бугуйндаа цагтай байдаг шиг хүн бүр гэрэл зургийн аппараттай болох цаг ирнэ” гэж хэлсэн нь өнөөдөр биеллээ олжээ. Ер нь Монголын гэрэл зургийн хөгжил дээд түвшинд хүрсэн нь харагдаж байна” гэсэн юм.
Д.Цэрэннадмид гуайн хувьд мөн л насаараа гэрэл зургийн салбарт хүчин зүтгэсэн нэгэн. Түүний авсан олон бүтээл нь Монголын гэрэл зургийн түүхэнд бичигдэн үлджээ. Харин өнөөдрийн үзэсгэлэнд Д.Цэрэннадмид гуайн Монцамэ агентлагт ажиллах үедээ малчин айлд авсан зургийг онцолсон байна.
Гэрэл зурагчин Б.Бямба-Очирын бүтээлээс энэ удаагийн үзэсгэлэнд 2008 оны долдугаар сарын нэгэнд авсан зургийг онцолжээ.
Ийнхүү хэвлэлийн гэрэл зурагчид ойн босгон дээрээ цаг үеийн ялгаатай байдал, нийгмийн давхарга, онцлог гээд түүхийн бодит гэрч, засваргүй үнэнийг илтгэх гэрэл зургуудаа дэлгэж байна. Мөн энэ салбарт зүтгэж яваа гэрэл зурагчдынхаа түүхийг бичиж, бүтээлийг нь алдаршуулах товхимолтой болсон амжилтаар 80 жилийн ойгоо тэмдэглэж байна.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ