Л.Мандула: Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Л.Мандула: Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн

Цахим орчинд өчигдөр орой /2019.12.29/ нэгэн хүүгийн найтааж буй бичлэг тарж, Монголчууд биднийг хөгжөөгөөд авсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд тэсэлгүй найтаасан тэр хүү бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач юм байна. Түүнтэй уулзаж, ярилцлаа.

-Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Лүндэгийн Мандула гэдэг. Нийслэлийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.

-Тэр өдөр яг юу болсон юм бэ, тэсэлгүй найтаах шиг болсон, ханиадтай байсан юм уу?

-Ханиадтай байгаад эдгэж байсан юм. Бичлэг хийж байхад найтаах гээд, хамар загатнаад сонин болоод байсан. Уг нь найтаахгүй гэж би их хичээсэн. Эхлээд нэг найтаасан, дараа нь дахиад найтаасан. Хүмүүс мэдсэнгүй гэж бодож байтал ахиад л найтаачихсан. Бүр тэсээгүй. Тэгтэл хамраас шингэн нус гоожчихсон.

-Загнах байх гэж айсан уу, тэр үед Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ?

-Ерөөсөө айгаагүй. Харин хүүхдүүд шоолох байх даа гэж бодсон. Ерөнхий сайд "Чи ч их тэслээ, би ч их тэслээ" гэсэн. Дараа нь надаас "Танай ангид хэдэн хүүхэд сурдаг вэ, хэчнээн охид, хөвгүүд байдаг вэ" гэж асуусан. Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн.

-Чи юу гэж хариулсан бэ?

-Би санахгүй байна гэж хариулсан. Яг тэр үед ангийнхаа хүүхдүүдийг тоолох манатай байсан.

-Чиний бичлэгийг их олон хүн үзэж, өхөөрдсөн. Эргэн тойрны хүмүүс чамайг юу гэж байна?

-Од болжээ л гэсэн. Харин би өөрөө үзээд ичээд байгаа юм. Нус гараагүй байсан бол бүр гоё байхгүй юу.

-Танай өвөө Монголын нэртэй яруу найрагч хүн байжээ. Чи өвөөгөө мэддэг үү?

-Мэднэ. Би өвөөдөө их эрхэлдэг байсан. Өвөө маань намайг ерөөсөө загнадаггүй, дандаа л эрхлүүлнэ. Би бүр өвөө дээрээ гараад суучихдаг байсан. Надад ном уншиж, үлгэр ярьж өгдөг байв. Би өвөөгийнхөө "Миний ном" дуунд нь дуртай. Багадаа цээжээрээ мэддэг, байнга дуулдаг байсан гэж аав, ээж ярьдаг. Даанч одоо мартчихсан.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Дэлгүүрийн эзэн болно гэж бодож байгаа.

-Яагаад?

-Дуртай амттанаа хүссэн үедээ иднэ шүү дээ.

-Шинэ жил чиний хувьд ямар баяр вэ, юу нь гоё вэ?

-Миний хамгийн дуртай баяр. Гацуур засаад л, доор нь гоё бэлгүүд байдаг.

-Энэ жил өвлийн өвөөгөөс юу авмаар байна?

-Би өвлийн өвөөд монкартын дракастай робот захиалчихсан. Захиалгаа эрт өгсөн юм чинь хүслийг маань биелүүлэх байх аа.

-Тэгэх байх аа. Хүсэл нь удахгүй биелэх болтугай!

-Баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
541
ЗөвЗөв
131
ХахаХаха
63
ХөөрхөнХөөрхөн
17
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж