“Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

“Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэн дэлгэгдлээ

Эдүгээ Чойжин ламын сүм музейд Их хүрээ, Манзушир, Чойр хийцийн урлаачдын бүтээсэн 80 гаруй цамын баг, хувцас хэрэглэл хадгалагддаг. Тэгвэл эдгээрээс түүвэрлэн сорчилж  50 гаруй цамын хувцас, хэрэглэлээр “Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэнг морин цагт нээлээ. Мөн үүний хажуугаар дахин давтагдашгүй, сор болсон 45 бүтээлийг “Цам” цомогт оруулж өнөөдөр давхар нээлт хийсэн юм.

Хэдийгээр бусад хийд, шашин соёлын газарт цамын үзэсгэлэн гардаг ч Чойжин ламын сүм музей дэх үзмэрүүд нь ховор нандинд тооцогддог байна. Тухайлбал, монгол цамын дайчин тэнгэр гэгддэг Улаан жамсран, Гомбо бурхныг нэрлэж болох юм.

Монголчууд эртнээс цамыг хүнд өөрөөс нь болон хөндлөнгөөс учирч болох гай зовлон, гаслангийн шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэл утгатай нууц тарнийн ёс хэмээн үздэг. Тиймээс ч цам харайх, цамын ёслолыг бэлгэшээн дээдэлсээр ирсэн билээ. Энэ ч үүднээс цамын өмсгөл, эдлэл хэрэгслийг ховор нандин, материал, эд хэрэгсэл ашиглан, цогцоор нь хийдэг аж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн цамын өмсгөлүүдээс үүнийг харж болно. Тухайлбал, Их хар итгэлт нэртэй үзмэр нь дээл, додис, модис, барын арьсан нөмрөг, чээжний ружин, хормойн ружин, хүний толгойн эрхи, дэгүг, гавал зэргээс бүрдэнэ.

Харин Улаан сахиус үзмэрийн хувьд дээл, хормогч, чээживч, бэгз хэмээх хормогч, бүс, гутал, эрхи, арилд, нум сум, туг зэргээс бүрдэж байгаа юм. Гол нь Чойжин ламын сүм музей дэх цамын үзмэрүүд нь цогц хэлбэрээр хадгалагдан үлдсэнээрээ онцлог аж.

Монголд цамыг анх 1723 онд Зүүнгарт дэглэж гаргасан байдаг. Улмаар 1786 онд Эрдэнэ зуу хийдэд, 1811 онд Хүрээнд Далай ламын дэгээр гаргаж байжээ. 1916 онд Чойжин ламын сүмд Буян Ерөөлт буюу Дашчойнхорлин сүмийн дэг ёсоор үйлдсэн байна.

Цамын үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд 10 дугаар сарын 25-ныг хүртэл Чойжин ламын сүм музейд гарах юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж