2019 онд Азид өөрчлөлт авчирсан таван залуу

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

2019 онд Азид өөрчлөлт авчирсан таван залуу

2019 онд Азид өөрчлөлт авчирсан таван залуу

2019 он бол залуу идэвхтнүүдийн жил байлаа. Дэлхийн өнцөг булан бүрт залуус цаг уурын өөрчлөлт, жендерийн тэгш бус байдал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдлийг эрэлхийлэн, манлайлж байна. Залуусын эхлүүлсэн хөдөлгөөн Тайваньд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрүүлж, Хонгконгод ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийг хагас жил тасралтгүй өрнүүлж байна. Тэдний ирээдүй эрсдэлд орж байгаа учир залуус босч, тэмцэж эхэллээ. Энэ олон улс орнууд хоорондоо газар зүйн байрлалын хувьд хол, соёл ёс заншлын хувьд ч тэс ондоо боловч нийгмийн асуудлууд хаа газар оршсоор байгаа юм. Ингээд “CNN” агентлаг улиран өнгөрч буй онд Ази тивд их өөрчлөлтийг авчрахад нөлөөлсөн таван залууг онцолсныг танилцуулъя.


ВЭН ЮУ ЧИН, 24 НАСТАЙ, ТАЙВАНЬ

Одоо 24 настай Юу Чин Вэн Тайваньд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахад өөрийн чадах бүхнээ хийж хувь нэмрээ оруулсан. Тавдугаар сард Тайпэй хотын гудамжинд солонгон далбаа барьсан мянга мянган залуус  баярын жагсаал хийж байсны нэг нь Чин Вэн. Учир нь тавдугаар сарын 24-ны өдөр тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хуулиараа зөвшөөрсөн юм. Энэ хууль 2017 оноос хойш хоёр жилийн турш хэлэлцэгдсэний дараа ийн биеллээ олсон.

Тэр 17 настайгаасаа ЛГБТ эрхийн төлөө тэмцэж ирсэн бөгөөд Вэн ба түүний хамтран зүтгэгчдийн хүчин чармайлт нь Тайванийг гэрлэлтийн тэгш байдлыг хангасан Азийн анхны улс болгох үндэс суурийг тавьжээ.

Олон сарын турш хууль тогтоогчдыг лоббидож, хэдэн арван удаа гуамжинд гаран жагсч, олон нийтийн кампанит ажил, сайн дурын ажил өрнүүлсний эцэст сая нэг хүний эрхийн маш том асуудлуудын нэг болох ижил хүйстэн гэрлэлтийн тухай хууль эцэслэн батлагдахыг харахад "гайхалтай" санагдсан гэж Вэн хэлэв.

ЖОСЕЛИН ЧАУ, 23 НАСТАЙ, ХОНГКОНГ

Эрх чөлөө, ардчиллын төлөө Хонгконг залуус тэмцээд хагас жилийн нүүрийг үзжээ. Бүгд нэгэн зорилгын төлөө тэмцэж буй залуусын тэмцэл хэзээ ч мохсонгүй одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Арваннэгдүгээр сард Хонгконгод орон нутгийн сонгууль болоход Хонгконгчууд түүхэн сонголт хийж, Бээжингийн талыг баримтлагчид том ялагдал хүлээж, ихэнх дүүргүүдэд Ардчилсан хөдөлгөөний залуус ялалт байгуулсны нэг нь 23 настай Жоселин Чау юм. 2014 онд Хонгконгод мөн л эсэргүүцлийн цагсаал болж, жагсагчид 79 хоногийн турш гудамж талбайг эзлэхэд тэр өсвөр насны хүүхэд байсан бөгөөд эндээс тэр хүний эрх, ардчиллын талаар илүү их ойлгож, залууст юуг ч хийж чадах хүч чадал бий гэдэг урам зориг авчээ.

Чаугийн мөрийн хөтөлбөр нь илт улс төрийн шинжтэй байгаагүй бөгөөд үүний оронд олон нийтийн асуудалд анхаарлаа хандуулж байсан юм. Аравдугаар сард тэрбээр гудамжинд сурталчилгаагаа явуулж байх үеэрээ халдлагад өртөж, зурагт хуудсаа уруулж, газар дэвсүүлж байсан  ч тэр бууж өгсөнгүй. Энэ үеэр тэр биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй ч тэр энэхүү бүдүүлэг халдлагын бичлэгийг цахим сүлжээнд байршуулж, үзэл бодлоо илэрхийлсэн, эрхийнхээ төлөө тэмцсэн залуусыг хэрхэн дорд үзэж буйг харуулахыг хүсчээ. Түүний бичлэгийг бараг нэг сая орчим хүн үзэж, цахим орчинд түүнийг маш олон хүмүүс дэмжихээ илэрхийлсэн байна. Ингээд арваннэгдүгээр сар болоход өөрчлөлт шинэчлэлийг хүссэн ард түмний дэмжлэгээр тэр 20 гаруй жил эрх барьсан Бээжингийн талыг баримтлагч талыг ялан гарч ирсэн юм.

РИДХИМА ПАНДЕЙ, 12 НАСТАЙ, ЭНЭТХЭГ

Ридхима Пандей дөнгөж 12 настай, гэхдээ түүний нэр, царайг дэлхий даяар мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.  Тэр бол Шведийн залуу идэвхтэн 16 настай цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг нартай хамт НҮБ-д гомдол гаргаж, дэлхийн  тэргүүлэгч таван улсыг уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж байна гэж зоригтойгоор дуугарч, шүүмжилсэн өсвөр насны идэвхтнүүдийн нэг. Энэтхэгийн хойд Уттаракханд мужид амьдардаг Пандей багаасаа л хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг хүүхэд байжээ.

Тэр дөнгөж есөн настай байхдаа аавынхаа тусламжтайгаар Засгийн Газартаа өргөдөл гаргаж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байв. Засгийн газраас түүний гомдлыг авч хэлэлцээгүй учир тэр гомдлоо дээд шүүхэд тавьжээ. Одоо энэ асуудал хэлэлцэгдэх өдрөө хүлээж байгаа аж. Пандей сургуульдаа сурахын хажуугаар улс даяар кампанит ажил өрнүүлж, "Ирээдүйн төлөөх баасан гариг" уур амьсгалын хөдөлгөөнийг Энэтхэг улсад төлөөлөн явуулж байна.

ЖИХЁ ЯН, 22 НАСТАЙ, ӨМНӨД СОЛОНГОС

“Өмнөд Солонгосын сургуулиуд охидын хувьд хэзээ ч аюулгүй газар байгаагүй. Тэнд ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт алхам тутамд тохиолддог” гэж 22 настай Жихё Ян хэлэв.

Ян бол энэ онд нууц камерны хэргийг эсэргүүцсэн жагсаалаар олны анхаарлыг татсан Өмнөд Солонгос дахь феминист залуучуудын дуу хоолой болсон эмэгтэй юм. Эмэгтэйчүүд гэр, гудамжинд, тэр ч байтугай бие засах газарт хүртэл хүчирхийлэлд өртөж байдаг. Энэ оны гуравдугаар сард сургууль, олон нийтийн газар нууц камер байршуулан бичлэг хийж, бичлэгээ цааш насанд хүрэгчдийн сайт дээр байршуулан мөнгө олдог бүлэг этгээдүүдийг илрүүлсэн бөгөөд 1600 орчим охид эмэгтэйчүүд тэдний хохирогч болсон байв. Үүний дараа олон арван мянган эмэгтэйчүүд "Миний амьдрал таны порно биш" гэсэн уриан дор нэгдэн жагссан юм.

Одоо “Teenager Feminist Network WeTee” залуучуудын байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байгаа Ян 16 настайгаасаа эхлэн сургууль дээрх ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын эсрэг тэмцэж эхэлжээ.

Дэлхий даяар өрнөсөн эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөнийг тэр  Өмнөд Солонгост өрнүүлсэн гэж хэлж болно. Тус улсын Засгийн газраас энэ асуудал дээр арга хэмжээ авсан боловч хангалтгүй байсан болохоор тэр хоёрдугаар сард НҮБ-д хандан Хүүхдийн эрхийн конвенцийн хуралд оролцон, Өмнөд Солонгос дахь #MeToo хөдөлгөөний талаар болон тус улсад ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт хэрхэн хүчээ авсан талаар нээлттэй ярьсан байна. Түүний чармайлт дэвшил авчирч,  тус улсын Боловсролын яам жендэрийн тэгш байдлын баг байгуулж, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод энэ  талаар мэдээлэх анхны албан ёсны сувгийг бий болгосон юм.

ФЁ АУНГ, 24 НАСТАЙ, МЬЯНМАР

24 настай Фё Аунг бол Мьянмар дахь үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч “Athan” байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг. Тус улсад сүүлийн жилүүдэд олон зуун хүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдаж, эрхээ хязгаарлуулсан юм.

"Мьянмарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүхэлдээ аюулд орж байна. Энэ нь зөвхөн жирийн иргэд төдийгүй идэвхтнүүд, хүний ​​эрхийг хамгаалагчид, сэтгүүлчдэд аюул заналхийлж байна” хэмээн тэрбээр ярьж байв. Фё Аун коллежийн оюутны зөвлөлийн гишүүнээс эхлэн өдийг хүртэл эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж байгаа аж. Тэрбээр мөн эрх баригчид үндэстний цөөнх болох Рохинжа үндэстнүүдийг төвлөрөн амьдардаг мужийн интернетийг тасалж, тэдний үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байгааг хүчтэй шүүмжилдэг.

Тэр хамтран зүтгэгчидтэйгээ нийлж Мьянмарт хүний эрх, эрх чөлөө ямар дор түвшинд байгааг баримтжуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тайланд оруулж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн дуу хоолойгоо хүргэсэн байна. Эрх баригчдыг шүүмжлэх нь эрсдэлтэй байж болно. Нэг л өдөр түүнийг баривчлан хорьж, эрүүдэн шүүхийг үгүйсгэхгүй юм. "Шорон эсвэл аливаа улс төрлийн хэлмэгдүүлэлт миний итгэл үнэмшлийг өөрчилж чадахгүй гэдгийг би ойлгосон. Хүний эрх, ардчилал, эрх чөлөө, амар амгалан бол миний болон бусад энгийн ард иргэдийн мөрөөдөл" хэмээн залуу идэвхтэн хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж