Оюуны цангааг тайлж, мэлмий баясгасан бүтээлийн эзэд

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Оюуны цангааг тайлж, мэлмий баясгасан бүтээлийн эзэд

Оюуны цангааг тайлж, мэлмий баясгасан бүтээлийн эзэд

Монголын урчуудын эвлэл /МУЭ/-ээс оны шилдэг үзэсгэлэн, бүтээл гаргасан уран бүтээлчээ шалгаруулж шинэ оны босгон дээр зохион байгуулж, уран бүтээлчдээ шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг уран бүтээлээр  Ц.Болд “Хубилайн шуурга”, нэрт зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр”, залуу уран бүтээлч керамикч У.Одмаа нар бусдаасаа цойлсон юм. Эдгээр уран бүтээлчид Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач хэмээх хүндтэй шагналаар энгэрээ мялаагаад буй. Тэдний баяр дээр баяр нэмж Монгол Арт галерейгаас өнөөдөр /2019.12.30/шагналт зураачдаа хүлээн авч, үзэсгэлэн гаргах эрхээр шагнасан юм.

Монголчуудын урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж буй тус галерей уран бүтээлчдээ дэмжиж ажиллахад анхаарч байгаа аж.

УРЛАГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

Монгол Арт галерейн гүйцэтгэх захирал Н.ГҮНЧИНСҮРЭН: 

Нийт уран бүтээлчдэдээ шинэ оны мэнд хүргэе. Монголын Урчуудын Эвлэлийн оны шилдэг бүтээл 2019 үзэсгэлэнд шилдэг бүтээлээрээ шалгарсан дөрвөн уран бүтээлчээ галерейдаа урьж, ирэх онд уран бүтээлийг нь дэмжиж үзэсгэлэн гаргах эрх олгон хүндэтгэл үзүүллээ. Урлаг спортын салбарт аливаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид шинэ оны босгон дээр уран бүтээлчдээ дэмжих зорилгоор зураач тус бүрд гарын бэлэг, гурван сая төгрөг хүртэлх уран бүтээлийн үзэсгэлэн гаргах эрх олгосон нь нүдээ олсон шагнал болсон болов уу. Бид уран бүтээлчдэдээ шагнал олгохоос илүү хүндэтгэл үзүүлж байгаа нь хамгийн чухал. Манай галерей аль нэг талыг барилгүй уран бүтээлчдэдээ эрх тэгш хандах, үзэсгэлэн гаргах боломжийг нь бүрдүүлэх зэргээр тэднийгээ дэмжиж ажиллах нь бидний гол зорилго. Хэдийгээр манай галерей үүдээ нээгээд удаагүй ч уран бүтээлчдээ дэмжиж ажиллах, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын үйлчилгээ үзүүлэхэд онцгойлон анхаарч хичээн ажиллаж байна гэлээ.

ДҮРСЛЭХ УРЛАГТ 12 ЖИЛИЙН ДАРАА МЭНДЭЛСЭН “ДЭЛХИЙН НЭГ ӨДӨР” БҮТЭЭЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ

Зураач Н.Сэргэлэн  шавь нарынхаа хамт Монголын дүрслэх урлагийн хамгийн том “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг 12 жил урласан юм. Энэхүү бүтээлд  манай цэнхэр гараг дээр оршин байгаа улс орнуудыг тив тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн өвөрмөц тогтоц, тухайн улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, дэлхийд гайхагдсан бүтээн байгуулалтуудыг нэгэн хавтгайд багтааж томоохон орон зайг хураангуйлан, таван мянга гаруй дүр дүрслэлийг шигтгэсэн зурснаараа онцлогтой.

Зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөн, нийт 52.5 ам дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм. Уг бүтээлээрээ зураач Н.Сэргэлэн  МУЭ-ийн шагналт зураач хэмээх хүндтэй цолын эзэн болсон юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

МУЭ-ийн шагналт зураач Н.СЭРГЭЛЭН:  

-Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Улирч буй 2019 онд үнэхээр том үйл явдал тохиож “Дэлхийн нэг өдөр” бүтээлээ өлгийдөн авлаа. Миний хувьд Монгол зургийн томоохон бүтээл хийхийг зорьсон. Тэртээ 1998 онд энэхүү бүтээлийнхээ санааг гаргаж, судалгаагаа эхлүүлсэн. 2007 оноос гурван шавийнхаа хамт бүтээлийн ажлаа эхлүүлж, 2019 онд дэлгэлээ. Оны босгон дээр Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач хэмээх хамгийн хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Ирэх онд  “Дэлхийн нэг өдөр”-тэй дүйцэхүйц бүтээл туурвихаар төлөвлөсөн. Монгол Арт галерейгаас үзэсгэлэн гаргах эрхийн бичиг, гарын бэлэг гардуулж, хүлээн авч уулзсанд баяртай байна гэлээ.

“Дэлхийн нэг өдөр” бүтээл дээр багш Н.Сэргэлэнгийн хамт 12 жил сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан Ш.Сайнзул шинэ оны босгон дээр Монгол арт галерейгаас үзэсгэлэн гаргах эрхээр шагнуулсан юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.

“ДЭЛХИЙН НЭГ ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ ЗУРГИЙН АРГААР УРЛАСАН

Чөлөөт уран бүтээлч Ш.САЙНЗУЛ:

“Дэлхийн нэг өдөр” бүтээлийг анх 2007 онд багшийнхаа хамт эхлүүлж, 2019 оны босгон дээр үзэгчдэдээ дэлгэлээ. Бид өмнө нь Монгол ахуйгаа л зурдаг байлаа. Уламжлалт зан заншил, монголоо дүрсэлдэг. Харин “Дэлхийн нэг өдөр”-т  олон үндэстний соёл, ахуй зан заншил, орчин үеийн барилга, дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлуудыг монгол зургийн аргаар харуулахыг зорьсон. Ер нь Монгол зураг өөрөө хүнээс тэсвэр хатуужил шаарддаг. Нэг зүйлд төвлөрч удаан хугацаанд суудаг. Энэ утгаараа олон жил үргэлжилсэн бүтээл дээр зарим үед өөр уран бүтээл хийх санаа төрөх үе гарч байсан. Гэхдээ 2019 онд багтааж  “Дэлхийн нэг өдөр”-өө  үзэгчдэдээ толилуулсандаа баяртай байна.

                 ГАШУУН ТҮҮХИЙГ САНУУЛСАН “ХУБИЛАЙН ШУУРГА”

Зураач Ц.Болд  “Хубилайн шуурга” бүтээлээрээ үзэгчдэд гашуун түүхээ мартаж болохгүйг сануулахыг зорьжээ. Энэхүү бүтээлээ тэрбээр нэг жил гаруйн хугацаанд урлажээ.

Зураач Ц.БОЛД:  

-Монголын урчуудын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “шилдэг уран бүтээлч”-ийн шагналыг “Хубилайн шуурга”түүхэн  сэдэвт бүтээлээрээ хүртлээ. Энэхүү бүтээлдээ Хубилай хааны Япончуудтай хийсэн тулалдаан эхлэх үеийн агшныг харуулсан. Монголын түүхэнд гашуунаар тэмдэглэгдсэн үлдсэн энэ үйл явдлыг монгол түмэн бүү мартаасай гэж энэхүү бүтээлээ туурвилаа. Бидний өвөг дээдэс ялсан ч ялагдсан ч монголчуудын л түүх байх болно. Эл бүтээлийг минь Монгол арт галерейгаас үнэлж, хүлээн авч уулзаж байна. Тус галерейн хамт олонд их талархаж байна. Үүдээ нээгээд удаагүй ч үе үеийн ахмад, залуу үеийн уран бүтээлчдээ хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай гэлээ.

МУНДАГ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТ ХАЛУУН ДОТНО ЯРИА ӨРНҮҮЛЛЭЭ

Залуу уран бүтээлчдээс цахиур хагалж Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач хэмээх хүндтэй шагналын эзэн болсон керамикч У.Одмаагийн сэтгэгдлийг сонслоо.

Зураач керамикч У.ОДМАА:

Миний хувьд залуу уран бүтээлчдэдээ ордог. Энэ жил МУЭ-ийн шилдэг бүтээлийн баярын цэнгүүнээс гурван шагналын эзнээр тодорсондоо баяртай байна. Маш их урам зориг авлаа. Монгол арт галерейгаас биднийг хүлээн авч уулзаж, баяр хүргэж байгаад баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Мундаг уран бүтээлчидтэй хамт халуун дотно яриа өрнүүлж, сайхан цаг хугацааг өнгөрүүлж буйдаа баяртай байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж