Монголын спорт өнгөрч буй 2019 онд олон олон амжилт болон шинэ түүхийн эзэд боллоо. Ялангуяа багийн спортын төрөлд үсрэнгүй хөгжилтэй жил байлаа. Оны онцлох спортын үйл явдлыг News агентлаг онцолж байна.
Хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа ДАШТ-ний урьдчилсан шатыг давав
2022 оны Катар улсад зохиогдох ДАШТ болон 2023 оны ААШТ-ний хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн эхний даваагаа Монголчууд амжилттай давсан нь Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэн амжилт болсон. Үүгээр ч зогсохгүй “Талын хөх чононууд”-ын ахлагч Н. Цэдэнбал оруулсан гоол 2022 оны ДАШТ-ний урьдчилсан шатны хамгийн анхны гоол болж дэлхий даяар ДАШТ тэмцээн эхэлснийг зарласан юм. Монголын шигшээ баг эхний даваандаа Брунейн шигшээ багийг хоёр тоглолтын нийлбэр дүн 3:2 гэсэн харьцаатай хожиж, дараагийн үндсэн шатанд анх удаагаа шалгарсан. Урьдчилсан шатны үндсэн хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан зэрэг багуудтай нэг хэсэгт багтан ДАШТ-ний эрхийн төлөөх тоглолтуудаа хийж байна.
3х3 эмэгтэй шигшээ баг Токио-2020 олимпийн эрхээ авлаа
Сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй урбан спортын нэг бол яахын аргагүй 3х3 билээ. Уг спорт Монгол Улсад харьцангүй хурдацтай хөгжиж, олимпийн эрх авах хэмжээний түвшинд нэгэнтээ хүрчээ. Мөн уг спортын дэлхийн 205 улсын холбоодоос Монголын 3х3 холбоо хамгийн хурдацтай хөгжиж буй холбоогоор шалгарсан билээ. Монголын эмэгтэй 3х3 шигшээ баг бүтэн жилийн турш тогтвортой амжилтыг үзүүлж, дэлхийн чансааны эхний дөрвөн байрт багтан олимпийн эрхээ шууд авсан билээ. Одоогоор тус баг ирэх оны Токио-2020 олимпийн бэлтгэлдээ гарсан байгаа.
Харин эрэгтэй шигшээ баг ирэх гурав болон дөрөвдүгээр сарын тэмцээнд оролцож, олимпийн эрхээ авах боломжтой.
Сонирхуулахад, FIBA3x3 мэргэжлийн багуудын чансаагаар топ-30 нийтэлдэг юм. 2019 оны төгсгөлд Ulaanbaatar Energy дэлхийд 13-т, Азийн топ-1 багийн хувьд шинэ улиралтай золгох бол Taikhar ADM 1 сая 136 мянга 900 оноотой, топ-30 ороход маш ойрхон явна.
Э. Цэндбаатар 2019 оны “Бөртэ Чоно” наадмын “Хамгийн шилдэг тамирчин”-аар тодорч шилжин явах цомын эзэн боллоо
Боксын ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн Э. Цэндбаатар энэ жилийн “Бөртэ Чоно” наадамд онцгойрч, “Шилдгийн шилэг эрэгтэй тамирчин”, “Хамгийн шилдэг тамирчин”-аар шалгарлаа. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпийн дараа мэргэжлийн боксоор хүч үзэхээ мэдэгдсэн.
М. Уранцэцэг ДАШТ-нээс хүрэл медаль авлаа
МУГТ М. Уранцэцэг 2019 оны Токиогийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэнээр өөрийн тамирчны замналдаа ДАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн ховор амжилтын эзэн болсон. Мөн тэрбээр энэ жил Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль тус тус хүртсэн. Түүний дээрх амжилтыг Монголын олимпийн хороо үнэлэн “Бөртэ Чоно” тэргүүн дээд шагналаар шагнасан билээ. Түүнийг одоо ганцхан Токио-2020 олимпийн алтан медаль хүлээж байна.
С. Батцэцэг Токио-2020 олимпийн эрхээ авсан анхны эмэгтэй тамирчин
“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртэн, ДАШТ-нээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай болж, иж бүрэн медальтай болсон Монголын анхны чөлөөт бөхийн тамирчин болжээ. Мөн тэрбээр энэ жилийн “Бөртэ Чоно” шагналын эзэн болсноор тус шагналыг гурав дах удаагаа хүртсэн тамирчнаар тодорсон юм.
Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэв
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ААШТ-ний 105 кг жинд Рио-2016 паралимпийн хүрэл медальт, ДАШТ-ний хошой аварга, МУГТ Э. Содномпилжээ цээжнээс 248 кг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ