“NEWS" агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг онцолж байна.
Содномзундуйн Эрдэнэ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга. Адармаатай түүхтэй түүний хувьд Ардчилсан намын сонин, содон дүр төрх. Тэр зарим хүний хувьд гайхалтай сайн, зарим хүнд маш муу хүн. Нийгэмд түүний талаар сайн, муу хоёр туйл өрнөдөг нь өнгөрсөн 27 жил улс төрд туулж өнгөрүүлсэн амьдралын замналтай нь шууд холбоотой. Сайн, муугаар чамгүй их хэлүүлдэг тэрбээр АН-ын уналт, босолт аль ч цаг үед хамт байж, өдгөө ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхэн ойгоор намынхаа даргаар ажиллаж буй нь том хувь завшаан биз ээ.
Ардчилсан намд элссэн он, жил нь тэртээ 1990 онд Багануур дүүргийн Ардчилсан намын дарга болсноос эхлэлтэй. Улмаар 1995 он хүртэл АН-ын шат шатны байгууллагад ажиллаж байгаад 1995-2000 онуудад Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны даргаар, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан. Тэр утгаараа тэрбээр Баянголоор овоглох нь олонтой. Баянголын Эрдэнэ гэсэн нэр түүний нэрийн өмнөх автор нь. Гэхдээ энэ автор сайн муугийн аль алинаар нь хэлэгддэг. Тухайлбал, Баянгол дүүрэгт эзэн суусан, намын хороогоо ах, дүү хамаатан саднаа дүүргэсэн гээд түүнд хамаатуулах муу нэр мундахгүй. Мөн Баянгол дүүргийг ч Эрдэнийн вант улс ч гэдэг.
Өдгөө УИХ-д дөрөв удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр туршлагатай улстөрчдийн нэг. Хэлье гэснээ хэнээс ч айхгүй шулуун шууд хэлчихдэг зан нь зарим үед дайснаа олон болгодгийг үгүйсгэхгүй. Хувь хүний характерийн хувьд ширүүн дүртэй, шударга нэгэн.
АН дотроо олон фракцтай. С.Эрдэнийн хувьд “Шонхор” фракцыг байгуулж, 2012- 2016 оны тус фракцаа мандан бадруулсан үе нь гэж тодотгож болно. С.Эрдэнэ АН лидерүүдийн нэг мөнөөсөө мөн. Тэр ч утгаараа АН-ын нийт гишүүд нь 2016 оны сонгуулийн ялагдлын дараа түүнийг намын даргаараа сонгосон. Энэ нь АН анх удаагаа нийт гишүүдээсээ буюу 200 мянга гаруй гишүүдийн олонхоор намын даргаа тодруулсан явдал байв.
С.Эрдэнэ АН-ын дарга болсныхоо дараа намаа фракцгүй болгох шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ тухай хэлсэн үгэндээ “АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намын шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракц давамгайлсан үйл ажиллагаа явуулахгүй” хэмээн хэлж байв.
Ийн 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын халуун суурин дээр намынхаа даргаар ажиллаж буй өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ намдаа юу хийв гэдгийг товчхон өгүүлбэл, намдаа бодлогын шинэчлэлт өрнүүлж, намын үзэл баримтлалаа тодорхой болгов, гишүүдийнхээ намынхаа үйл ажиллагаанд оролцох идэвхийг эрс дээшлүүлж, Ардчилсан нам ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээсэн. Мөн намын бүх шатны төлөөллийн байгууллагууд нь шинэчлэгдэж, анхан, дунд, дээд шатны бүх удирдлага 100 хувь шинэчлэгдсэн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан зэрэг нь АН-ын шинэчлэлийн үр дүн байсан.
АН-д хуучин байсан гажуудлын нэг нь үе үеийн намын дарга нараа огцруулах, солих ялангуяа улс төрийн сонгууль ойртсон үед намын даргаа солих үзэгдэл байсан. Тэгвэл энэ байдлыг засч, улс төрийн хариуцлага хүлээхээс бусад нөхцөлд намын даргыг сольдог байдлыг дүрмээр хааж өгсөн нь намын тогтвортой байдлыг илүүтэй хангасных биз ээ. Нөгөөтэйгүүр “Сайны хажуугаар саар” гэгчээр АН-ын зарим гишүүн нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж, зарим нөхөд нь намаасаа тусгаар тогтнолоо зарласан гээд АН-д сайн, муу аль нь хослов. Тухайн үед С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлээс хасч, Ч.Сайханбилэгийг өмөөрсөн нь тус намын ҮБХ-ны шийдвэр байсан хэдий ч С.Эрдэнийг муухай харагдуулах үйл явцын нэг байв.
Үндэсний хэмжээний намын УИХ дахь бүлэг нь зөвлөлийн статуст шилжсэн ч гэсэн С.Эрдэнэ дарга намын гишүүдийнхээ хамт эрх баригч, хэсэг бүлэг хүний үзэл бодол, хүсэл сонирхлыг дагасангүй.
Тэд намынхаа гагцхүү үзэл баримтлалын туг нь болж УИХ-д ажиллаж байна.
Ямартай ч өнгөрсөн дөрвөн жилийн үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийнхээ үр дүнг УИХ-ын 2020 оны сонгуулиар харна. АН ард түмний өмнө хэрэгтэй цагт нь итгэл найдварынх нь илч байж чадах уу, үгүй юу гэдэгтээ хариу өгөх мөч.
С.ЭРДЭНИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
- 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
- 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
- 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
- 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
- 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
- 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
- 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
- 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
- 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
- 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
- 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
- 2000 онд МоАН-ын дарга
- 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
- 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
- 2012 оноос Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- 2017 оноос Ардчилсан Намын дарга
ШАГНАЛ:
- 2001 Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан
- 2006 онд Алтангадас одон
- 2007 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
- 2015 онд Төрийн албаны тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос
Холбоотой мэдээ