Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт юу хийж хэрэгжүүлэв?

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт юу хийж хэрэгжүүлэв?

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр олон чухал зорилтууд туссан. Эдгээр зорилтуудыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулъя.  


"Ахмад настны тухай" хуулийг батлуулж, “Насны хишиг”-ийг 4 жил дараалан олгов

Засгийн газар “Ахмад настны тухай хууль”-ийг УИХ-аар батлуулж, ахмадууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хуулийн хүрээнд байгууллага бүр ахмадууддаа зориулж “Ахмадын сан”-тай болох боломж бүрдэж, хөдөө орон нутгийн ахмад настнууд Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог болов. Ахмадуудаа дэмжиж 65-69 насны ахмадуудад 50.000 төгрөг, 70-79 насны ахмадуудад 80.000 төгрөг, 80-89 насны ахмадуудад 150.000 төгрөг, 90-ээс дээш насны ахмадуудад 250.000 төгрөгийг жил бүрийн Цагаан сар болон улсын баяр наадмын өмнө олгож хэвшив. Энэхүү “Насны хишиг”-ийг 2017, 2018, 2019 онуудад олгосон. 2020 онд мөн олгоно.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг 3 жил дараалан хэрэгжүүлэв

0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль”-ийг 2017 онд УИХ-аас батлан хэрэгжүүлж байна.

Хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200.0 мянган эхчүүдэд сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж олгож байна. “Цалинтай ээж” хэмээн нэрлэгдсэн энэхүү тэтгэмжийг 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн. 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 6.7 мянган эцэг, эхэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 000 төгрөгийн тэтгэмж олгож байна. 2020 онд энэ тэтгэмжийн хэмжээ 420 000 төгрөг болж нэмэгдэнэ.

Тэтгэврийн зээлийн хүүг 3 жил дараалан бууруулав

2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг бууруулах бодлогыг ХНХЯ үе шаттайгаар хэрэгжүүлэв.  Тэтгэвэр барьцаалсан нэг жилийн хугацаат зээлийн хүүг 2016 онд 3 хувиар, 2018 онд 3 хувиар, 2019 онд 2 хувиар тус тус бууруулав. Харин урт хугацаат буюу 24 сар хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 2019 онд 15.6 хувь болгосон. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн 13 хувь болгож буулгахаар ХААН банк, Төрийн банкуудтай гэрээ хийв. Өөрөөр хэлбэл 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүү 18 хувь байсан бол одоо нэг жилийн хугацаат тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувь, урт хугацаат тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг жилийн 13 хувь болж буулгаад байна. Цаашид ч үе шаттайгаар бууруулах гэрээ хэлцлийг үргэлжлүүлж байна. Үүний үр дүнд тэтгэврээ барьцаалсан ахмадууд олон тэрбум төгрөгийн зээлийн хүүнээс чөлөөлөгдөж эхлэв.

3 жил дараалан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэв

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж ирэв. Үүний үр дүнд 2018, 2019 онуудад нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн хэмжээг 23.5 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 25 хувиар, дундаж тэтгэвэр 20 орчим хувиар буюу 59.6 мянган төгрөгөөр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл 2016 онд 251.0 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 төгрөг болж өсөв. 2020 онд тэтгэвэр нэмэхэд зориулж 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Үр дүнд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 410.000 гаруй иргэний орлого нэмэгдэнэ.

Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг 2018, 2019 онуудад нэмэгдүүллээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оноос хойш 24.2 хувь, асаргааны тэтгэмжийн хэмжээ 18.5-78.2 хувиар нэмэгдсэн байна. 2020 онд ч нэмэгдүүлнэ. Засгийн газар ахмадуудынхаа тэтгэврийг жил бүрээр нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлж хэвшив.

Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ.

БНМАУ-ын тэтгэврийн тухай хуулиар 1991 онд тухай үеийн Засгийн газрын шийдвэрээр тэтгэвэрт гарах наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж 1997 онд тэтгэврийг нь зогсоож нөхөн олговор олгосон иргэдийн тэтгэврийг ирэх оны 1 дүгээр сараас 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээнд 21200 иргэн хамрагдана.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг буурууллаа.

Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтийн хурдтай харьцуулахад өндөр, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж ажиллах хугацаа захиргааны ажил эрхэлдэг иргэдийнхээ бага байгаатай уялдахгүй байсан.

Иймд  дээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэх, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг даатгуулагчийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байхаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-д өргөн мэдүүлж,  2018 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулиар нэг талаас ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, улмаар тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өсгөхөд чиглэсэн, нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааны болзол хангасан даатгуулагч өөрөө хүсвэл 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн.

Төрийн албан хаагчдын цалинг 3 жил дараалан нэмэгдүүллээ

2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 3 жил дараалан хэрэгжүүлэв. 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэв. Харин 2018, 2019 онуудад төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан тус бүр 8 орчим хувиар нэмэгдүүлж, мөн ажлын байрны нөхцөлөөс хамааруулан төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэв. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг дахин 8 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргав.

Ингэснээр 2014 оны түвшнээс багш нарын цалин хөлс 58 хүртэл хувиар, эмч, сувилагч нарын цалин хөлс 76 орчим хувиар, бусад төрийн албан хаагчдын цалин 26 орчим хувиар нэмэгдлээ. Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019, 2020 онуудад нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах, удаан жилийн нэмэгдэл олгох,  урамшуулал олгох зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 1070.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс дунджаар 48.9 хувиар нэмэгдлээ.

  

Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо

Төрийн үйлчилгээний салбар болох сургууль, эмнэлэг, цэцэрлэгт 128.1 мянга орчим төрийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өөр нэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр болов. Энэ нь төрийн үйлчилгээний салбарт 6 жилээс дээш ажиллаж байгаа албан хаагчдад 5-25 хүртэлх хувийн үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор 2020 оны улсын төсөвт 142.7 тэрбум төгрөг тусгуулав. Энэхүү санаачилгын хэрэгжилтийг хангахаар ХНХЯ ажиллаж байна.

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмуудыг шинэчлэн батлуулсан. Энэхүү журмаар захиргааны албан хаагчид илүү цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг 1.5-2 дахин нэмэгдүүлэн тооцож олгохоор шийдвэрлэв.

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг батлуулж малчид тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэвэрт гарч эхэллээ. Энэхүү хуулийн хүрээнд 2018-2019 онд 10.0 мянга орчим малчин тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэврээ тогтоолгов. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, цаг наргүй, амралтгүй ажилладаг малчдаа 5 жилээр тэтгэврээ наашлуулж тогтоох, нийгмийн хамгааллын баталгаагаа эрт хангах боломжийг олголоо.

  

Гадаад улсад ажилласан хугацаагаа ажилласнаар тооцуулж, тэтгэвэр авах боломж нээгдлээ

  

Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсынхаа иргэдийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улстай 2018 онд, Бүгд Найрамдах Чех улстай 2019 онд нийгмийн хамгааллын хэлэлцээрүүдийг соёрхон батлуулсан.

Үр дүнд нь Польш, Турк, Чех улсуудад ажиллаж амьдарч байгаа 14.000 орчим Монголчууд тухайн улсад ажилласан хугацаагаа Монгол улсдаа ажилласнаар тооцуулах, ажилласан хугацаа, төлсөн шимтгэлдээ дүйцэх тэтгэврийг тухайн улсаасаа авах, богино хугацааны тэтгэмжүүдийг авах боломжийг бүрдүүлсэн.

Монголчууд өөрийн улсын тэтгэврийн даатгалаас гадна өмнө ажиллаж байсан эдгээр орнуудаасаа давхар тэтгэвэр авч нийгмийн баталгаа нь хангагдах юм. Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр ч онцгой анхаарч байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болов

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1995-2019 онуудад төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420 000 төгрөг/-нээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо.  Жишээлбэл, нэг иргэн  сард  42.0 мянган төгрөг, нэг жилд  504.0 мянган төгрөг нөхөн төлнө.

Энэхүү хууль 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс хэрэгжиж 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно.

Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэхээр болов 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах, хүн амыг өсгөх бодлогуудыг Засгийн газраас дэвшүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. Уг хуулийн хүрээнд Эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

Жишээлбэл, 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг  6 жилээр  нэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэх болно.

Эхчүүдийн хүүхдээ асарч байх  хугацаанд нь шимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байхаар  хууль эрх зүйн орчин бүрдүүлэв.

Сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо.

Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг  50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөө  төлөхөөр болсон.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт олгодог боллоо

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1130 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэв.

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд ажилгүйдлийн түвшин 2016-2018 онуудад 10.0-7.8 хувь болж буурлаа. Мөн хөдөлмөрийн насны хүн амд эзэлж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувь хэмжээ буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оноос хойш 65.5 хувь болж өссөн байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал олгох замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төрөл бүрийн бодлого хэрэгжүүлэв. Үр дүнд нь өрхийн орлого 2016 онд 944.153 төгрөг байсан бол 2018 онд 1.181.067 болж нэмэгдлээ.

Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар 2019 онд батлуулав.

Хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Зохион байгуулалттайгаар экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойллоо.

Өрхийн орлого 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1264.0 мянган төгрөгт хүрч 2016 оноос (944.1мянган төгрөг) 33.9 хувиар өссөн.  Гадаадын ажиллах хүчийг 2016 онооё 42 хувиар бууруулсан.

МСҮТ, Политехник коллежийн суралцагчдад сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болно

Засгийн газар 2019 оноос МСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. 2020 оноос эхлэн тэтгэлгийн хэмжээг 200.000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Энэхүү тэтгэлэгт төр, хувийн хэвшлийн 80 МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдаж байна. 2020 онд 79.9 тэрбум төгрөгийг төсөвлөв.

МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлын ачааллыг бууруулж, урамшууллын хэмжээг нэмэгдүүллээ.

МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор 45  цагийн багцыг 36 болгож буурууллаа. Мөн 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнг үндэслэн цалингийн 5 хүртэлх хувийг олгож байсныг  үе шаттай нэмэгдүүлэн 15 хувиар олгохоор нэмэгдүүлэн батлууллаа.

Түүнчлэн ажилтнуудын ажлын байранд тавигдах мэргэжлийн ур чадвар, хүлээх хариуцлага, ажлын байрны нөхцөл байдалд ажлын байрны үнэлгээ хийж, үр дүнг үндэслэн албан тушаалын ангилал, зэрэглэлийг цалин хөлстэй нь уялдуулан шинэчлэн батлуулахаар болов.

Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхэд хамгаалагч туршилтын төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн 2019 онд цэрэг, цагдаа, боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 194 хүүхэд хамгаалагч, 1940 сайн дурын ажилтан ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурч эхэллээ.

Ази, номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ удаагийн конгресст бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 600 гаруй төлөөлөгч оролцож 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж өөр өөрийн сайн туршлагаа хуваалцлаа.

Конгрессоор хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг төлөөлөгчид батлан гаргасан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг боллоо.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах хөгжлийн төв " –ийг байгуулав

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг дуусгаж 2019 онд Засгийн газарт хүлээлгэн өглөө.

Төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох үйлчилгээ үзүүлнэ.  Мөн 250 хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үндсэн багш бүрийг компьютержуулав

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчийн 38 сургалтын байгууллагын багш нарыг 100 хувь компьютерээр ханав.

Мөн төрийн өмчийн 25 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийг барилга, ХАА, зам тээврийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангав.

Найрамдал зусланг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болов

Хүүхдийн найрамдал зусланг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын төсвөөс санхүүжүүлэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж