Хорин дөрөвхөн настай шижигнэсэн инженер Х.Мүпти Баян-Өлгий аймгийн Барилга трестэд ажиллахаар ирэхэд 1650 ажилтантай хүчирхэг хамт олон угтан авчээ. Ороо бусгаа нийгмийн цохилтод тэд өртөж ганцхан жилийн дотор ердөө 50-иадхан хүн үлдэж, ихэнх нь ажилгүй, зарим нь Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр явж, үлдсэн цөөн нь ганзагын наймаанд мордсон гэдэг. Бодит үнэнтэй халз тулсан түүнд хүүхэд ахуйгаасаа мөрөөдсөн мэргэжлээрээ тууштай явах уу, амьдрах өөр зам хайх уу гэсэн сонголт туулжээ. Нөхцөл байдалд дүгнэлт хийж “Хүн байгаа цагт орох орон хэзээ ч шаардагдах нь тодорхой. Нийгэм заавал сэргэнэ, би сэргээнэ” гэсэн хатуу зорилго тавьж “Көшелик” компаниа 1996 онд байгуулжээ.
ЗОРИЛГОТОЙ ХҮНИЙ ЗАМ УРТ
Барилгын эдийн засагчаар төгсөж, Улаанбаатар хотод ажлын гараагаа эхэлсэн Х.Мүпти инженер эх нутагтаа Баян-Өлгий аймгийн Барилгын 4-р трестэд ажиллахаар ирэв. Энэ үед Монгол Улс дахь нийгмийг хамарсан өөрчлөлт барилгын салбарыг ч тойрсонгүй. Ажиллаж байсан газар нь хүний нөөцийн хувьд бараг дампуурч буйг хараад харамсан халаглах ч багадаж байв. Барилгачдын ахуй амьдралын унтаа байдал, гар хөдөлмөр зонхилсон талбайн хүнд хүчир ажил, удирдлага зохион байгуулалтын буруу тогтолцоог сайжруулах арга зам эрэлхийлж, компани байгуулахаар зориг шулууджээ.
Ийнхүү “Көшелик” компани Баян-Өлгийн түүхэнд барилгын салбарын анхны шинэчлэлийг авчирсан гэдэг. Өлгий хотод дутуу баригдсан Гаалийн барилгыг гүйцээхээр хотоос цэргүүд ирсэн үеэр н.Балжинням гэж хүн “Барилгын тусгай зөвшөөрөл авах”-ын чухлыг Х.Мүптид зөвлөжээ. Ийнхүү зориг гарган 350.000 төгрөгийн үнэтэй зөвшөөрлийн бичиг авахаар Улаанбаатарыг зорилоо. Тухайн үеийн Барилгын яаманд ажиллаж байсан, өдгөө Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Оюун түүний үйлдлийг гайхширч чи энэ мөнгөөр наймаа хийсэн нь дээргүй юу хэмээн зөвлөж байсан гэдэг. Залуухан инженер, барьцааны ямар ч хөрөнгөгүй атлаа мэргэжил нэгт хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшлээ даган 1999 онд анхны тендерт оролцлоо. Баян-Өлгий аймгийн 921 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр өрсөлдөж үнийн санал, ажлын шалгуур, гүйцэтгэлийн график зэрэг үзүүлэлтээр шалгарсан ч техникийн боломжгүй гэх үндэслэлээр буцаагдлаа. Азаар яам алсын хараатай хандаж яаж барих төслөө танилцуул гэжээ. Цомхотголоор халагдсан 250 шилдэг инженер Баян-Өлгийд ажилгүй байсан ба Х.Мүпти тэдний заримынх нь өргөдөл, дипломыг нь цүнхэлж аваад явсныгаа үзүүлэв. Тэдгээр инженерүүд ажиллаж байх үедээ өөр өөрсдийн хариуцсан техникээ хувьдаа худалдаж авсан байсныг ч баталгаажуулснаа харуулав. Ингээд л орлогчтойгоо дундаа 1 мотоцикл, 2 ширхэг хүрзтэй анхны ажлаа эхэлсэн “Көшелик” компани тендерийн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба өнөөг хүртэл төслийн ямар ч зээл авалгүйгээр өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.
МЭРГЭЖЛИЙН БАЙХ ШАЛГУУР
Мэргэжлийн байх гэдэг шаардлагыг Х.Мүпти захирал анхнаасаа маш хатуу шаардаж ирсэн байдаг. Анхны тендерийг гүйцэтгэгчид долуулхнаа байсан ч тэд бүгл арваас дээш жил салбартаа ажилласан, таваас доошгүй барилгыг бүтээн байгуулсан хүмүүс байжээ. “Ашиг бол бизнесийн номер нэг зорилго биш. Асуудлын гол нь Баян-Өлгийн барилгачид Монголдоо танигдах ёстой. Хорин жил бүтээсэн бүхэн ганцхан жилийн хугацаанд нурж байсан салбарын уналтыг харсан тэр харуусал миний зорилгыг илүү тэлсэн гэх үү дээ. Хэрвээ тухайн үеийн хүчин чадал, хүний нөөцөө хэвээр хадгалж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бол баруун аймгууд бүү хэл улс даяар алдартай барилгын том корпорацийн дайны боломж манай аймагт байсан юм шүү дээ” хэмээн Х.Мүпти захирал намуухан ярина. Дотроо бодолтой, дороо суурьтай зан араншингийнх нь төлөвшил гэр бүл хийгээд аймаг орон нутагтаа өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд, үнэ цэнг аль хэдийнээ буй болгосныг нь хараад эрхгүй бахархал төрнө. Түүний удирдаж буй “Көшелик” компани байгуулагдсан цагаасаа хойш 250 ажилтныг барилгын салбарт төрүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн барилга угсралт, үйлчилгээтэй холбоотой бүхий л ажлуудыг энэ 250 хүн нугалж яваа ажээ. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд суралцагсдаас ажилтнуудаа бүрдүүлж, жилд 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 130 сая хүртэлх төгрөгийн татвар төлж Монгол Улсын хэмжээнд шилдгээр шалгарчээ. Мөн жилдээ 50-70 хүнийг нийгмийн даатгалд хамруулдаг ба жилд 200 хүн тус компанид тогтмол ажиллаж орлого олдог байна.
НЭГ ГАРААНААС ЭХЭЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ НЬ ТҮРҮҮЛ
Бизнесмэн хүний эхний зорилго бол тэр ажлыг хийж чадна гэсэн итгэл үнэмшил юм гэж Х.Мүпти захирал онцоллоо. Тэрээр дэлхийн тэрбумтнуудыг өөрсдөө бичсэн болон тэдний тухай гарсан бүх номыг цуглуулж уншдаг бөгөөд “Бусдын дэмжлэггүйгээр амжилтанд хүрч байсан түүх хэнд ч байхгүй. Тэрбумтнууд бүгд л хүнд итгэж, итгэл дааж амжилтанд хүрсэн хүмүүс байсан” гэж үзэл бодлоо хуваалцана. Монголын төр засгийг амтай болгон буруутгадаг болсон өнөө цагт Х.Мүпти тэс өөрийг хүүрнэлээ. “Манайхан төр рүү буруугаа их чихдэг. Гэтэл бид гадаадад гарах бүрэн эрхтэй, бизнес эрхлэх боломж бүрдсэн нийгэмд амьдарч байна. Татварын хүнд дарамт ч яс юман дээрээ гайгүй шүү дээ. Гол нь хуулийн дагуу ажилладаггүй учраас л татварын асуудалд ордог. Хүн өөрөө хичээвэл таатай орчин бий” хэмээн ярьсан юм. Бүх юмыг загварчлахаа больсон цаг хугацаанд бид оршиж байна. “Нэг гараанаас эхэл, тэгээд хэн чадвартай хичээл зүтгэлтэй нь үлдээрэй” гэдэг уралдааныг төрөөс зарласан гэж бодож ажил амьдралдаа ханддаг байна. Иргэд хүчтэй бол засаг хүчтэй гэсэн итгэл үнэмшилтэй явдаг Х.Мүпти захирал “Хятадын хил давахдаа татвараа төлдөг хэрнээ эх орныхоо хил дээр ирээд татвараас зайлсхийлдэг” мөн чанарыг огт ойлгодоггүй. Хүний чин сэтгэл, үнэнч байдал хүчтэй иргэдийг төрүүлдэг хэмээн туршлагаасаа хуваалцсан юм.
АЛСЫН ХАРАА
Холын зорилготой хүн гэдэг аливаад үргэлж бэлтгэлтэй, тооцоотой байх аж. Суурин газрыг одооноос эхэлж сайтар төлөвлөх хэрэгтэй, утаагүй, хоггүй, хүн амыг нь эрүүл байлгахын тулд тохилог байр олноор барихын чухлыг Х.Мүпти гуай онцолж байлаа. Дундаж иргэдийн давхарга олшрох буюу бүгд сууцанд амьдрах тэр цагийг бий болгох мөрөөдөлтэй тэрээр тодорхой шийдлийг ч санал болгосон юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын гажуудлыг тэ дурдаад төрийн албан хаагч гэлтгүй жижиг бизнес эрхлэгчдийг ч зээлд хамруулж орон сууц авах боломжийг бүрдүүлэхийн чухлыг хэллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд төрд уламжлах зүйл гэвэд арилжааны банкийг нээлттэй болгох, зээл олгох нөхцөлийг хөнгөлөх явдал хэмээн ярьсан. Зах зээл өөрөө зээлийн нийгэм. Тиймээс олон хүнд нийгмийн халамж нэмснээс зээлийн хүүг багасгаж, татвараа тогтмол авах нь бодлогын хувьд илүү зөв байж болох юм. Жишээ нь бид нэг тэрбум төгрөгийн борлуулалтаас 130 саяыг төлж байхад жижиглэнгээр худалдаалагчид 2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зарчихаад патентын татвар гэж 120,000 төгрөг төлдөг. Үүнийг жигдрүүлж, татварын тогтолцоог эрүүлжүүлэх нь чухал гэлээ.
Баян-Өлгий аймагт 6 давхартай анхны хагас шилэн барилга нэгэнд сүндэрлэжээ. Барьсан эзэд нь Х.Мүпти захиралтай “Көшелик” компанийн хамт олон. Тал шиг том газарт бус ердөө 10х12 харьцаатай талбайг яаж зөв ашиглаж болдгийг харуулах гэж, мэргэжлийн ур чадвараа батлах гэж хийсэн ажил ажээ. Жигд хэрнээ өвөрмөц байлгах бодлогоор сарын дотор гүйцэтгэсэн, үлгэр дуурайл болж чадсан, хөрөнгө оруулагчдад санаа өгье гэсэн олон зорилгуудыг энэ бүтээн байгуулалтаараа харуулахыг зорьжээ. Аймгийн нийт барилга угсралтын, үйлчилгээний 80 орчим хувийг гүйцэтгэдэг тус компанийн захирал Х.Мүпти өөрөө шинжлэх ухаанч байдлыг ажилдаа нягт шингээдгээс гадна оюуны бүтээлийг шимтэн уншиж, өгөөжтэй ашиглаж иржээ. Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлуудыг дурдахад сэтгүүлийн цөөн хуудас ч хүрэлцэмгүй байлаа.
БАРУУН ХЯЗГААРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ Х.МҮПТИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт ард иргэд ээ! Та бүхэнд ирж буй шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Улирч буй 2019 он Баян-Өлгий аймгийн хувьд үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Мөн 20 жилийн түүхтэй барилга угсралтын “Көшелик” компани улсын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт болон өөрийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж ашиглалтад орууллаа.
“Көшелик” компани 2019 онд Баян-Өлгий аймгийн барилга угсралт, гадаад худалдаа, үйлчилгээний салбарт 300 хүнийг ажлын байртай болголоо. Үүнээс байнгын ажлын байр 200, түр ажлын байраар 100 хүнийг ханган ажиллалаа.
Энэхүү амжилтуудаа ирэх 2020 онд улам бататгаж, илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Эх орныхоо өнцөг булан бүрт болон алс баруун хязгаарт ажиллаж амьдран суугаа түмний минь ариун цагаан хөдөлмөр, зүтгэлийн шим улам оргилж, айл бүхний хойморт жаргалын наран гийж, амжилт бүтээл, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье!
Эх сурвалж: Forbes Mongolia
Холбоотой мэдээ