Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ арванхоёдугаар сарын 26-ны өдөр Чех улсын Острава болон Тршинеч хотуудад эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр В хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт АНУ-ОХУ хоёр улсуудын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.
Тус хоёр баг өнгөрсөн жилийн Канад улсад зохион байгуулагдсан ДАШТ-ний хагас шигшээд тааран тоглоход 2-1 харьцаатай АНУ ялж байсан бол энэ удаа мөн адил АНУ-ын залуучуудын шигшээ баг 3-1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын хувьд АНУ-ын шигшээ багаас энэ жил 20 настай Лос-Анжелос Кингс багийн Узбекистан гаралтай Артур Калиев хоёр гоол, Канадын лигийн Петерборов Петес багт тоглодог Николас Робертсон нэг гоол тус тус оруулан багтаа тус хүргэсэн бол ОХУ-ын шигшээ багаас нэр төрийн ганц гоолыг ЦСКА Москва багийн 19 настай Александр Романов оруулжээ.
АНУ-ын шигшээ баг энэхүү тоглолтод ялснаар В хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Харин ОХУ-ын шигшээ баг 3 оноотой араас нь удаалж байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ