Тэр тэрэг түрэх дуртай

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

Тэр тэрэг түрэх дуртай

Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн  нэмэгджээ. Учир нь, шинэ жилийн баярын уур амьсгал орж, хүмүүс дор бүрнээ шинэ оноо угтахаар бэлдэцгээнэ. Хүнсний дэлгүүр, томоохон худалдааны төвүүд ачаалал ихтэй. Тиймээс  “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорин очиж, тэндээс сурвалжлагынхаа баатрыг хайхаар шийдсэн юм.

Баярын өдрүүдэд аав, ээждээ туслан зах дээр ажил хийдэг хүүхэдтэй уулзахаар очсон хэдий ч тэнд ажил хийж буй хүүхэдтэй таарсангүй. Захыг нэлээд тойрч, хүмүүсээс сурагласны эцэст тэрэг түрдэг хоёр хүүгийн талаар олж дууллаа.

Тэднийг сураглан явсаар захын зүүн хаалганы гадна очив. Автомашины зогсоол дунд Г.Бүтэнбаяр хүү гараа саравчлан зогсоно. Тэрбээр хэн нэгнийг ирэхийг хүлээж байгаа нь илт. Дөхөж очоод түүнтэй мэндлэхэд эхэндээ бишүүрхэж байснаа хэсэг хугацааны дараа бидэнтэй яриа өрнүүлж эхлэв.

Г.Бүтэнбаяр хүү одоо 16 настай. Тэрбээр “Би саяхан иргэний үнэмлэхээ авсан. Зах дээр ажиллаад овоо хэдэн жил болчихлоо” хэмээн хэвлүүхэн хариулж байна. Хэн нэгнийг ирэхийг хүлээж байгаа юм уу гэхэд “Одоо сандал, ширээ зардаг эгч ирэх ёстой. Тэр эгчийн ширээг зөөх гээд хүлээж байна” гэв.

Ширээ зарагчийг хүлээх зуур найз П.Төгөлдөр нь ирж, тэд хоорондоо ноцолдож гарлаа. Найз нь 13 настай гэнэ. “Та хоёр хоорондоо их ноцолдох юм. Барилдаад хэн нь давж байна вэ” гэхэд Г.Бүтэнбаяр хүү “Мэдээж би  дийлнэ. Заримдаа  хүчтэй хаячихаар тэр уйлаад  яваад өгдөг юм” гэлээ.

Тэр хоёрыг захын наймаачид андахгүй. Захын тэрэгчид дундаас насаар хамгийн бага нь учраас хоёуланг нь “Жоохноо” гэж өхөөрддөг аж. Тэд жижиг төмөр тэргээ өдрийн 4000 төгрөгөөр түрээсэлж, түрээсний мөнгөнөөсөө гадна дажгүй орлого олчихдог гэдгээ ч нуусангүй.

Удалгүй Г.Бүтэнбаярын эгч ирж, тэрбээр тэргээ түрээд машиных нь зүг гүйж одов. Давхарлан ачсан ширээг чамбай гэгч нь өргөлцөж, ачаад уяагаар бэхлэв. Тэрхэн зуур тавилга худалдаалдаг эмэгтэй “Бүтэнбаяр хүү зах дээр олон жил тэрэг түрж байгаа юм. Ажилд их сайн. Бидний ажилд үргэлж тусалдаг” гэв.

Ачаагаа буулгах зуур өөрийх нь дэргэд яваа П.Төгөлдөр найзыгаа дуудаад “Чи тэр ачааг ачихгүй яасан юм бэ. Өөр хүн ачаад явчихлаа” хэмээн санаа тавина. Г.Бүтэнбаяр хүү өглөө 07.00 цагт гэрээсээ гарч, өдөржин ажиллаад оройн 20.00 цагт ажлаасаа буудаг аж. Тэрбээр “Би өөрөөсөө өндөр ачаа ачдаг” гээд тэргэн дээрээ гарч зогсоод, гараа  өргөж үзүүлэв. Заримдаа 12, 13 авдрыг давхар давхраар нь ачдаг тухайгаа ярилаа.

"ЦАГДАА НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭЭР ТЭРЭГ ТҮРҮҮЛЭХГҮЙ ГЭЭД БАЙДАГ"

Ингээд хүүг ачаагаа буулгаж дуусаад түр амсхийх зуур цөөн хором ярилцсан юм.


-Миний дүү өвлийн хүйтэнд даарч ба том ачаа зөөхөөр ядрах юм уу?

-Гайгүй ээ. Ядарсан ч ажлаа хийх гоё байдаг. Их алхаад байхаар хөл жаахан өвдөнө. Өвлийн улиралд ачаа олдохгүй ингээд  гадаа зогсч байна. Өвлийн хүйтэнд даарах нь их. Ялангуяа өглөөгүүр жавартай, хүйтэн байдаг. Өдөрт дор хаяж захыг хоёр, гурван удаа бүтэн тойрно.

-Өглөө гэрээсээ хэдэн цагт гардаг вэ?

-Би өглөө 07.00 цагт ахтайгаа хамт гэрээсээ гардаг. Ах маань таксинд явдаг юм. Би доороо гурван дүүтэй. Хамгийн бага дүү нар маань ихэр. Аав маань энд, хүний лангуун дээр гутал зардаг. Саяхан бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Би ажилтай болохоор аав дээрээ очиж чадаагүй л байна.

-Тэргээ хэдэн төгрөгөөр түрээсэлдэг юм бэ?

-Тэргээ өдрийн 4000 төгрөгөөр түрээсэлдэг юм. Нэг ачаа ачихдаа 2000 төгрөг, үдээс хойш 3000, 5000 болгож үнээ нэмдэг. Бас хол зөөвөл 10 мянган төгрөгөөр үнэлэнэ.

-Нууц биш бол өдөрт хэдэн төгрөгийн орлого олох уу?

-Би өдөрт 30 мянган төгрөгийн орлого олдог. Бас хулдаасан дээр давхар ажиллаж байгаа. Өглөө, оройд хулдаас ачиж, буулгана. Хулдаас аймар хүнд байдаг. Өвөл бүр хүнд жинтэй болчихдог. Харин зун хөнгөн өргөхөд амар болчихдог юм.

-Захын худалдаа эрхлэгчид та хоёрыг их сайн таних юм?

-Тэгэлгүй яахав. Бүгд бид хоёрыг сайн танина. Хүмүүс янз бүр  харьцана. Ихэнх нь бидэнд гоё урмын үг хэлдэг. Зарим сайхан сэтгэлтэй ах, эгч нар баярын бэлэг, хувцас хүртэл авч өгдөг. Харин цагдаагаас их айдаг.

-Яагаад?

-Насанд хүрээгүй хүүхдээр тэрэг түрүүлэхгүй гээд байдаг юм.

-Шинэ жилийн баяр болж байна. Та хоёрт маань ямар бэлэг авах дуртай вэ?

-Өнөөдөр, маргааш лбэлгээ цуглуулна даа. Орлого ч гэсэн энэ хоёр өдөрт хэр ажилтай байхаас шалтгаална. Манай хулдаасны лангууны дарга өнөөдөр /2019.12.30/ бялуу, бэлэг авч өгнө гэсэн. Орой гэртээ харихаараа аваад явна. Өнгөрсөн жилийн шинэ жилийн баярын өдөр бараг 50 мянган төгрөгийн орлого хийж байсан.

-Ажил хийж олсон мөнгөө юун зарцуулдаг вэ?

-Би гэртээ хэрэгтэй юм авна. Дүү нартаа юм авч өгнө. Үлдсэн мөнгөө хадгалахыг хичээдэг.

-Шинэ жилийн баяраа  хэрхэн тэмдэглэх вэ?

-Манайх Булган аймгийн Сансар сангийн аж ахуйд амьдардаг. Шинэ жилээр хөдөө гарах байх.

-Миний дүү том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Би том болоод ямар мэргэжилтэй хүн болохоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ сайн хүн болохыг л хүсч байна. Сая манай нэг ах цэрэгт явсан. Би цэргийн албанд явах дуртай. Харин тэнцэх болов уу. Би жаахан намхан нуруутай хэмээн эргэлзэнгүй хариулав.

Сүүлийн жилүүдэд гудамжинд гуйлга гуйж, томоохон захуудаар тор, сонин зарж, тэрэг түрдэг хүүхдүүд төдийлөн харагдахаа больжээ. Гэвч амьдралын шаардлагаар өнөөдөр ч бага насны хүүхдүүд хөдөлмөр эрхэлсээр байгаагийн нэг жишээ энэ. Г.Бүтэнбаяр хүү багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч, аав, ээждээ тус дэм болж яваа ажилсаг хүү. Тэрбээр том болоод ямар мэргэжилтэй хүн болохоо мэдэхгүй ч сайн хүн болохыг л хүсдэг тухайгаа хэлж байв. Хүү баярын өдөр ч ялгаагүй томчуудтай адилхан хөдөлмөрлөн, олсон орлогоо гэр бүлийнхэндээ зарцуулж, халуун ам бүлээрээ шинэ оноо угтахаар догдолж, яарна.

А.СҮРЭН

.Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж