УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин МҮОНТВ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгтэй ярилцжээ. Сэтгүүлчийн асуултад өгсөн Х.Тэмүүжин гишүүний хариултыг хураангуйлан хүргэж байна.
- Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал их үймээний өмнөх нам жим шиг л байна. Аль аль талдаа ашиг сонирхлын хэрцсэн олон зөрчилдөөнтэй, олон хүний гоморхол, өширхөл байна. Таазандаа тулаад дэлбэ татах гэж байна шүү дээ. Өнгөрсөн 25 жилийн түүх маань өөрөө их олон хүний түүх юм байна. Эдийн засгийн ч түүх юм, дээр доороо орсон албан тушаалын хэрүүлийн ч түүх байна. Янз бүрийн л юм байна. Түүхийг бичилцсэн тэр олон хүмүүс ердөө гурав, дөрвөн хэсэгт л хуваагдаж байна. Гурав, дөрвөн хэсгийнх нь толгой дээр бас тэр хэдийгээ маллаад, тойглоод, загнаад зандраад явдаг нэг хэсэг байна. Ирээдүйгээ төлөвлөж чадахааргүй хэмжээнд хүртлээ түүхийнхээ тэр орооцолдоонд баригдчихсан хэсэг ч бас байна. Яг тэр арга барил, өнгө төрхөөрөө ирээдүйг тодорхойлох гэж оролдох тусам хэрэлдэж байгаа хэрүүлийнх нь цар хүрээ, булаацалдаж байгаа мөнгөнийх нь тоо ихсээд байна. Ний нуугүй хэлэхэд үе солигдох болчихсон юм биш үү гэж бодогдож байна. Хэрвээ бидэнд зарчим, үзэл бодол гэж байдаг бол түүнийгээ дахиад нэг шүүрдэх цаг болсон байна. Алдсан алдаагаа засаад, зөв зүйл дээрээ төвлөрөөд явах болов уу гэтэл хальтарсан газраа дахиад халтирав гэдэг шиг л юм болоод эхэллээ. Жижиг юманд өширхдөг, өөр хоорондоо хэмхэлддэг энэ байдал чинь эцсийн дүндээ өөрсдийгөө л идээд дуусдаг. Ингээд харахаар улс төрд үе солигдох цаг болчихсон юм биш үү. Хэтэрхий их барьцаатай хүмүүс улс төрд хэтэрхий удаан байсан юм биш үү.
- Өөрчлөлт өөрөө шинэ салхи авчирдаг. Ерөн онд ч энэ хүмүүс тэгж л эхэлсэн. Ардчиллыг анх эхлүүлэхдээ юунд хүрэхээ хэн ч мэдэхгүй, бариад явж байгаа лоозонгийнхоо цаад үзэл санааг ч ойлгоогүй л байсан шүү дээ. Зөвхөн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг л харж байсан. Анх энэ “алтан харайцайнууд” маань ардчиллыг ямар дэврүүн сайхан сэтгэлээр, ямар үнэт зүйл, үзэл санаагаар эхлүүлсэн билээ. Гэтэл одоо 25 жилийн дараа яагаад ярьсан бүх зүйлийнхээ эсрэг яваад байгаад нь би бухимдаад байгаа юм. Гэтэл 25 жилийн өмнө тормоз гишгээд зогсч байсан нөхдүүд өнөөдөр яагаад тормозоо суллаад байна. Байр нь солигдчих гээд байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд тэдний хүүхдийн хүүхдүүд өнөөдөр мэргэжлээрээ дэлхийд чадвараа гаргаж, хүлээн зөвшөөрөгдөж байна. Тэгэхээр өнөөдөр бид хэн нь 25 жил явсан, хэн нь хэдэн настайн тухай биш, хаана хүрэхийг зорьж байгаагаа ярилцах цаг болсон гэж би бодож байна.
- Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх байгуулагдахдаа л “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэж ярьж гарч ирсэн. Гэтэл эдийн засгаа өөд татах нэг ч алхам хийж чадсангүй. Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг байж чадахгүй байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өөр өөр байр суурь илэрхийлж байгаагаас болоод Монгол Улс бүх үүд хаалгаа хаачихлаа. Үүнийг шийдэхийн тулд Ерөнхийлөгч хэн байх, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэн байх юм гэдгээ ярих хэрэгтэй болж. Би хувь хүмүүсийг нь хэлээгүй. Хэн нэгний атгаг бодол, адал санааны тухай ч яриагүй. Зүгээр хэн ч очсон энэ гурван институци эрэг шураг нь таарсан машин шиг ажилладаг, Монгол Улсыг хөгжилрүү чирдэг байх ёстой. Тэгэхийн тулд Ерөнхий сайд хүчтэй байхаас өөр арга алга. Кабинетаа бүрэн мэддэг, бодлогоо тодорхойлж чаддаг байх ёстой.
- Засаглалын энэ хямралаас гарахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийн Цэцийг ашиглаад санаа бодлоо гүйцэлдүүлдэг байж болохгүй. Хоёрдугаарт Улс төрийн намын хуулиа шийдэхгүй бол болохгүй нь. Энэ улс орныг хөгжүүлье гэж байгаа бол тоглоомын дүрмээ тодорхой болгоод улс төрийн намууд нь яаж ил тод байж, яаж санхүүжих, дотоод ардчилал ямар байх юм гэдгээ ярих ёстой. Тэнгэрийн амьтад шиг дээрээс дүүжлэгдчихээд бусад руугаа нулимаад байж болохгүй. Улс төрийн нам бодлого гаргаж өрсөлдүүлдэг байгууллага болохоос биш хэн нэгнийг албан тушаалд хүргэдэг шат биш. Энэ зарчмаа нэг ул суурьтайхан ярья. Гурав дах нь Сонгуулийн хууль. Энэ гурван асуудлыг энэ намрын чуулганаар барьж авах ёстой. Арванхоёрдугаар сараас өмнө багтаад энэ асуудлаа шийдвэл шийдье. Шийдэхгүй бол бүх юм чинь хавханд орчихсон мэт нөхцөл үүсчихлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай зэрэгцээд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай хуулийг өргөн барих ёстой. Тэгэхгүй бол дараа нь хэн ч гарсан дахиад энэ зовлонг туулах юм байна. УИХ-ын гишүүн, хууль тогтоогч гээд сууж байгаа юм бол шийдэх ёстой гол асуудлаа зориглож барьж авья. Шийдэхгүй бол тарья гэдэг М.Батчимэг гишүүний ч зөв. Би хувьдаа УИХ тарахыг сайн зүйл гэж үздэггүй. Төрийг тогтвортой байлгах хамгийн гол багана нь УИХ. Гэхдээ энэ багана нь бусад баганаа эвдлээд байвал энэ баганыг ингэж өргөмжлөх хэрэг байна уу гэдэг асуудал гарна. УИХ нь Засгийн газрынхаа өмнүүр орж бантагнуулчихаад дараа нь хариуцлагаас зугтдагаа больё. Энэ зарчмаа хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.
- Би 2012 онд пропорциональ тогтолцоог улайран дэмжиж байсан. Одоо ч гэсэн зөв гэж боддог. Жалга довоороо талцаж хуваагдсан, төсвийн мөнгийг тасдаж хулгайлах гэсэн сонирхлуудыг багасгана. Гэхдээ пропорциональ жагсаалт дээр ард иргэдээсээ санал авахгүй бол дахиад нэг хэсэг үлгэрийн баатруудыг амилуулах хөшүүрэг болох нь байна. Пропорционалиар сонгуулиа явуул, гэхдээ ард иргэдээрээ санал өгүүл. Дахиад нэг үлгэрийн баатрын зохиосон үлгэр дотор 20 жил амьдармааргүй байна шүү дээ.
- Улс төр тогтворгүй нөхцөлд хууль, шүүхийн байгууллагад шинэтгэл хийх нь том эрсдэл гэдгийг би яс, махаараа мэдэрсэн. АН-ын 2012 оны сонгуулийн амлалт учраас нам энэ зорилгынхоо төлөө тууштай явна гэж итгэсэн. Гэвч АН-ын нэрээр хэтэрхий өндөрт гарсан зарим хүмүүсийн эрх мэдлээ бэхжүүлэх хэрэгсэл нь өөрийнх нь үгэнд ордог хувьчлагдсан хуулийн байгууллага гэдэг явуургүй бодлын золиосонд шинэчлэл зогссон. Х.Тэмүүжин гэдэг хувь хүн энд сонин биш. Хуулийн салбарын шинэчлэлийг дахиад найман жилээр ухраачихлаа даа л гэж би харамсдаг. Одоо бол шинэтгэл явахад хэцүү. 2002 онд батлуулсан Эрүүгийн хууль чинь 1996-2000 онд боловсруулагдчихсан байсан юм шүү дээ. Тэр үед засгаа нурааж хэрэлдсээр байгаад хийх ёстой юмаа хийж чадаагүй. Хуулийн салбарын шинэчлэл улс төрийн тогтвортой байдалгүйгээр явахгүй.
- Цагдаагийн албаны шинэчлэл яваад ЭЦГ УМБГ хоёрыг нэгтгэж ЗБГХТГ болгосон. Ажилгүй болсон хоёр дарга Цагдаагийн даргатайгаа нийлж байгаад над дээр гүйцэтгэх ажил явуулсан. Тэд хүмүүсийг би тагнуулын байгууллагад өгсөн, одоо хүртэл шийдээгүй л байна. Эрүүгийн хэрэг үүсгэнгүүт нь Д.Дорлигжав гаднаас гүйж ирээд прокуророо загнаж байгаад хэрэгсэхгүй болгуулсан. Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлье гээд Засгийн газрын хуралдаанд оруулангуут л над дээр хэрэг үүсгээд, О.Баасанхүүгээр өргөн бариулаад, пиар зардлыг нь “Женко” гаргаад л явсан даа. Өөрийгөө энэ намын эзэн гэж боддог хүмүүс ийм л аргаар дургүйцлээ илэрхийлсэн. Гэхдээ ийм хөгийн аргаар хүнийг зогсооно, ухраана гэвэл үгүй. Харин ч энэ нь цагдаагийн байгууллагыг яагаад шинэчлэх ёстой вэ гэдгийг нотлоод өгсөн дөө.
- Би Д.Дорлигжавт өөрт нь ч хэлж байсан. Мөнгө, эрх мэдэл хоёрын хамгийн том гэрэлтэж байгаа хэсэг дээр 25 жил дэнгийн эрвээхэй шиг тойрч ниссэн, хамгийн их бялуу хүртсэн хүн шүү дээ. Ханахгүй л юм байна.
- Өөрөө эрсдэж байгаад ч хамаагүй, зорьсон зорилгынхоо төгсгөлийг нь харчих хүсэл эрмэлзэлтэй нэг тийм үе л гарах хэрэгтэй юм байна. Тэглээ гээд нэр төр нь гутна уу байна уу, улс төрөөс шахагдаад гарна уу үгүй юу сонин биш. Цагдаагийн байгууллагыг иргэншсэн, үйлчилгээний байгууллага болгоё, олон нийттэй хамтарч ажиллаад иргэддээ тайлангаа тавьдаг, даргын үгээр биш, хуулийн засаглалаар ажилладаг болгоё гэсэнд буруу юм юу байна? Буцаад яагаад цэрэгжсэн байгууллага болгоод байгаа юм. Энэ чинь хүндээ байгаа юм биш, хандлага байхгүй юу. Би нэг зүйл дээр АН-аар бахархдаг. Шинэ юм сэдэж эхлүүлэхдээ үнэхээр сайн, авьяастай, алсын хараатай. Зөв! Гэвч төгсгөлөө, гүйцэтгэлээ хийж чадалгүй дотроо хэрэлдээд дуусаад байгаа нь л жаахан эмгэнэлтэй. Үнэхээр АН зөв юм хийе л гэж байгаа бол одоо Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын хуулиа зоригтой түлх. Намаас болоод муудаад байгаа бол тэрийгээ зас, илүү дутуугаа тайрч хая. Тайрч хаях ёстой зүйлийнх нь үзүүрт би байгаа бол тайрагдахад бэлэн. Гэхдээ миний хүүхдийн ирээдүйн 25 жилийг хулгайлж л болохгүй.
- Сүүлийн 2-3 жилд би хоёр, гурван зүйл дээр сургамж авлаа. Зорьж зүтгэж байгаа ажлынхаа төлөө явахдаа “Энэ хүн надтай хамт байгаа даа” гэж найдаж болдоггүй юм байна. Байнга, дахин дахин ярилцаж байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол “Аа энэ тэнд очоод намайг яах гэж байгаа билээ” гэсэн хартай хүмүүс их олон юм байна. Хүн хоорондын харилцааны л асуудал. Хоёрдугаарт “Тулаанд шонхорууд нисдэг” гэж худлаа шүү. Окопон дотор хажуунаас түгжилддэг нь олон байна. Тулаан урд байна, ажлын талбар урд байна. Гэтэл хамгийн хойно хоргож суусан нөхдүүд араас ирээд гишгэлдэг юм байна. Тэгэхээр урагшаа харж явахаас гадна бас хааяа эргэж харж байх ёстой юм байна. Гуравдугаарт миний бүх юмыг улайран эсэргүүцэх хүн дээ гэж бодсон хүн бас намайг дэмждэг юм байна. Улс төр маш олон хүнийг таниулдаг юм байна. Ярихаасаа хийх нь өөр хүмүүс олон байна. Хийх нь ярихаасаа тэс өөр хүмүүс ч бас олон байна.
- Бидэнд маш их боломж байгаа. Боломжийг харж, боломжоо ашиглахыг эрмэлзэж, боломжоо бодит байдал болгож байгаа маш олон хүн бий. Би тэдэнд найдаж байна. Тэмүүжин байхгүй байсан ч дараагийн Тэмүүжингүүд гараад л ирнэ. Тиймээс хүн өөрчлөгдөх бол асуудал биш. Харин тогтолцоо өөрөө өөрчлөгдөхгүй. Тогтолцоог хүн л өөрчилдөг. Тогтолцоог өөрчлөх хүсэлгүй, өөрчлөх чадваргүй хүмүүсийг өөрчилж байж тогтолцоог хүн өөрчилнө.
Эх сурвалж: МҮОНТВ