20.20
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд хангуулах нь чухал байгааг онцолж, мэдээлэл хийлээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэл, Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс тодорхой мэдээллийг өгсөн юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.
Төгсгөлд нь Ерөнхийлөгч гишүүдэд хандан “Энэ асуудлыг хүлээн авч өдий хүртэл сонссонд талархал илэрхийлье. Ган зуд, аюултай юм болох вий гэдгээс айдаг, болгоомжилдог. Олон хүн хамарсан юм болох вий гэж үүрэг хүлээж болгон санаа зовдог. Асуудлыг бодохоор ярихгүй байхын аргагүй. Яагаад гэвэл мэдээлэлгүйгээс хохирол амсч болзошгүй маш олон ард иргэд байгаа учраас бие биедээ санаа өгдөг, болж өгвөл жилдээ УИХ дээр нэг удаа ярьдаг. Жил бүрийн нэгдүгээр сарын 22-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 22-нд ярина, цаашаа яах вэ гэдгээ ярина. Маш тодорхой зүйлийг Шадар сайд танилцуулах байх. Бодлогоо, хөтөлбөрөө ингэж шинэчиллээ, цаашаа ийм арга хэмжээ авахаар боллоо. Энийг Засгийн газрын төвшинд шийдье, энийг УИХ-аар шийдүүлье гээд оруулаад ирэх ёстой.
Сая УИХ-ын дарга үүрэг өгч, асуудлыг Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцэх болж байна. Гамшиг тохиолдчихвол яана гэхээс иргэддээ ярихаас аргагүй бодогдоод байдаг юм.
Мөн гишүүд төсвийн хуультай холбогдуулан асууж байна, “Шаардлагатай төсөв туссан уу” гээд. Ингээд асууж, санаа тавьдаг болчих юм бол ард иргэдийн анхааралд орно. Бидэнд хийх зүйл их байна, үр дүнд нь тодорхой хугацааны дараа 8 магнутаас дээш газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай барилга барьдаг болно. Үүний тулд энэ ажлыг өнөөдрөөс эхэлье ард иргэддээ мэдээлье, анхаарал тавих шаардлагатай болсон гэж үзэн, чуулганд мэдээлэл хийсэн.
Гамшгийн дараа бухимдахаасаа өмнө гамшгийн өмнө арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй. Өнөөдөр анхаарал тавьж байгаа хугацаа бол дараа нь хөнгөн тусдаг.Мэдээлэлгүй байх юм бол цочирддог. Хийх ёстой ажлуудаа хийгээд, авах ёстой арга хэмжээгээ аваад, иргэдээ маш сайн бэлтгэлтэй байлгаж, мэдээллээр хангаж чадах юм бол зарим нэг учирч болох эрсдлээс бага хохиролтой гардаг. Гишүүддээ талархал илэрхийлье” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
18.30
Улаанбаатарт энэ онд 896 удаа газар хөдөлжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар мэдээлэл хийсний дараа Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгийн холбогдох албаны хүн тодорхой судалгааг танилцууллаа.
Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд 896 удаа газар хөдөлжээ. Хамгийн сүүлийнх нь энэ сарын 3-нд Гүнжийн хагарлын орчимын газар хөдлөлт юм байна. Магнут нь 4.4,38 секундын зайтай газар хөдлөлт угсарсан. Ойр орчмын айлууд газар хөдлөлтийг хоёуланг нь мэдэрсэн. Гүнжийн хагарал дээр судалгаа хийхэд 3000-6000 жилийн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болсон.
Мөн Улаанбаатар хотын сүүлийн 16 жилийн судалгаанаас харахад 10697 удаа газар хөдлөлт болсон. Ихэнх газар хөдлөлүүд хүнд үл мэдэгдэх, мэдрэгдэм нь 3.5-аас дээш магнут.
Зарим газар хөдлөлтөөс тодруулбал, 2009 онд Төв аймгийн Сэргэлэн суманд орших Өндөр дов, Улаанбаатар хотын Эмээлт орчимд 3.8 магнут, Шарын хоолойд 4.4 магнутын газар хөдлөлт болсон.
Газар хөдөлтийн давтамжийг авч үзвэл 2005 онд жилдээ 200 орчим газар хөдлөлт болж байсан бол 2012 онд дөрөв дахин нэмэгдсэн, 2015 онд 10 дахин болж өссөн. Тодруулбал, 2012 онд 797 удаа, 2013 онд 2148 удаа, 2014 онд 1147 удаа, 2015 оны есдүгээр сарын байдлаар 896 удаа газар хөдөлжээ. Хүчний хувьд 3-4, сүүлдээ 5 магнут хүрсэн. Улаанбаатар хот орчимд зургаан хагарал бий. Тухайлбал, Хустай хагарал 7-8 магнут, чичирхийлэл нь 8-9 баллаар мэдрэгдэх, Гүнжийн хагарал 6-6.5 магнут, чичиргээ нь 8-9 баллаар мэдрэгдэнэ. Шархайн хагарал 7.2 магнут, чичирхийлэл нь 8 баллаар мэдрэгдэнэ. Мөнгөн морьтын газрын хагарлын чичиргээ 5-6 баллаар мэдрэгдэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд 5 станц шинээр барьж байгуулах, зарлан мэдээлэх дохиог шинээр нэмэх. Зарлан мэдээлэх дохиог байршуулахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай тул төсөвт суулгах. Түр байр, хоргодох байр байгуулах, бүх аймагт гамшгийн төв байгуулах. Аймаг, нийслэл бүр гамшгаас хамгаалах нөөцтэй болох. Ялангуяа өвлийн улирал, шөнийн цагт газар хөдөлсөн нөхцөлд сав суулганы нөөц бүрдүүлэх. Бэлэн байдлыг хангуулах сургалтын төв байгуулахаар ажиллаж байгаа аж. Бэлэн байдлыг хангуулах сургалтын төв байгуулахад 4 тэрбум төгрөг зарцуулсан, гэвч ашиглах тоног төхөөрөмж нь шийдэгдэхгүй байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээллийнхээ үеэр “Газар хөдлөлийг ажил хариуцсан цөөн хүмүүсийн хүрээнд яриад суух нь хангалттай биш байгаа. Тийм учраас чуулганд мэдээлэл хийж байна.
Газар хөдлөлийн улмаас УИХ гишүүдийн ирц хуулийн хэмжээнд хүрэхгүй болбол яах вэ, ирж чадахгүй нөхцөл байдал үүсвэл яах вэ. Шийдвэр гаргах хүнийг орлох болбол хэн нь шийдвэр гаргах вэ, энэ бүхнээ хуульдаа нарийн зохицуулах шаардлагатай болж байна. Дээр нь хаана цуглах вэ, уулзах вэ.
Газар хөдлөлтөд химийн бодис хэрэглэдэг үйлдвэрүүд өртвөл яах вэ, цахилгаан станцууд цахилгаанаа үйлдвэрлэж чадахгүй болбол яах вэ?. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болбол яах вэ?. Таван давхар байшин нурахад замаа хаадаг. Гал түймэр гардаг. Гал унтраах болоход цагдаагийн, зэвсэгт хүчин ямар уялдаа холбоотой ажиллах вэ.
Байгууллагын хувьд төлөвлөгөөтэй байх. Аврах ажиллагаа, хүмүүсээ хонуулах, дэг журмаа яаж сахиулах вэ. Ард иргэдийн хүн нэг бүрийн бэлтгэл хамгийн чухал. Хаана зогсох вэ, яавал аюулаас хурдан гарч болох вэ, ард нь ирдэг цохилтоос яаж өөрийгөө хамгаалах вэ, амьдрах гэр нь боломжгүй болсон нөхцөлд хаана очих вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан байдаг. Нурангид дарагдлаа гэхэд яаж дохио өгөх билээ, утаа униар ороод ирэхэд яаж амиа гарч ирэх вэ, гэмтсэн бэртсэн бол хэндээ очих вэ. Өөрөө гараад ирсэн тохиолдолд бусдад яаж туслах вэ гэдгээ мэддэг байх. Үүнийг сэрж бодох шаардлагатай.
Асуудал гардаг, буруутныг хайдаг. Бидэнд мэдээлэл өгч байхгүй яасан юм бэ гэдэг учраас та бүхэн санал гомдлоо хэлнэ байх. Муу амлах биш, сайн сайхан байгаасай, муу юм холуур байгаасай гэж залбирч байгаа” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ