Тапан Мишра: Монгол Улсад хөгжлийн асар их боломж байна | News.MN

Тапан Мишра: Монгол Улсад хөгжлийн асар их боломж байна

Тапан Мишра: Монгол Улсад хөгжлийн асар их боломж байна

Тапан Мишра: Монгол Улсад хөгжлийн асар их боломж байна

Нэгдсэн Үндэстний байгууллага/НҮБ/-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.


-Бидний урилгыг хүлээн авч уншигчидтай маань уулзаж байгаад нь баяртай байна. Та  Монгол улсад НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдоод удаагүй байна. Та өөрийгөө товч танилцуулна уу.

-Намайг урьсанд та бүхэнд баярлалаа. Танай уншигчдад шинэ онд эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргалыг хүсэн ерөөж мэндчилье.

Миний бие Энэтхэг Улсын хойд хэсэгт төрж, өссөн бөгөөд ажлын гараагаа хувийн салбараас буюу шатахууны бизнес эрхэлдэг компаниас эхэлсэн. Түүнчлэн Энэтхэгийн төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудад ч ажиллаж байсан. Би 2003 оноос НҮБ-ын системд ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Сургалтын асуудал хариуцсан зөвлөх, Менежментийн товчооны Хүний нөөцийн албаны Сургалтын нөөцийн төвийн (LRC) орлогч дарга зэрэг албан тушаал хашиж байв. 2007-2013 оны хооронд Сургалтын нөөцийн төвийн захирал, даргын албан тушаалыг эрхэлж байсан. Түүнээс хойш НҮБ-ын Бизнесийн шийдлийн солилцооны асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж, улс орнууд, НҮБ-ын Төв албад, Хүний хөгжлийн илтгэлийн газар, Бодлого, хөтөлбөрийг дэмжих товчоо зэрэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлж ирсэн.  2015 онд би Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдон, геополитикийн амаргүй нөхцөлд дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Монголд ирэх завшаан 2017 онд гарсан. Тэр жил танай сайхан оронд томилолтоор ажиллаж, байгалийн үзэсгэлэн, монголчуудын найрсаг, нээлттэй байдлыг хараад бахархаж байлаа. Тэгэхэд л би өөртөө Монгол Улсад НҮБ-ын Суурин зохицуулагч болчихоод эргэж ирэх зорилго тавьсан бөгөөд хүсэл маань ч биеллээ олж Монголд ирээд  дөрвөн сар болсон байна. Хөгжлийн асар их боломжтой мөнх хөх тэнгэрийн оронд ажиллаж, амьдарч байгаадаа туйлын баяртай байгаа.

-Монгол Улсын талаарх таны сэтгэгдэл? Манай улсын нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн ахиц дэвшлийн тухай бодлоо уншигчидтай маань хуваалцана уу?

-Монгол Улсад хөгжлийн асар их боломж байна. Тухайлбал, тус улсын хүн ам залуу буюу гурван хүн тутмын нэг нь 15-34 насныхан байна. Түүнчлэн, эрдэм боловсролыг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай, Монгол Улсын хүн амынх нь 98 хувь бичиг үсэгтэй аж. Монгол Улс нь бардам түүхтэй, баялаг уламжлал, өвөрмөц соёлтой. Танай улс байгалийн баялгаа зөв удирдаж эдийн засгийн төрөлжилтийг зохицуулж чадвал гурван сая гаруй иргэдээ юугаар ч дутаахгүй маш сайхан амьдруулах бүрэн боломжтой. Монгол Улс нь иргэдийн оролцоог дэмжсэн, хүний эрхийг тунхагласан, үг хэлэх эрх чөлөөг хангасан, олон намын тогтолцоотой, ардчилсан улс юм. Энэ намар нийгмийн олон талуудтай хийсэн цуврал хэлэлцүүлгүүдийн дараа Монгол Улсын Их Хурал ардчиллыг бэхжүүлэх, төрийн эрх мэдлийг тусгаарлах, шүүх засаглалын тогтолцоо, орон нутгийн засаглалын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулсан билээ.

Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д 1961 онд гишүүнээр элссэн бөгөөд тэр үеэс л НҮБ нь тус улсын хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхтэй. Өнөөгийн НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба нь хүчин чадлаа нэмэн өргөжиж, НҮБ-ын Суурин зохицуулагч нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бие даасан, эрх бүхий бие төлөөлөгчөөр томилогдох болсон. Чингэснээр НҮБ нь илүү үр дүнтэй, хэрэгцээнд суурилсан туслалцааг Монгол Улсад үзүүлэхээр ажиллах болно. НҮБ-ын энэхүү шинэчлэл нь 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн дэлхийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнууддаа НҮБ-аас илүү үр дүнтэй  туслалцаа үзүүлэх зоригтой алхам хийхийг үүрэг болгосны дагуу хэрэгжиж эхэлсэн юм. Иймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн 15 байгууллага илүү үр дүнтэй, сайн зохицуулалттайгаар хамтран ажиллаж  өнөөгийн НҮБ-аас гишүүн орнууддаа үзүүлэх тусламжийн үндсэн чиглэл болох Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх болно.

-Монгол Улсын Засгийн газар нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын анхны илтгэлээ  өнгөрсөн долдугаар сард ТХЗ-ын асуудлаарх НҮБ-ын Дээд түвшний улс төрийн чуулганд хүргүүлсэн. Энэхүү илтгэлийг бэлтгэхэд НҮБ-аас  Засгийн газарт дэмжлэг үзүүлсэн байдаг.

-Монгол Улс болон дэлхий нийтээрээ ТХЗ-ыг хэрэгжүүлж эхлээд дөрвөн жил болж байна. Дэлхий нийтийн өмнө тавигдсан эдгээр 17 зорилго нь ядуурлыг устгах, тэгш бус байдлыг бууруулах, улмаар 2030 он гэхэд манай гаригийнхан тогтвортой амьжиргааг баталгаажуулсан байхад чиглэгдэж байгаа юм. Эдгээр зорилгод өлсгөлөнг тэглэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх зэрэг олон асуудал орсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зоримог хөтөлбөр болсон юм.  Монгол Улс нь ТХЗ-ыг  хэрэгжүүлж эхэлсэн анхдагч орнуудын нэг болсон төдийгүй 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа дээрх зорилгуудын нэлээдийг тусгаж ТХЗ-ыг батлагдсанаас хойш ердөө 5-хан сарын дараа батлуулж хэрэгжүүлж эхэлсэн билээ. Монгол Улс нь өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын ТХЗ-ын асуудлаарх Дээд түвшний улс төрийн чуулганд Үндэсний сайн дурын анхны илтгэлээ танилцуулсан 47 орны нэг байсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн ахиц дэвшлийг үнэлэх хэрэгсэл болох Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ийг бэлтгэн НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулах ажлыг Үндэсний хөгжлийн газар тэргүүлэн бусад оролцогч талуудын, тухайлбал, төрийн байгууллагууд, иргэний нийгэм, олон улсын түнш байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Өнгөрсөн намар Монгол Улс нь ТХЗ-ын үндэсний хэмжээний зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, дэлхийн хэмжээнд тавигдсан зорилт, үзүүлэлтүүдийг өөрийн орондоо нутагшуулах, улмаар ТХЗ-ын хэрэгжилтэд хяналт тавихад чиглэсэн томоохон ажлыг хийж дуусгасан. Эдгээр зорилт, шалгуур үзүүлэлтийг УИХ-аар батлуулах үлдэж байна.

-Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн гол дүгнэлтүүд юу байв?

-Үндэсний сайн дурын илтгэлээрээ Монгол Улс нь ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах баталгаатай үндэс суурьтай болохоо нотолж өгсөн. Монгол Улсын эдийн засаг сэргэж, жилд дунджаар 6-гаас дээш хувиар өсч тогтворжлоо. Энэ нь ТХЗ-ыг дэмжихэд чиглэсэн төсөв, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгож байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү өсөлтийн үр өгөөж нь хүн бүрийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж болж хувирахгүй байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нь орлогын гол  эх үүсвэр болсон хэвээр байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн байдал эмзэг, хэлбэлзэлтэй хэвээр байна. Уул уурхай нь түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хөдөө аж ахуй нь байгаль орчноос ихээхэн хамааралтай байна. Энэхүү хараат байдал нь уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад аль  хэдийн анхаарал хандуулах асуудал болсонтой холбоотойгоор улам хурцдаж байна. Дэлхийн дулаарлын аюулгүйн босго хэмжээ цельсийн 1.5 хэм байхад Монгол Улсын агаарын температур сүүлийн 75 жилийн хугацаанд цельсийн 2.2 гаруй хэмээр нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай болон хүний ​​үйл ажиллагаатай холбоотой бусад хүчин зүйлээс шалтгаалж Монгол орны өвөрмөц экосистем доройтож байна. Зун нь хэт халж, өвөл нь их хүйтрэх үзэгдлийн давтамж нэмэгдсэний уршгаар Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг бүрдүүлдэг малчид, хөдөөгийнхний амьжиргаа хүндэрч байна. Үүнээс болж сүүлийн жилүүдэд олон хүн хот суурин руу, ихэвчлэн Улаанбаатар хот руу шилжин суурьшлаа. Түүнчлэн шинээр шилжин суурьшигчид ихэвчлэн төвлөрсөн халаалтгүй Улаанбаатар хотын захын гэр хорооллуудад суурьшиж байгаагаас агаарын болон байгаль орчны бохирдлыг улам хурцатгаж  байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2018 оны судалгаагаар дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 155.9 хүн ногдож байгаа үзүүлэлтээр Монгол Улс нь агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт хамгийн өндөртэй орны тоонд оржээ. Энэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулахын зэрэгцээ нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төсвийн хуваарилалтад тэргүүлэх ач холбогдол өгөх нь зүй. Хөгжил тогтвортой, хүн бүрт хүртээмжтэй байх нь чухал.

-Тус илтгэлд хөгжлөөс орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүдийн талаар дурдсан байдаг. Түүнээс гадна эдгээр бүлгийн хүмүүсийн хэрэгцээг хангахгүй байх аваас хөгжлийн ахиц дэвшлийг ухраах эрсдэлтэй хэмээн дурджээ. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

-ТХЗ-ын “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн хүний эрхэд суурилсан зарчмыг үндэс болгон Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ийг боловсруулсан. Илтгэлийг бэлтгэх явцад хийсэн судалгаа, фокус бүлгийн хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Монгол Улсын хувьд хөгжлийн үр шимийг бүрэн хүртэхгүй орхигдох эрсдэлтэй хүн амын зургаан бүлгийг тодорхойлсон. Эдгээр нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 15-24 насны залуучууд, малчид, хотын гэр хороололд амьдардаг дотоод шилжин суурьшигчид, өндөр настан зэрэг зургаан хүн амын бүлэг болно. ҮСДИ-д тэгш бус байдал улам гүнзгийрснээс эдгээр бүлгийн хүмүүс хөгжлийн үр шимийг бүрэн хүртэхгүй орхигдох эрсдэлтэй байгааг цохон тэмдэглэсэн. Түүнчлэн саяхан хэвлэгдэн нийтлэгдсэн 2019 оны дэлхийн Хүний хөгжлийн илтгэлд тэгш бус байдал гол тулгамдсан асуудал болж байгааг дүгнэсэн. Хэдийгээр Монгол Улс нь хүний хөгжлийн түвшин өндөртэй орнуудын тоонд орсон хэвээр байгаа ч тэгш бус байдлаас шалтгаалж бүрэлдүүлж чадсан хүний хөгжлийн түвшнээ алдахад хүрч байна. Тухайлбал, тэгш бус байдлаас шалтгаалан төрөлтөөс тооцсон дундаж наслалт 13.1 хувиар, боловсролын түвшин 11.9 хувиар, орлогын түвшин 15,7 хувиар тус тус буурч байна. Эдгээр тоон үзүүлэлт нь Монгол Улсын эмзэг бүлгийн хүмүүсийн хүний хөгжлийн түвшин ямар ялгаатай байгааг илэрхийлж байна.

2016 оны байдлаар болон 2019 он хүртэлх хугацаанд Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа нь 2014 онд болон эдийн засгийн өсөлт саарахаас өмнөх үед таван хүн тумын нэг нь ядуу байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм. Энэ нь хөгжлийн ахиц дэвшлийг эдийн засгийн хямралаар хэрхэн хурдтай урвуулж орхидогыг бэлхнээ харуулж байгаа юм. Түүнчлэн ядуурлын түвшин харилцан адилгүй, бүс нутгуудад ялгаа их байгаа бөгөөд ядуурлын түвшин хөдөөд 35 хувь, хот сууринд 27 орчим хувь байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин  дунджаар 8 хувь орчим байхад 18-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин бараг 3 дахин өндөр буюу 22 гаруй хувь байна. Тэрчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дөнгөж 20 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 11.4 хувь байна. Үүнээс гадна, Монгол Улс нь төлөөллийн ардчилалтай улс боловч Улсын Их хурлын 76 гишүүний дөнгөж 13 нь эмэгтэй байна.

Эдгээр сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоо, залгамж чанар, тогтвортой байдал зэргийг хангах замаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах нэн шаардлагатайг илтгэлд онцлон тэмдэглэсэн. Үндэсний сайн дурын илтгэлийг бэлтгэж байх явцад 200 орчим бодлогын баримт бичиг өөр хоорондоо уялдаагүй, нэгдмэл бус байсан нь тогтоогдсон. Олонх нь судалгаа шинжилгээний үндэслэл муутай, аргачлал арга зүй нь сул байсан. Түүнчлэн бодлого, түүний санхүүжилт нь өөр хоорондоо нягт уялдаатай байх нь тун чухал бөгөөд ингэснээр тухайн бодлого бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэхийг илтгэлд цохон тэмдэглэсэн. Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг цаг тухайд нь тайлагнаж байх шаардлагатай бөгөөд ингэснээр аливаа саад бэрхшээлийг аль болох эрт засаж залруулах боломж бүрдэхийг илтгэлд анхааруулсан. Мөн эдийн засгийн өсөлтөөс гадна нийгмийн хамгаалал болон байгаль орчныг хамгаалахад чиглэсэн зардлын хуваарилалтад тэргүүлэх ач холбогдол өгөх шаардлагатай байна.

-Үнэнийг хэлэхэд, ТХЗ нь засгийн газрын, аль эсвэл олон улсын байгууллагын хөтөлбөр мэт  энгийн иргэдийн өдөр тутмын амьдралаас хэтэрхий хол хөндий сонсогдоод байх юм. Тэгэхлээр бид бүхэн хэрхэн оролцох вэ?

-Дэлхий ертөнцөө нөөцтэй нь, агаартай нь, ан амьтантай нь хойч ирээдүйдээ өвлүүлэхэд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хүн бүрт хамаатай даян дэлхийн хөгжлийн хөтөлбөр юм. Дан ганц Засгийн газрын хүчээр эдгээр зорилгыг биелүүлэх боломж үгүй. Үүнд хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хөгжлийн эдгээр зорилгыг хангахад шаардагдах хөрөнгө санхүү, инновацийн 70 орчим хувийг компаниудаас бүрдүүлэх шаардлагатай. Энэ томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн болгоны хүчин чармайлт чухал. Монголчууд "далайд дусал нэмэр" гэж ярьдаг биз дээ? Иймээс нэг боловч хүний хүчин чармайлт багадахгүй, хувь нэмэр болно.

Ухамсартай сонголт бүхэн үр дүнгээ өгнө. Байгаль орчин, нийгмийн хариуцлагатай зан үйл, хандлагатай байхыг НҮБ хүн бүрт уриалж байна. Тухайлбал, хувийн машин тэрэг хөлөглөхийн оронд, нийтийн тээврээр зорчих, явган явах гэх мэт ухамсарт сонголт хиймээр байна. Хог хаягдлыг багасгах, давтан болон дахин ашиглах, тухайлбал, нэг удаагийн хэрэглээний нийлэг уутны оронд олон дахин ашиглах даавуун тор хэрэглэх гэх мэт. Эрчим хүч, усны хэрэглээгээ багасгаж, мод тарьж, бие биенээ дэмжиж, орхигдсон бүлгүүддээ хүрч ажиллах, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх нь мөн л ухамсарт хүмүүний сонголтууд юм. Бид хамт ажиллагсад, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дунд эерэг үйл хийхийг уриалснаар өөрсдийн хувь нэмрээ оруулж чадна.

Хүний эрхийн асуудлын нэгэн адил ТХЗ нь өөр хоорондоо салшгүй нягт холбоотой. Бусад зорилгыг хангахгүйгээр зөвхөн нэг зорилгыг хангах боломж огт үгүй. Тухайлбал, Жендэрийн тэгш байдлыг хангах 5-р зорилго нь бүх нийтийн чанартай боловсролыг дэмжих тухай 4-р зорилгоос харилцан хамааралтай. Энэ мэтээр нийт 17 зорилгыг бүхэлд нь хэрэгжүүлэхийн тулд усны менежментээс эхлээд эрүүл мэнд гэх мэт бүх салбар, хүн бүрт хүрч маш олон чиглэлийг хамруулах шаардлага тавигдана.

-“Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлд манай улсыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ? Ямар хөтөлбөр, төслүүд хэрэгжиж байгаа вэ?

-“Монгол Улсад НҮБ-ын системийн 15 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тус улсад хөгжлийн олон салбарт дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, зохистой хөдөлмөрийг дэмжих, эрүүл мэнд, боловсрол, ус, ариун цэврийн байгууламж барих зэрэг нийгмийн салбарын, нийтийн үйлчилгээг сайжруулахыг зорьж байна.

2017, 2018 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтдаа нийт 61.1 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилтийг босгосон бөгөөд  үүнээс 43.2 сая ам.долларын хөрөнгийг  82 төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зарцуулсан. Ялангуяа, бусад зорилгын хэрэгжилтэд үр нөлөө бүхий Тогтвортой хөгжлийн таван зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан, тухайлбал, ТХЗ-2 буюу “Өлсгөлөнг эцэслэх”,  ТХЗ-3 буюу “Эрүүл мэндийг дэмжих”, ТХЗ-5 буюу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах”, ТХЗ-15 буюу “Хуурай газрын эко системийг хамгаалах”, ТХЗ-16 буюу “Энхтайван, шударга ёсыг цогцлоох” зэрэг болно.

ТХЗ-ыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөв, инститүцийн бүтэцтэй уялдуулахад бид дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын төсвийг ТХЗ-той уялдуулан боловсруулж иргэн бүрийн, ялангуяа, эмзэг бүлгийн иргэд бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  хүртээмжийг сайжруулахад  шаардагдах санхүүжилтийг бий болгох үндэслэлийг тавьсан. Түүнчлэн боловсролын үйлчилгээнээс эхлээд усны менежмент хүртэлх мерит зарчимд суурилсан 21-р зууны бүхий л шаардлагатай нийтийн үйлчилгээг Монгол Улсын хүн бүрт  хүргэхэд чиглэсэн төрийн албаны шинэчлэл хийхэд бид дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд ТХЗ-ын үйл явц, зарчмуудыг хэрхэн яаж нутагшуулах талаар Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудад зөвлөлгөө өгч ажиллаж байна. Үүний зэрэгцээ хөтөлбөрүүд, үйл ажиллагааны бодит хэрэгжилтэд цаг тухайд нь хяналт тавьж байх зорилгоор тогтвортой хөгжлийн 17 зорилго нэг бүртэй холбосон НҮБ-ын шинэ цахим системийг ашиглаж эхлээд байна.  НҮБ-ын цахим хуудсанд байршуулсан UN Info хэмээх НҮБ-ын мэдээллийн энэхүү сангаас хөтөлбөрүүдийн явц, ахиц дэвшлийн талаарх мэдээллийг олон нийт саадгүй авч болно.

-“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ 2019 оны наймдугаар сард Нью-Йорк хотноо, арванхоёрдугаар сард Мадрид хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чуулга уулзалтыг зарлан хуралдуулсан. Улаанбаатарт түүхий нүүрс ашиглахыг хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгааг НҮБ мэдэгдэж байсан. 2050 он гэхэд дэлхий нийтээрээ агаарын бохирдолгүй болох зорилт тавигдаж байгаа энэ үед  Монгол Улсын  нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын төлөө хийж байгаа энэхүү алхам нь хэр хангалттай гэж та үзэж байна вэ?

-Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах нь далай тэнгисийн температурыг нэмэгдүүлж улмаар далайн түвшин дээшлэхэд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд маш чухал алхам болно. 1901-2010 оны хооронд мөсөн голууд хайлж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд далайн дундаж түвшин 19 см-ээр нэмэгдсэн байна. Дэлхий даяар хүчтэй шуурга, үер, ган гачиг зэрэг байгалийн гамшгаас үүдсэн эдийн засгийн шууд хохирлын хэмжээ бараг 3 их наяд ам.долларт хүрч байгаа тооцоо байна. 1998-2017 оны хооронд  тохиосон уур амьсгалын өөрчлөлттэй уялдаатай гамшгаас болж ойролцоогоор 1,3 сая хүн амь насаа алдсан тооцоо байна.  Өсөн нэмэгдэж буй агаарын температурын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд 80 сая хүний бүрэн ажлын байртай тэнцэх бүтээмж алдагдаж мэдэхээр байна.

Дэлхийн хэмжээнд нүүрлэж буй уур амьсгалын  өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орны нэг болох Монгол Улсад 1990 оноос хойш мөсөн голуудын 40 гаруй хувь нь хайлж эхэлсэн байдаг. 600 гаруй нуур ширгэж, тус улсын нутаг дэвсгэрийн дөрөвний нэг нь цөлжсөн. Азийн бусад олон улс орнуудын нэгэн адил хот суурин руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, түүхий нүүрсний хэрэглээнд суурилсан эдийн засаг зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврын аль аль нь болох агаарын бохирдлын асуудалтай тулгарч байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар үний эрүүл мэндийн зардал маш өндөр бөгөөд өвлийн улиралд үр зулбалт 3.5 дахин өсч, уушигны үрэвслийн тохиолдол нэмэгдэж, хүүхдийн уушгины үйл ажиллагаа сулрах тохиолдол олон гарч байна. Агаарын бохирдлыг бууруулж үл чадваас агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр өвчилсөн хүүхдийн эрүүл мэндийн зардал ирэх 8 жилийн хугацаанд 33 хувиар өсөхөөр байна. Энэ нь 2025 он гэхэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх жилийн зардал наад зах нь 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ (НҮБ-ын Хүүхдийн сан /Нийгмийн эрүүл мэндийн төв). Дэлхийн банкны тооцоогоор 2013 онд Монгол Улсын хэмжээнд 2400 гаруй хүн агаарын бохирдлын улмаас эндсэн нь тус улсын ДНБ-ий 6.9 хувьтай тэнцэж байгаа юм.

Харамсалтай нь дэлхий даяар хатуу түлшний хөрөнгө оруулалтын хэмжээ сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтынхаас давсан хэвээр байна. Иймээс НҮБ-аас Засгийн газруудад хандан Парисын хэлэлцээрийн дагуу үндэсний хэмжээнд хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, 2050 он гэхэд бохирдол ялгаруулдаггүй болох  зорилтоо тууштай хэрэгжүүлэхийг уриалж байна.

Монгол Улс нь түүхий нүүрсний хэрэглээнд суурилсан эдийн засагтай хэвээр байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь цэвэр эрчим хүчний хэрэглээтэй ирээдүй рүү чиглэсэн чухал алхам болсон. Түүнчлэн агаарын бохирдлыг үүсгэж буй үндсэн шалтгааныг арилгах, үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй орон нутгий иргэдийн амьжиргааны доройтол, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах арга хэмжээнд шилжих шаардлагатай байна. Иймээс хөдөөгийн хөгжлийг дэмжсэн үр дүнтэй бодлогыг боловсруулж, нийгмийн болон байгаль орчныг хамгаалах чиглэлд хөрөнгө оруулах, агаарын бохирдлыг бууруулах талаар тууштай бодлого баримтлах асуудал чухлаар тавигдаж байна.

Эрчим хүчний үнийн шинэчлэл хийх, эрүүл мэнд, байгаль орчны зардлыг тооцож нүүрсний үнэд шингээх, нүүрсний хэрэглээг хязгаарлах, ялангуяа төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдсон барилгуудын дулаалгад илүү хөрөнгө зарцуулах шаардлагатай хэмээн бид үзэж байна. Өнөөгийн байдлаар зөвхөн гэр хороололд амьдардаг хүмүүс л нүүрсний бүрэн өртгийг төлж байна. Ийнхүү хотын хамгийн ядуу хэсгийнхэн төвлөрсөн халаалттай байранд амьдардаг хүмүүсээс даруй 7 дахин илүү мөнгийг нүүрсэндээ зарцуулж байгаа нь ядуурлыг улам гүнзгийрэхэд нөлөөлж байгаагийн зэрэгцээ нүүрсээр халаадаг төвлөрсөн дулаалгаас үүдэх агаарын бохирдлыг шийдвэрлэх арга хэмжээ авагдахгүй байна.

Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих ёстой. Жилд 270 гаруй нарлаг өдөр тохиодог, нутаг дэвсгэрийнхээ 10 хувийг салхины эрчим хүчээр хангах боломжтой  Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх энэ их боломж нөөцөө ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, дэмжих зөв бодлого баримтлах шаардлагатай.

-НҮБ 2020 онд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх арван жилийн үйл ажиллагааг эхлүүлж байна. ТХЗ-ыг бүрэн хэрэгжүүлэхэд ердөө 10-хан жил л үлдэж байна. Өнөөгийн уур амьсгалын онцгой өөрчлөлтийн үед хүн төрөлхтөнд Б хувилбар гэж үгүй юм.  Хэрэв бид эх дэлхий, хүн төрөлхтөндөө зориулсан 17 зорилгоо бүрэн хэрэгжүүлж үл чадваас  ирээдүй хойч үеээ өлсгөлөн, ядуурлаас ангижруулах боломж үгүй болно. Ийм учраас бидний хойч үеийнхэн болсон залуусын маань дуу хоолой улам бүр хүчтэй болж, амьдрах дэлхий ертөнцийнхөө төлөө ажиллах ёстой гэдгээ ухамсарлах тусам тэд хүчирхэгжих болно. Иймээс НҮБ нь залуучуудыг санал бодлоо илэрхийлэх, томоор сэтгэх, Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг нь төр засгийнхнаасаа шаардаж, хариуцлага тооцох санаачилгуудыг нь дэмжиж байна.

Ирэх жил НҮБ  байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутэррешийн санаачилсан НҮБ-75 хэмээх олон нийтийн яриа хэлэлцүүлгийг өрнүүлэх туршилтын 25 орны тоонд Монгол Улс орсныг дуулгахад таатай байна. Бид арванхоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-аас зохион байгуулсан ТХЗ-г сурталчлах 2019 оны 3 сарын томоохон кампанит ажлаа ТХЗ-ын дэмжигч уран бүтээлч, сэтгүүлч, зохиолч, багш, оюутан, сурагч, нийгмийн идэвхтэнүүдтэйгээ цуглан дүгнээд, НҮБ-75 хэмээх анхны хэлэлцүүлгийг амжилттай эхлүүллээ. Манай ТХЗ-ыг дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэн, залуучуудын төлөөлөл ирэх 25 жилийн дэлхийн хөгжлийн төсөөлөл,  урагшлах арга замууд, НҮБ-ын зүгээс улс орнуудыг хэрхэн дэмжих вэ гэсэн сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд бид хамтын ажиллагааны шинэ тогтолцоонд шилжиж байна. Бид одоо үйлчилж буй 2017-2021 оны НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээний хэрэгжилтийн байдалд ирэх жил хамтарсан үнэлгээ хийнэ. Улмаар ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсад үзүүлэх тусламжийн үр дүнг сайжруулахыг тулд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийг боловсруулан гаргах болно.

Шинэ он гарахад цөөхөн хэдэн өдөр үлдээ. НҮБ-ын нэрийн өмнөөс Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газарт Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж хэнийг ч орхихгүй тогтвортой хөгжин дэвшихийн ерөөлийг нийт монголчууддаа өргөе!

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hihuu 2019-12-31 103.212.119.28

Daanch setgeltei udirdagch alga , shunaltnuudad bazuulchihaad bn

Avatar

Зочин 2019-12-31 64.119.18.127

Лордуудыг

Avatar

Уншигч 2019-12-31 89.212.149.225

Ярилцлагыг нь сайн бэлдэж өгсөн байна , баярлалаа

Avatar

Зочин 2019-12-31 59.153.84.70

Төрд байгаа луйварчин авилгачидыг зайлуулчихвал Монгол улс хүссэн хүсээгүй хөгжинө л дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж