МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.31-нд нийтлэгдсэн

МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

МАК зээлээ төлж, “Эрэл” луу унжжээ

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөлгүй луу унжиж буй компаниар “Хөтөл”, Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/ ТӨҮГ, “Бэрэн”,  “МАК цемент”, “Кью Эс Си”,  “Эрэл” ХХК-иуд нэрлэгдэж байсан бол өдгөө энэ жагсаалтад өөрчлөлт оржээ. Тодруулбал, “МАК цемент” компани зээлээ төлж эхэлсэн юм байна. Нийт 166.5 тэрбумын зээл яригдаж байснаас 27 тэрбум нь төлөгджээ. Үлдсэнийг шинэ график гарган, төлүүлэх арга хэмжээ авч ажиллаж буй аж.

Харин “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй.

Тус компани богино хугацаанд орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилгоор дээрх зээлийг Хөгжлийн банкнаас авсан ч улс төрийн шалтгаанаас үүдэж, төсөл нь хэрэгжээгүй. Үүнээс болж, зээлээ цаг хугацаандаа төлөх боломж хумигдсан гэж яригддаг. Гэхдээ энэ асуудлыг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат няцааж, графикийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэж үзсэн ч Монгол Улсын Хөгжлийн банкны захирлын мэдээллээр зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар ажилласан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Иймээс зээл авахдаа барьцаа болгосон хөрөнгөөр нь эргэн төлөлт хийх бодлого барьж эхэлжээ.  Энэ ажлыг прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэх юм байна.

Зээлээ төлөөгүй үндэслэлээр прокурорын байгууллагынхантай учраа таараад буй компаниар 187.6 тэрбумын зээл авсан “Кью Эс Си”, 161.5 тэрбумын зээл авсан “Хөтөл” нэрлэгдэж байна. Эдгээр дөрвөн компанийн авсан зээлийн хэмжээ 500 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, зээлийг эргэн төлүүлсэн нөхцөлд өөр төслүүдийг санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ гэж албаныхан үзэж буй юм.

Мөн дампуурсан “Капитал” банк, Монгол Драй Милк ХХК-ийн зээл прокурорын байгууллагад шилжжээ.

Шүүхэд асуудал нь шилжсэн компани нь Ган хүдэр орд, Хамтын эх булаг, Сонгоулд, ЖДҮХС-ҮХОБ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ТОСК ТӨҮГ-Шинэ яармаг, ТОСК ТӨҮГ- Хөдөлгөөнт цогцолбор, Пи Си Вай ХХК, ЖДҮХС-Капитал банк юм.

Эдгээр зээлдэгчдээс хамгийн том дүнтэй нь ТОСК аж. Нийт 355.5 тэрбумын зээл яригдаж байгаа. Энэ нь дотроо олон төрөлтэй.  Иймээс төрөл бүрт нь тохирсон арга хэмжээ авч зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Харин хохирлоо барагдуулахаар шүүхэд гаргасан гомдлоос зургаа нь Хөгжлийн банкны талд гарч, 11.6 тэрбум зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр нь барагдуулахаар болжээ. Үүнд Ти Жи Вай, Болор шүр,  Форс голд майнинг, Нью Хаппи, Эрд Хул, Мон Лаа ХХК-иуд багтаж байна. Зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй байх нь дараагийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж буй юм.

Гэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.  Салбараар нь авч үзвэл боловсруулах үйлдвэрлэлд 314.7 (51%тэрбум, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум, уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөг тус, тус олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Ингэхдээ уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй юм байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэн дэмжиж иржээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж буй. Уг төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж