Шинэ жилийн баярыг “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр төсөөлөшгүй | News.MN

Шинэ жилийн баярыг “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр төсөөлөшгүй

Шинэ жилийн баярыг “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр төсөөлөшгүй

Шинэ жилийн баярыг “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр төсөөлөшгүй

“Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан” хэмээн Б.Зангад гуайн дуулсан “Сүлд модны наадмын дуу” энэ жил 57 дахь жилдээ эгшиглэж байна. Тэртээ 1962 оны арванхоёрдугаар сарын 31-нд  Монголын ард түмэнд анх хүрсэн тэр мөчөөс өдийг хүртэл бидний сэтгэл зүрхэнд эгшиглэсээр…Ингээд шинэ жилийн баярын дугаартаа зориулан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайн олон сайхан дуунаас Сүлд модны наадмын дуу”-г нь онцлон ярилцснаа хүргэе.


-Та сайхан өвөлжиж байна уу. Шинэ жилийн баярыг таны дуулсан “Сүлд модны наадмын дуу”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр утгаараа шинэ жилийн баяртаа урьж дуулуулах хүсэлт, урилга хэр ирж байна вэ?

-Хоёр он солигдох энэ баярт мөч дэлхийн хүн төрөлхтөний үйл явдал юм. Тэр дундаа хөх тэнгэрийн нарлаг Монгол оронд шинэ жилийн баярыг олон жил тэмдэглэж ирсэн уламжлалтай. Шинэ оны босгон дээр та бүхэнтэй уулзаж, ярилцаж байгаадаа баяртай байна. Ер нь шинэ жилийн баярын өдрүүдэд урилга тасрахгүй. Хамгийн гол нь хүн залуу насандаа уран бүтээлээ хийж, үлдээх нь их чухал юм байна гэж бодож сууна. Одоогоос 57 жилийн тэртээ “Сүлд модны наадмын дуу”-г дуулснаараа өнөө цагийн залуу үеийнхэнтэйгээ учран золгох боломжийг олгож байна шүү дээ.

Энэ дуугаа хэд хэдэн газруудад очиж дууллаа. Саяхан манай Ховд аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн арга хэмжээ, Сонгинохайрхан дүүрэг, Ю.Цэдэнбал сангийн шинэ жилийн баярын арга хэмжээнд уригдан дуугаа дууллаа. Өчигдөр/2019.12.30/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас баярын арга хэмжээндээ намайг урьсан боловч зам нь хол учраас очиж амжсангүй.

-Тэртээ 54 жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцана уу. “Сүлд модны наадмын дуу” хэрхэн бүтсэн түүхээс ярьж өгөөч?

Тэртээ 1962 онд сүлд модны наадмын энэ дууны аяыг Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай хийж, үгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуай хийсэн. Би энэ дуугаа дуулаад 57 жил болж байна. Энэ дуу маань хэдийнэ дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлж, монголын ард түмний зүрх сэтгэлд хүрч чаджээ. Хоёр он солигдох тэр мөчийг энэ дуугүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Үнэнхүү сайхан бүтээл хийсэн эрхэм хоёр уран бүтээлчийн ач буянаар анхлан дуулах хувь заяа надад оногдсонд би хязгааргүй их баярлаж, залбирч явдаг даа.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай над руу 1962 оны арванхоёрдугаар сарын 25-нд жижүүрийн утсаар яриад “Би шинэ дуу хийсэн. Чи ирж аваарай. Арванхоёрдугаар сарын 29-нд Монголын радиод бичлэгт орно шүү” гэсэн. Над руу тийм том хүн утасдаж, хэлж байхад нэг муу жулдрай залуу дороо л гүйгээд очно биз дээ. Тэгээд очтол надад Монголын радиогийн хөгжмийн ерөнхий редактор дууны үг өгөөд “Үүнийг хурдан сураарай. Энэ дууг симфони оркестртой дуулахгүй. Эхлээд чи төгөлдөр хууртай дуулна. Тэгээд чиний араас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид хамтарч дуулна” гэж хэлсэн. Тухайн үед төгөлдөр хуурчаар манай нэртэй дуучин Д.Банди агсны гэргий Маргерита Григориева багш тоглосон. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү их айж, эмээнэ. Монголын радио хороонд очиж, сургуулилт хийчихээд бичлэгийн том цонхоор харсан чинь С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай хоёулаа ирчихсэн, дуугаа чагнах гээд зогсч байлаа. Тэгээд л ”Сүлд модны наадмын дуу”-гаа хоёр удаа бичлэгт оруулаад л баталсан. Ийн Монголын радиогоор арванхоёрдугаар сарын 31-нд улс эх орон даяар цацагдаж, түгж байсан түүхтэй. Одоогоос 57 жилийн өмнө шүү дээ. Тэр үед зурагт гэж байсан биш зөвхөн Монголын радио л байлаа.

-Залуу насандаа дуулсан анхны бүтээлээ одоо сонсоод хэр догдолдог вэ?

-Ер нь жил бүрийн арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн дуу эгшиглэж эхлэхэд сэтгэл огшоод л явчихдаг. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллага, телевиз, радиогоор “Сүлд модны наадмын дуу” газар сайгүй эгшиглээд л…Дуугаа сонсоод гудамжаар алхаж явахад “Би энэ дуугаа анх дуулахад залуу ч байж дээ” гэж боддог. Миний анхны дуулсан дуу түмэн олонд хүрч, сэтгэлийн баясал өгч байгаад талархаж явдаг даа. Тэрнээс гадна 2015 онд С.Гончигсумлаа агсны 100 жилийн ойгоор дуучин Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа хоёр маань “Сүлд модны наадмын дуу”-г орчин үеийн найруулгатайгаар дахин ард түмэнд хүргэх саналыг надад тавьсан. Залуу уран бүтээлчидтэйгээ энэ дууг дахин эгшиглүүлэхэд бурхны орноос алдарт хоёр хөгжмийн зохиолч харсан байх. Энэ дашрамд, эрхэм хоёр дүүдээ баярлаж явдгаа илэрхийлье.

-Та энэ мөчид хүүхэд насныхаа шинэ жилийн баярын дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би чинь бүр хөдөөний хүүхэд шүү дээ. Ховд аймгийн Буянт сум аймгийн төвөөс холгүй ч надад бол хол газар байлаа. Тэр үед 1940-өөд онд ёолк тэмдэглэнэ гэдгийг огт мэддэггүй байлаа. Манайх 1942 онд гэр бүлээрээ хөдөөнөөс аймагт нүүж орж ирсэн юм. Тэгэхэд ах сургуульд 1942 онд анх орж, ёолк гэдэг баяр болдог талаар хэлж билээ. Манай аймагт гацуур мод их хол газар ургадаг. Тиймээс сургуулийн багш нар бургасыг тайрч бэлдээд ёолк чимэглэнэ. Бургасынхаа мөчрүүдийг хөвөнгөөр эмэрч, цас болгодог байлаа. Тэгээд өвлийн өвгөн, ан амьтдын зураг хайчилж, ханандаа нааж, өнгийн цаасаар гинж хийнэ.  Тэгж л анх 1942 онд ахынхаа сургууль дээр очиж, ёолк гэдэг баяр тэмдэглэдгийг үзэж билээ. Тэр үед домбон сахар, пираник хамгийн гоё бэлэг байлаа. Амттайг яана.

Хүн нас явах тусам нутаг амьтай болдог гэдэг. Та сүүлд хэзээ нутаг руугаа явсан бэ?

-Би нутаг руугаа явалгүй хоёр жил болчихов уу даа. Нутаг орны маань газар, ус нь яг хэвээрээ. Манай нутагт Хар ус нуур, Цамбагарав хайрхан, Сутай хайрхан, Жаргалант хайрхан зэрэг том, том уулс бий. Харин үеийн сайхан нөхөд, азай буурлууд гээд таних хүн цөөрчээ. Өөрийнхөө нутаг усныхаа талаар дуулсан дууныхаа дурсамжийг бодож, сэтгэлийн цэнгэл л эдлэх юм. Дандаа “Чи хэний хүүхэд вэ” гэж асууж байж хүмүүсийг таних юм.

-Одоо гэр бүлээрээ шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Шинэ жилийн баярын үдэш гэр бүлээрээ цугларч, хамтдаа бужигнаад л оноо гаргана. Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүү маань морин спортын чиглэлийн хүн. Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран дархны анги төгссөн. Дараагийн охин маань театр судлаач мэргэжилтэй. Бага охин З.Сэлэнгэ маань Швейцарьт ажиллаж, амьдарч байгаа. Хөгжим бүжгийн дунд сургуулийг ёочин хөгжимчнөөр төгсч, Швейцарьт хэл, соёл шинжлэлийн сургуульд суралцаж, саяхан төгссөн. Бага охины том хүү маань төгөлдөр хуурч мэргэжилтэй.

-Таныг Монголын хөгжмийн урлагийн сор болсон алдартнуудын тухай дурсамж бичиж байгаа гэж дуулсан. Уг дурсамж номонд хэчнээн алдартны талаар бичээд байна бэ?

-Би монголын дууны урлагт дуугаа дуулаад 68 жил болсон байна. Монголын хөгжмийн урлагийн бурхдыг амьд сэрүүн байхад тэдний нөмөр нөөлгөнд аж төрж байсан болохоор тэднийгээ дурсахгүй байхын аргагүй. Тиймээс би монголын хөгжмийн урлагийн домог болсон 30 хүний дурсамж “Маргашгүй, мартагдашгүй” номоо удахгүй хэвлэлд шилжүүлэх гээд завгүй явж байна. Дурсамж номонд маань Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай, Г.Бирваа, Д.Лувсаншарав гуай, Э.Оюун, Ж.Чулуун, циркийн Т.Цэнд-Аюуш, Ц.Намсрайжав, манай нутгийн дуучин А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай, Л.Ванган, Э.Чойдог, Ж.Бадраа, Л.Дорж, Ж.Дорждагва, Д.Банди, Н.Цэгмид, Ц.Батчулуун гээд олон сайхан хүмүүсийн сайхан дурсамж багтсан.

-Ярилцлагынхаа төгсгөлд Монголын ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Манай эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа ирж байгаа хулгана жил, 2020 онд эрүүл энх, аз жаргал, эв нэгдэл, хамгийн сайн сайхан бүхнийг авч ирэх болтугай. Энэ дашрамд төрж өссөн нутаг болох олон ястний өлгий Ховд аймгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-31 103.26.195.189

Сайхан ярилцлага байна. Даанч бэлтгэсэн сэтгүүлч нь зөв бичгийн дүрмийн алдаа гаргажээ. Жишээ нь "эмэрч" биш "имэрч", "пираник" биш "'пряник" /орос үг/ гэж бичнэ. Уг нь пряникийг монголоор "мөөхий" гэж бичээд байдаг шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-31 59.153.114.167

Хоердугаар Зангад гээд нэг едер дууриамал нь гараад хамраараа цангинуулж гарах бх даа

Avatar

Зочин 2019-12-31 64.119.23.120

Улсын Баатар болоход ч багадахаар агуу хун шуу

Avatar

Зочин 2019-12-31 66.181.177.178

hokei tamerchidaa hubiasa zardala gargaad oboliin olympod oltsohuu anduudaa

Avatar

Зочин 2019-12-31 66.181.177.178

Hokei tamirchidaa oyutanii oboliin olympod olotsoh heregtei zaabal japan yabaarai gej husjina. manai hokeichid ih chadbarlag shuu

Avatar

Мөнх 2019-12-31 192.82.78.230

Зангад гуайг Ерөнхийлөгч мартсан байна. Төрийн соёрхол хайрла Эрхэм Ерөнхийлөгчөө.

Avatar

Зочин 2019-12-31 192.82.67.155

СОНГУУЛИАР ИХ УЛС ТӨРЖДӨГ ЗАНГАД ДАРААГЫН ЕРӨНХИЙГӨӨСӨӨ ЮМ АВНА БИЗ .

Avatar

Зочин 2019-12-31 117.111.27.11

Зүгээр уншаад өнгөрнө гэж байхгүй юмаа

Avatar

зочин 2019-12-31 203.217.139.225

Урт наслаарай. Таныг би багшийнхаа Ардын багшийн цайллаганд ая дуугаа өргөхийг хүсэн урьхад маш сайхан хүлээж авч байсанд баярлаж явдаг. Миний нагацын эхнэр Н.Даш таниар магтан бахархаж танийг ах минь, миний ганц ахын минь найз гэж бидэнд ярьдаг байж билээ. Бид ч таниар бахрахдаг даа. Урт наслаарай. Хойч үе минь тань шиг даруу, ухаантай байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж