Хандивын зөв системтэй болъё

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Хандивын зөв системтэй болъё

Сошиал медиагаар “Монголд эмчлэгдэхгүй хүнд өвчтэй. Гадаадад эмчлэх өртөг нь хэтэрхий өндөр тэдэн сая ам.доллар гэнэ. Тиймээс сайхан сэтгэлт Монгол түмэн минь, халуун сэтгэлээр өглөг хандивын гараа сунгаж, туслаач” гэсэн гуйлт, хүсэл ихэсчээ. Эдгээр зарууд нь өвчиндөө өвдөж, шаналсан хөөрхий хүүхдүүдийн зурагтайгаа нийтлэгддэг нь сэтгэл эмзэглүүлдэг.

Үнэхээр л хүнд өвчин тусч, эх орондоо эмчлэгдэх бололцоогүй болж, ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон хүмүүст үүнээс өөр гарц харагдахгүй байгаа учраас үр хүүхдийнхээ зургийг олонд дэлгэлээ гэж тэднийг буруутгах аргагүй. Манайд хүнд өвчиндөө шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд туслах албан ёсны хүчирхэг байгууллага алга.

Гэтэл Англи улсад зөвхөн өвчтэй хүүхдүүдэд хандив цуглуулах зорилгоор бүтээгдсэн “Shaun the Sheep” хүүхэлдэйн киноны бяцхан хурганы хөшөөнүүдийг бэлгэ тэмдэг болгосон байгууллага байдаг. Тэр хөшөө нь хот бүрт байдаг. Тэр хэмжээгээр хандив цугларч байдаг учир зөвхөн Англи улс төдийгүй дэлхийн бусад улс орны өвчтэй хүүхдүүдэд хандив өгдөг гайхамшигтай жишиг байх жишээтэй.

Тиймээс хандивын системийг манайх нэг тал руу нь цэгцлэх шаардлагатай болжээ гэдгийг энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо. Нэг үеэ бодвол манай иргэд ядарсан, өвдсөн нэгэндээ тусалдаг, дэмждэг болчихсон. Тухайлбал, саяхан галаас дүүгээ авраад биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүг хандив мөнгө цуглуулаад хөл дээр нь босгочихлоо. “Цэрэнтогтох хvvд амьдрал бэлэглэе” аяныг өрнүүлээд эмчилгээнд шаардлагатай байсан 268 сая төгрөгийг бүрдүүлээд БНСУ-д эмчлүүлчихсэн. Хүүгийн биеийн байдал харьцангуй гайгүй болоод, одоо Монголдоо ирчихсэн байгаа. Халуун сэтгэлтэй хүмүүс одоо ч хүүд болон түүний гэр бүлд туслах аян өрнүүлсээр байна. Сонгинохайрхан дүүргээс хашааны газар өгч, Ерөнхийлөгчийн тамгын газраас гэр болон хашааны мөнгөн тусламж өгсөн.

Одоо хүүгийн аав, ээж, дүүргээс өгсөн газар дээр хашаагаа бариад, шинэ гэртэй болоод амьдарч байх жишээний. А.Цэрэнтогтох хүү Оргил рашаан сувилал зэрэг газар үнэ төлбөргүйгээр физик эмчилгээ хийсээр байна.

Монголчууд бид ядарсан, өвдсөн нэгэндээ тусалж чаддаг юм гэдгийг батлах ганцхан жишээ энэ. Тиймээс өвчтэй хүүхдэд туслах хандивын системийг маш зөв болгочихвол олон, олон хүүхдүүд  А.Цэрэнтогтох хүү шиг хүмүүс өвчнөөсөө салж, амьдрах урам зоригоор жигүүрлэгдэх болно. Нэг хүүхэд ингэж гэнэ ээ гэхээр л юуных нь мэдэхгүй төрийн бус байгууллагууд хэтэрсэн, хэтрээгүй нь хамаагүй хандив цуглуулж эхэлдэг. Түүнчлэн иргэдийн өгч байгаа хувийн хандив эзэндээ хүрсэн, хүрээгүй нь мэдэгдэхгүй бүрхэг байдаг. Тэр бүү хэл, иргэдийн сайхан сэтгэлийг ашиглан мөнгө олдог “бузар” нөхдүүд ч олшрох болсон.

Тухайлбал, өвчтэй хүүхдийн нэр барих буюу хуурамч өвчтөний нэрээр иргэдийг залилан, хандив цуглуулах зэрэг хуурамч, буруу булхай сөрөг үзэгдэл олон гарсан. Уг нь саяхан IT-гийн инженер Ш.Отгон-Өлзий найз нөхдийнхөө хамт "Цахим хандив" гэсэн сан байгуулсан гэнэ лээ. Тус сан нь өвдөж шаналсан, хандив тусламж шаардлагатай болсон хүүхдүүдэд туслах зорилготойгоор нээгдсэн аж. Гэтэл өнөөдрийг болтол үйл ажиллагаа нь олон нийтэд танигдаж амжаагүй л байгаа.

Уг нь энэ мэт албан ёсны байгууллага ямар нэгэн ашгийн сонирхолгүйгээр зөвхөн хүүхдүүдэд туслах чин хүсэлтэйгээр тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг болчихвол. “Shaun the Sheep” хүүхэлдэйн киноны бяцхан хургаар өвчиндөө шаналсан хүүхдүүдийг төлөөлдөг шиг манай улс “Боролдой” хүүг өвчтэй хүүхдүүдийн аврагч баатар болгож яагаад болохгүй гэж.  Улмаар томоохон зах, худалдааны төв, банк, кино театр зэрэг олон нийтийн газар, хөдөө орон нутаг бүрт өвчтэй хүүхдэд туслах хандивын цэгүүдийг бий болгох хэрэгтэй.

Харин нэгдсэн хандивыг зөвхөн ганц хүүхдэд бус хүртээмжтэйгээр олон хүүхдэд хүргэхээр тэнцүүхэн хуваадаг маш оновчтой тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Үр хүүхэд, хань ижлээ алдсан хүмүүс ч гэсэн буян үйлдэхдээ хэдэн төгрөг бариад очих нэгдсэн газар л үгүйлэгдсээр.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж