“Зайгаа тавьж өгч болно шүү”

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

“Зайгаа тавьж өгч болно шүү”

-Энэ салбарт үйлчилгээ эрхлэх сонирхолтой олон компаниуд дугаарлан зогсож буй. Тэдэнд зай тавьж өгч болно гэсэн байр суурийг нийслэлийн удирдлагууд илэрхийллээ-

Өчигдрөөс эхлэн нийтийн тээвэрт үйлчилгээ явуулдаг хувийн компаниуд санхүүжилт байхгүйгээс үйлчилгээнд гарах боломжгүй гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгч, ажлаа зогсоосон тухай албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл нийслэлийн Тээврийн газарт хувийн компаниуд арай өөр шаардлага тавьж, асуудлыг өөрсдөд нь ээлтэй зохицуулж өгөх хүртэл иргэдийг тээвэрлэх боломжгүй гэж хэлжээ. Тодруулбал одоо нийтийн тээврийн  гүйлгээ цахимаар хийгдэж, хувийн компаниудын гарт бэлэн мөнгө очихгүй байгаа. Өмнө нь бол сурагч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай үнэмлэхээр автобусуудад зорчиж, тухайн автобус хэдэн километр явснаас нь хамаарч нийслэлийн Тээврийн газраас нөхөн олговорын төлбөрийг шууд компаниудад өгдөг байсан юм.  Харин одоо бол дээрх бүх хөнгөлттэй үйлчилгээний төлбөрийг тухайн автобус хичнээн цаг ажилласанаас хамаарч нөхөн олговорыг олгодог болжээ. Өөрөөр хэлвэл өмнө нь үйлчилгээ үзүүлж буй автобусны компаниудад 51 тэрбумыг билетний борлуулалт, 53 тэрбум төгрөгийг шууд нөхөх олговроор олгож байсан бөгөөд энэ нь жилд 104 тэрбум төгрөг болж байжээ.  Харин шиэнчилсэн системээр 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 124 тэрбум болж өссөн тухай албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагууд автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзжээ. Тус уулзалтаар гэрээний дагуу найм, есдүгээр сарын нөхөн олговрын 80 хувийг нийслэлээс хугацаа алдалгүй шийдвэрлэнэ. Харин гол асуудал гээд байгаа автобусны нэг цагийн үнийн тарифийг судлаад нэгдсэн дүн гаргана гэж талууд харилцан тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу нийслэлийн Тээврийн газраас уржигдар буюу өнгөрсөн мягмар гарагт нэхэмжлэл ирүүлж, нийслэлийн Санхүү төрийн сангаас өчигдөр найм, есдүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлжээ. Гэтэл аж ахуйн нэгжүүд тохиролцсоноосоо буцаж өчигдрөөс эхлэн түр зогсолт хийсэн байна.

Ийнхүү түр зогсолт хийсэн хувийн автобус компаниудын тавьсан асуудлыг нийслэлийн удирдлагууд хэлэлцээд харилцан тохиролцсоноосоо ухарч шалтгаангүй ажил зогсолт хийж иргэдэд хүндрэл учруулсан автобусны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хамтын ажиллагааны гэрээг хэрхэн биелүүлж байгаа талаар дүгнэлт гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргалаа. Мөн  тэдний шаардлага гэж үзэж буй автобусны нэг цагийн үнийн тарифыг холбогдох албаныхан хугацаа алдалгүй судалж, тогтоон ирэх даваа гарагт Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар төлөвлөлөө. Гэхдээ хувийн аж ахуйн нэгжүүд 60 жилийн дараа хийгдсэн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг дэмжиж, хамтран ажиллах гэрээгээ биелүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах үүрэгтэй. Хэрэв өөрсдөд олдсон давуу эрхээ ашиглан төрөөс илүү төлбөр авах далд санаа өвөртлөн үндэслэлгүй асуудлаар шантааж байгаа бол энэ салбарт үйлчилгээ эрхлэх сонирхолтой олон компаниуд дугаарлан зогсож буй. Тэдэнд зай тавьж өгч болно гэсэн байр суурийг нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.

Одоогоор автобус компанийн ажлын хөлс буюу нэг цагийн тарифийг 30516 төгрөг байна гэсэн тооцооллыг нийслэлийн санхүүгийн албанаас гаргажээ. Харин нийслэлийн Тээврийн газраас нэг цагийн тариф 34334 төгрөг байх ёстой гэсэн тооцооллыг хийсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж