Олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн ирэх сарын 19- нд Сүхбаатарын талбайгаас агаарын бөмбөлгүүд хөөргөж, шүхрээр буух үзүүлбэр үзүүлнэ. Энэхүү үзүүлбэрт манай улсын тамирчдаас гадна Англи, Герман, Франц, Швейцарь улсын тамирчид оролцох юм. Манай улсаас спортын мастер Л.Мичиддорж, дэд мастер Ж.Гэрэлт-Од мөн нөөц шүхэрчнээр дэд мастер Я.Сэргэлэн нар оролцох аж. Шүхэрчдийг сонгохдоо тус спортоор 10-20 жил хичээллэсэн туршлага, хувийн амжилтыг нь харгалзан үзэж сонгосон байна. Англи, Герман, Швейцарь, Франц улсын агаарын бөмбөлгийн баг наймдугаар сарын 20-нд Төв аймгийн Хустайн нурууны цогцолбор, 21-нд Өвөр хангай аймгийн Элсэн тасархай, 23-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн Халуун рашаан, 25-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийд, 27-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын элс, 31-нд Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулуу орчимд агаарын бөмбөлгөөр хөөрч, шүхрээр буухаар төлөвлөөд байгаа гэнэ.
Д.Долгор