Газар тариалангийн Олон улсын хурлыг Өмнийн говьд анх удаа зохион байгууллаа
"Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ийг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор “Говьчууд Тогтвортой хөгжил”-д хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдийн засгийн тулгуур салбар болох Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд олон улсын эрдэмтдийн санал санаачлагыг төсөл хөтөлбөрийн хамт нутагшуулах боломжийг бүрдүүлж байна. Говийн бүсэд эрчимжсэн таримал ургамлын онол, практикийн Олон улсын хурлыг 8 дугаар сард амжилттай зохион байгуулж БНСУ, БНХАУ-ын эрдэмтэд оролцлоо. БНСУ-ын Кёнсанбуг аймгийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэн болон ХААИС-ийн эрдэмтдийн хамтын хөдөлмөр шингэсэн “Говийн ойн агропарк”-ын суурийг тавьж эрдэм, шинжилгээ, суурь судалгааг сүүлийн 3 жилийн хугацаанд амжилттай хийж үр дүнгээ хэлэлцлээ. Аймагтаа үр үржүүлгийн төв байгуулах, үр үрсэлгээг хөгжүүлэх, элсний аж ахуй/цагаан, улаан гоёо, хармаг, хөмүүлийг тарималжуулах/ эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зэргээр бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байна. Говь цөл хээрийн нөхцөлд амьдран буй бидний хамгийн тулгамдаж буй асуудал гэвэл гүний усаа хайрлан хамгаалах, цөл элсний нүүдэл, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс говь нутгаа хамгаалах чиглэлээр Ногоон эдийн засгийг дэмжиж ажиллах нь туйлын эрхэм зорилго мөн билээ. Гүний усны үндэсний судалгаа шинжилгээний төвийн ТЭЗҮ-г хийж байна.
- Аймагтаа анх удаа улсын Физикийн 32-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд суурь шинжлэх ухааны хөгжил чухал үүрэгтэй. Улсын Физикийн олимпиадыг өөрийн нутагтаа зохион байгуулж байгаа нь боловсролын чадавхи нөөцөд дэвшил авчрах нь гарцаагүй. Дэлхий нийтээр боловсролд анхаарч хөгжлийн гарц, түлхүүр гэж харж, чухам энд л улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлого төвлөрч байна. Дэлхий ертөнц даяарчлагдаж, боловсролын системд мэдээллийн технологийн дэвшил, нээлттэй боловсролын чиг хандлага өргөн далайцтай нэвтэрч байна. Энэ цаг үед суурь шинжлэх ухаан болох Физикийн улсын олимпиадыг аймагтаа зохион байгуулсан билээ. Аймаг, сумын төр засгийн шийдвэрээр Даланзадгад сумын 5-р сургуулийг Монгол улсын Ардын багш О.Отгонсүрэн багшийн нэрэмжит болгож, говь нутгаас төрсөн олон эрдэмтдийн гавьяа үйлсийг мөнхжүүлэх олон бүтээлч ажлууд хийгдлээ. Төвийн 1-р сургуульд зохион байгуулагдсан уг олимпиадын бэлтгэл ажил болгож сургуулийн анги, коридорын тохижилт, физикийн кабинетийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэргээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэлээ. Монгол улсын Гавьяат багш, Физикийн багш Б.Равжир, Физикийн ухааны доктор С.Эрдэнээ болон бусад ахмад Физикийн багш нарын хамтаар аймгийн төвийн бүх сургуулиар орж, ахлах ангийн сурагчидтай уулзаж, сургуулийн сургалтын материаллаг бааз орчинтой танилцаж, зохих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Улмаар аймгийн удирдлага болон боловсролын салбарынхны хамтын ажиллагааны чанар, үр дүн, амжилтад суурилж 2020-2021 оны хичээлийн жилд Математикийн улсын олимпиадыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар олимпиадын хороотой гэрээ байгууллаа.
- Монгол хэл бичгийн ухааны доктор, Академич Д.Төмөртогоод 50.0 сая төгрөгийн хүндэтгэл үзүүллээ.
2017 оны хавар Өмнөговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийн уулзалтыг зохион байгуулж уг уулзалтаас гарсан шийдвэр бол Ханбогд сумын харьяат Хэл бичгийн ухааны доктор, Акедемич Д.Төмөртогоо багшийн нэрэмжит Улсын олимпиадыг зохион байгуулах асуудал билээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уг саналыг хүлээн авч, тус олимпиадын хороо дэмжиж 2018-2019 оны хичээлийн жилд зохиогдох Улсын Монгол хэл бичгийн 51-р олмипиадыг Д.Төмөртогоо багшийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Энэ бол Говьчууд бидний хувьд маш түүхэн үйл явдал. Өмнөговьчууд сайхан бичигтэй гэдгээрээ улсдаа алдартай аймгийн нэг. Эдүгээ Д.Төмөртогоо багшийн 82 насны ойн баярын өдрөөр уг олимпиадыг зохион байгуулж улсдаа тэргүүлсэн багш сурагчдаа УИХ-ын гишүүний нэрэмжит шагналыг олголоо. Мөн Говийн оюу сангаас Академич Д.Төмөртогоод 50.000.000/тавин сая/ төгрөгийн хүндэтгэл үзүүллээ. Говийн эрдэмтдийн сор нь төдийгүй Монгол улсын Монгол хэл бичгийн шинжлэх ухаанд оруулсан түүхэн гавьяаг Говийн ард түмэн хүндлэн дээдэлсэн сайхан үйл явдал боллоо.
- Хавдар судлалын Үндэсний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэ оны 2019 оны 11-р сарын 23-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар ХСҮТ-тэй Хамтран ажиллах гэрээг байгууллаа. Амьдрахад таатай говь нутаг 2018 арга хэмжээг Төрийн үйлчилгээг Багт уриатайгаар тойргийн сумдын бүх багаар 35 хоног хугацаанд зохион байгуулсан бөгөөд ХСҮТ-тэй гэрээ байгуулан эмч нарын баг хамтран ажилласан билээ. 7000 орчим иргэдэд Хавдрын эрт илрүүлэлт, анхан шатны үзлэг оношлогоо хийж, лабораторийн шинжилгээг 5000 орчим иргэнд хийлээ. Ингэж ажиллахад Өмнөговь аймгийн иргэдийн дунд элэгний, ходоодны хавдрын шинж тэмдэгийн илрэц түгээмэл байгаа талаар мэргэжлийн эмч зөвөлгөөг өгсөн билээ. Эмнэлэгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн БОЭТ, сум дундын эмнэлэг, сумын болон өрхийн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллах юм. Монгол улсын 2020 оны улсын төсөвт тусгагдсанаар аймгийн БОЭТ-д хавдрын эрт илрүүлэг, анхан шатны нэгж байгуулагдаж ХСҮТөвийн болон аймгийн эмч нартай хамтын ажиллагааны хүрээнд Хавдаргүй аймаг болохын төлөө зорин ажиллах болно.
- Соёлын салбарынхан салбарын сайдтайгаа уулзаж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагаас суралцлаа.
Өмнөговь аймгийн Соёлыг дэмжих жилийн хүрээнд аймгийн соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудыг Улаанбаатар хотод урин ирүүлж, мэргэжил дээшлүүлэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй уулзан тулгамдсан асуудлаа дэвшүүлж, санал бодлоо илэрхийллээ. Аймгийн орон нутгийн Музейн шинэ барилга баригдаж буйтай холбогдуулан Палеонтлогийн олдворын түүхийн үзмэрт зориулан 349.0 сая төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгууллаа. Монголын говийн үнэт, түүхийн дурсгалт өв уламжлал болсон палеонтлоги, археологийн ховор олдоц бүхий аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой. Манай аймгийн эдийн засгийн бас нэг тулгуур салбар бол Аялал жуулчлал юм.
- Хамтдаа үйлдвэрлэлээ хөгжүүлцгээе сэдэвт “Бизнес экспо” зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласан. Энэхүү жилд зориулж 2019 оныг Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, хүнс, аялал жуулчлал зэрэг салбаруудын инноваци, бизнес хөгжүүлэлтийн зарим арга хэмжээг зохион байгуулж мэдээлэл олгон, 100 гаруй ААНБ-тай санамж бичиг байгуулан, 150 иргэд бизнес эрхлэгчдэд сертификат гардуулж 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 400 гаруй иргэдийг бизнесийн чиглэлээр ур чадварыг нэмэгдүүллээ. Техник технологийн дэвшлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн нутагшуулсанаар цаг хугацаа болон хөрөнгө хүч хэмнэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг нэмэгдүүлж Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах эхлэл тавигдлаа. Мөн ХААИС болон ШУТИС-ийн Бизнесийн Ахисан түвшний сургуультай Аймгийн Засаг дарга гэрээ байгууллаа. “Төр, Хувийн хэвшил, их сургууль эрдэм шинжилгээний байгууллага” нэгдэн ажиллах боломжийг нээлээ.
- Булган сумын Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн түүхт 60 жилийн ой тохиолоо.
Говийн бүсийн хэмжээнд Мал аж ахуйн салбарын түүхэн хөгжлийг эрдэм шинжилгээний судалгаа, лабораторийн иж бүрэн шинжилгээнд тулгуурлан эрдэмтдийн нөр их хөдөлмөр шингэсэн олон сэдвийг үйлдвэрлэлд нэвтрүүлж 7 үүлдэр, 1 үржлийн хэсэг бий болгон батлуулсан говь нутгийн эрдэмтдийн уурхай болсон хамт олны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
УИХ-ын гишүүн Амарзаяагийн аав Намсрай нь энэ хамт олныг 12 жил чадварлаг удирдаж, олон залуу эрдэмтдийг төрүүлэхийн төлөө ажлын гарааг нь эхлүүлж байсан түүх бий. Иймээс энэ үйл хэргийг уламжилж аливаад шинжлэх ухаанчаар хандах, тооцоо судалгааг гол үндэслэлээ болгох, судалгаа шинжилгээнд суурилсан олон бүтээлийг нээн илрүүлэх, говьдоо нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг олон бодит боломжуудыг эрдэмтдээсээ сонсож, өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэхийг зорьж ХААИС болон Ж.Самбуугийн нэрэмжит МААЭШХ-тэй нягт хамтран ажиллаж ойд зориулан “Түүх бүтээсэн жаран”, “ГББМААЭШХ-ийн Бүтээлийн эмхэтгэл” гэсэн хоёр номыг түүх болгон үлдээлээ. Улмаар энэ их өв соёл, мэдлэгийн баазад тулгуурлан цаашид эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн дундын техник үйлчилгээний төвийг байгуулах, мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйд суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох зэргээр төлөвлөн хөгжлийн бодлогоо тодорхойлсоор байна.
- Монгол-Орос-Хятад Олон улсын Аялал жуулчлалын форумд Монголоо төлөөлөн оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын бүсүүдийг бий болгох, аялал жуулчлалаар дамжуулж соёл, урлаг, байгаль орчны хамгааллыг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Орон нутгийн хэмжээнд Өмнөговь аймаг, Алшаа аймагтай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаа. Алшаа аймаг орон нутгийн онцлогтоо тулгуурласан аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох Тоорой модны баярыг анх 2000 онд Эзнээ хошуундаа тооройн ойн наадам нэрээр зохион байгуулж, улмаар 2004 оноос олон улсын статустай зохион байгуулах болж улмаар жилд 8.0 сая жуулчин ирдэг юм байна.
Монгол Улсын хувьд жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг баяжуулах, аялал жуулчлалын идэвхтэй улирлыг уртасгах, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор жил тойрон болдог олон эвент арга хэмжээг хөгжүүлэн ажиллаж байгаагаас Өмнөговь аймгийн Түмэн тэмээний баяр, Хонгорын голын Элсэн манхны баяр билээ. Аялал жуулчлалын эвент арга хэмжээ нь тухайн нутаг орны онцлог, нутгийн иргэдийн оролцоон дээр суурилан, аялал жуулчлалын зорин очих газар, орон нутгийн өвөрмөц зан заншил, нүүдэлчин ахуйг сурталчилж байдаг. Мөн эдгээр эвент арга хэмжээнээс орон нутгийн иргэд хамгийн их ашиг шимийг хүртсэнээр жил бүр тогтвортой зохион байгуулагдах үндэс нь болж байна.
Энэ жил ӨМӨЗО-оос анх удаа Хятад-Монгол-Орос гурван улсын соёл, аялал жуулчлалын форумыг зохион байгуулж 3 орны хамтын ажиллагааг аялал жуулчлалд тулгуурлан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.
- Тойргийн сумдын Гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана.
Өнгөрсөн 3 сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Алшаа аймагт албан ёсны айлчлалыг хийж, хоёр аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт, харилцан туршлага судлах, худалдаа бизнесийн хөгжлийг дэмжих, цахим худалдааг хөгжүүлэх, сумдын түншлэлийг бэхжүүлэх, аялал жуулчлагыг хөгжүүлэхэд тодорхой алхам шийдэлд хүрэх, элсний аж ахуйг хөгжүүлэх, тэмээний аж ахуйн нэвтэрч буй шинэ технологийг нэвтрүүлэх зэргээр олон асуудлыг дэвшүүлэн хамтран ажиллахаар боллоо. ӨМӨЗО -ны Алшаа аймагтай Монгол Улсын Өмнөговь аймгийн баруун сумдууд хил залгаа оршдог. Газар нутгийн хувьд ӨМӨЗО-д хамгийн томдоо орох Алшаа аймаг говь, цөл нутаг ихтэй. Баяндалай сум Алшаа эзнээ хошуутай, Гурвантэс сум Эзнээ хошуутай, Ноён сум Эзнээ Зүүн хошуутай гэрээ байгуулан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв.
- Миний байр суурь, үзэл баримтлал номыг сонгогчиддоо өргөн барилаа.
Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх, суралцах, хуульт ёсны тулгуур зарчим, үзэл баримтлалтай байх нь миний эрхэм зорилго билээ. Өөрөөр хэлбэл, төр засаг нь ард түмнээс эхтэй байж та бүхний зөвшөөрлөөр хууль тогтоох эрх мэдэл тогтоох, хэрэгжих соёл, ёс зүйн хүрээнд миний бие ажиллаж байгаа юм. Нэгэнт надад нийтийн төлөөллийн эрхээ өгсөн тул нийтийн ашиг сонирхолын төлөө чин шударгаар зүтгэх үүрэгтэй. Мөн нөгөө талаас засаглалын хэт төвлөрөл, эрх мэдлийн хуваариалалтыг тэнцвэржүүлж, харилцан хяналттай байх үзэл санааг хуулийн орчинд тусгахын төлөө чармайн ажиллах нь Үндсэн хуульт ёсны болон миний үзэл санаа, үзэл баримтлал юм. Өнөөдрийн нийгэмд нээлттэй, харилцан өрсөлдөөнтэй, өөрийн болон бусдын эрх ашиг, ёс зүйг харилцан тэнцвэртэй байлгахыг мөрдөх нь ч миний зарчим байх ёстой. Улмаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг ойртуулах, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан, нүүдэлчин соёл, өв уламжлалд нийцүүлэн хөгжүүлэх бол алс хэтийн үзэл баримтлал минь юм. Иймээс өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороо, ажлын хэсэг, арга хэмжээн дээр өөрийн хэлсэн үг, байр суурь, үзэл бодлоо ном болгон эмхэтгэж улмаар өөрийн зохион байгуулсан ажлынхаа нэг жилийн тайланг нэгтгэн сонгогч түмэндээ толилуулсан жил байлаа. Ингэснээр сонгогчдын мэдлэг чадвар баяжин тэлж цаашдын хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо нэмэгдэнэ хэмээн үзсэн.
Холбоотой мэдээ