Монгол хүнд мацаг барих "зохихгүй"

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Монгол хүнд мацаг барих "зохихгүй"

Монгол хүнд мацаг барих "зохихгүй"

Бүсгүйчүүдийн хамгийн их санааг чилээж, эдийн засгийн хямралд өртдөг үе бол яах аргагүй арванхоёрдугаар сар. Халаасны хэдэн төгрөгөөс илүү хүссэн даашинздаа багтаж гоё ганган харагдах хүсэл нь  эцэстээ эрүүл мэнд, амь насанд нь ч халтай болохыг саяхан нэг эмэгтэй нотлов.

Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй байгууллагынхаа шинэ жилд бэлдэж дөрвөн хоног мацаг барьснаас болж нас барсан хэрэг энэ оны арванхоёрдугаар сард гарсан нь олныг цочирдуулсан. Талийгаач эмэгтэй бөөрний дутагдалтай байсан бөгөөд дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглээгүй нь амь насаа алдах шалтгаан болсныг албаны хүмүүс тайлбарлаж байв. Мөн амаржаад удаагүй бага насны хоёр хүүхэдтэй нэгэн эмэгтэй хоёр хоног мацаг барьснаас болж амь насаа алдсан гэх мэдээлэл цахим орчинд дуулиан тарьсан юм. Үүнээс болж мацаг барих нь зөв, буруу гэж олон нийт талцаад амжив. Нэг хоног бүү хэл хоёр, гурав, дөрвөн хоногоор мацаг барьсан тухайгаа бусдадаа “гайхуулдаг” хүмүүс махны хэрэглээ өндөртэй монголчууд мацаг барих нь зөв хэмээж байхад нөгөө хэсэг нь өвөлдөө махаа идэж, зундаа айраг цагаагаа уудаг нүүдэлчдийн хувьд мацаг барих нь буруу гэж бухимдах нь ч бий.

Цахим орчинд богино хугацаанд жингээ хасах хамгийн шилдэг аргын нэгт мацаг барихыг зөвлөдөг ч эрс тэрс хатуу ширүүн уур амьсгалтай оронд амьдардаг монгол хүний биед мацаг барих нь хэр зохимжтой вэ. Мацаг барих тухай ойлголт эргэлзээ төрүүлж эхэлсэн ийм үед өвлийн улиралд мацаг барих нь тохиромжгүй гэх зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байна.

МАЦАГ БАРИХЫГ ЗӨВЛӨХГҮЙ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хоол зүйч О.Хонгорзулаас тодрууллаа.

-Нийгмийн сүлжээгээр мацаг барих нь зөв буруу гэж хүмүүс талцах боллоо. Тэр тусмаа баярын өмнөх өдрүүдэд хоолоо сойж хагас өлсгөлөн зарлах, хэдэн өдрөөр хоол иддэггүй.Үүний сөрөг нөлөө нь юу вэ?

Зохистой хооллолт гэдэг нь заавал хүнсний нэг бүтээгдэхүүнээ хасч, өлсөнө гэсэн үг биш. Тодорхой цагийн хуваарийн дагуу бага багаар хооллох нь хамгийн зөв. Хоол хүнсэндээ ногоо, жимс түлхүү ашиглах нь зүйтэй. Монголчуудын хувьд ногоо бага хэрэглэдэг, махны хэрэглээ өндрөөрөө буруу хооллодог. Ялангуяа өөх тосны агууламж их хонины мах хэрэглэдэг. Тиймээс аль болох хоолоо зөв тохируулж идэх, дасгал хөдөлгөөн хийж, шингэн сайн ууж дадвал мацаг барьж өлсөх, биедээ тохирохгүй хатуу дэглэм барилгүй жингээ барьж чадна.

-Олон хоног мацаг барьснаас болж амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарлаа. Өвлийн улиралд мацаг барих нь хүний биед хэр тохиромжтой вэ?

-Мацаг барих нь тийм ч буруу зүйл биш. Мацаг гэдэг нь турах, жин бууруулах гэхээс илүүтэй биеийг хоргүйжүүлэх ач холбогдолтой. Гэхдээ мацаг барих нь биед тохирох уу үгүй юу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Жишээ нь, ходоодны шарх,элэг бөөрний өвчлөлтэй  архаг хууч өвчтэй хүн мацаг барьж, ходоодоо хоосон байлгаж болохгүй. Мацаг барина гэхээр л хоол идэхгүйгээр хэд хононо гэж ойлгох нь хамгийн буруу. Тиймээс ямар нэгэн дэглэм барихаасаа өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мацгийг зөв барьж эрүүл зөв амьдарч байгаа хүмүүс ч бас байна. Гэхдээ уламжлалт талаасаа ч тэр мацаг барих улирал бий. Өвөл, хаврын улиралд мацаг барих тохиромжгүй. Учир нь эрс тэрс хүйтэн уур амьсгалтай болохоор хоолоороо илч, энерги авах нь чухал болохоос өлсч, даарч эрч энергиэ алдвал эрүүл мэндээрээ хохирох хор хөнөөлтэй. Эмч нар ч бас өвлийн улиралд мацаг барихыг зөвлөдөггүй. Мацаг барих хамгийн тохиромжтой улирал бол зун, намар байж болно.

-Мацгийг зөв барина гэж?

-Мацаг барихаас өмнө биеэ бэлдэх хэрэгтэй. Өлсөж, мацаг барихаас илүү  зөв тайлах нь илүү чухал. Олон улсын хэмжээнд Европын орнуудад хагас мацаг барих арга хүмүүсийн дунд илүү дэлгэрч байна. Хагас мацаг гэдэг нь бүтэн өдрөөр биш хоногийн 24:00 цагийн 16 цагт нь ямар нэгэн хоол идэхгүйгээр мацаг барихыг хэлнэ. Үүнд хүний унтаж амрах цаг ч багтана. Үлдсэн найман цагт аль болох бага багаар хооллох нь чухал. Гэхдээ хэтрүүлэн идэхийг хэлэхгүй.

-Олон хоног мацаг барих нь хэр зөв зүйтэй вэ. Мацаг барьж буй хүмүүсийн дунд хоёроос дээш хоногоор мацаг барьж байгаа нь харагддаг?

Заавал бүтэн өдөр, олон хоногоор мацаг барихаас илүүтэй тогтмол зөв зохистой хоолло гэж зөвлөе. Хэтрүүлэн идсэнээ гэнэт нэг өдөр хоолоо хасах нь хамгийн буруу. Хүний бие хоолноос уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван шим тэжээлийг авч байдаг. Эдгээр шимт бодисууд хүний биед хэрэгтэй. Ялангуяа уураг маш хэрэгтэй. Эмчийн заалтаар зайлшгүй тохиолдол жингээ хасах шаардлагатай, илүүдэл жинтэй нуруу үе мөчний суулттай  хүмүүс эмчийн заавраар мацаг барьж болно. Миний зүгээс урт хугацааны мацаг барихыг зөвлөхгүй. Хэрэв та мацаг барихаар шийдсэн бол хагас мацаг барьж, судалж болно. Мацаг барих эцсийн зорилго нь жин хаяхдаа биш биеэ цэвэрлэх, хорт бодисоо гадагшлуулах нь чухал гэлээ.

Монголд дөрвөн эмэгтэй тутмын нэг нь “Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлд донтох сэтгэцийн эмгэгтэй гэх судалгаа хүртэл гараад байна. Энэхүү сэтгэцийн эмгэгээр  16-76 хүртэл насны эмэгтэйчүүдэд хөнгөн болон хүнд хэлбэрээр өвчилж буй нь бас л анхаарал татахгүй байхын аргагүй. Тэр тусмаа  баяр ёслол дөхөөд ирэхээр гоё сайхан харагдахын тулд огцом жингээ хаяхыг эрмэлздэг буруу хандлага охид эмэгтэйчүүдийн дунд амь бөхтэй оршсоор байгаа нь аливаа зүйлийг цагийг нь тулгаж хийдэг монгол зан ч байж болох юм.  Нэг хэсэг нь чанарын баталгаагүй эм, тураах бүтээгдэхүүн хэрэглээд долоо хоногт 20 кг хаяна гэдэгт итгэж байхад нөгөө хэсэг нь зөв хооллох нэрийдлээр мацаг барьж, өөрт тохирохгүй дэглэм барьж  эрүүл мэндээрээ тоглох нь хар ухаанаар бодсон ч тэр яав ч зөв алхам биш.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж