FactCheck.mn вэб сайт өнөөдөр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

FactCheck.mn вэб сайт өнөөдөр нээлтээ хийлээ

Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тархалттай зэрэгцэн “FAKE NEWS” буюу хуурамч мэдээлэл нь орчин үеийн хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг болоод байна. Тиймээс ч энэ цаг үед дэлхий даяар бичиг үсэг тайлагдалтаас илүү мэдээллийн боловсрол гэх зүйл чухал байр суурь эзлэх болсон билээ. 


Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс /ЭССТТ/ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн мэргэжлийн сэтгүүлчдийн факт-чек хийх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор "Fact-check Mongolia" хөтөлбөрийг ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл олширсноор хэвлэл мэдээлэл дэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод нийгмийн сүлжээний ялгаа зааг бүдгэрэхэд нөлөөлөх болсон.

Ингэснээр мэргэжлийн сэтгүүлчдэд баримт нягтлан шалгах ур чадвар, ёс зүй, соёлыг яаралтай төлөвшүүлэх хэрэгцээ бий болж байгаа хэмээн үзэж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хуурамч мэдээллийн эсрэг зөвхөн нягталсан мэдээллийг түгээх www.factcheck.mn вэб сайт өнөөдөр /2019.12.30/ нээлтээ хийлээ.

FACTCHECK.MN САЙТ НЬ МЭРГЭЖЛИЙН, АШГИЙН ТӨЛӨӨ БУС РЕДАКЦ ЮМ

ЭССТТ-ийн фактчекер Ц.Тамир “FactCheck.mn сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц юм. Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж, үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар "Fact-check Mongolia" хөтөлбөрийн гишүүн манай сайтын хамтран ажиллагч түнш 16 хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Тиймээс FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байгааг энд онцолмоор байна” гэв.

МЭДЭЭЛЛИЙГ НЯГТЛАН ШАЛГАХ, ЁС ЗҮЙ ХОЁР ЭГЧ ДҮҮС ШИГ УЯЛДАА ХОЛБООТОЙ 

Уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Есдүгээр сараас эхэлсэн "Fact-check Mongolia" хөтөлбөр маань үр дүнд хүрээд, өнөөдөр вэб сайтаа өлгийдөж авч байгаадаа баяртай байна.

Тус төслийн нээлтийн үеэр  би “Мэдээллийг нягтлан шалгах, ёс зүй хоёр эгч дүүс шиг уялдаа холбоотой. Бие биеэс нь салгахын аргагүй зүйл юм”  гэж хэлж байсан удаатай.

Үүнийгээ өнөөдөр ч мөн дахин хэлмээр байна. Сэтгүүлчдийн ёс зүйн код бол зөвхөн тунхаг төдий зүйл биш. Сэтгүүлчийн өдөр тутмын үйл ажиллагаанаас урган гардаг зүйл юм. Хэвлэлийн зөвлөл ёс зүйн код тогтоодог, хэрэгжүүлдэг байгууллага. Өнгөрсөн хугацаанд 333 өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Энэ нь нэг талдаа иргэд үнэнийг мэдэхийн төлөө Хэвлэл мэдээллийн зөвлөлд ханддаг соёл бол Монголд төлөвшиж эхэлснийг харуулж байна. Тийм болохоор FactCheck.mn сайт цаашид маш эрчимтэй хөгжинө гэж харж байгаа.

Дээрх 300 гаруй гомдлын 80 орчим хувь нь редакц ёс зүйн алдаа гаргасан байсан. Тухайлбал, алдаа гаргасан таван мэдээллийн хэрэгсэл тутмын нэг нь мэдээллийг нягталж шалгаагүй гэсэн үр дүн гарсан. Мэдээллийг нягталж, шалгадаг ур чадварыг сэтгүүлчид эзэмшээд, үүнийгээ мэдээлэл дээр ашиглаад явах нь эргээд иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх зарчмыг хангаж байгаа юм”  хэмээн онцоллоо.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж