Дэлхийн улс орны иргэд тэр аяараа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байхад монголчууд хавтгайдаа "архидаж" байна. Шинэ жилийн баяр гэхэд л сарын турш үргэлжилдэг болчихож. Ресторан, баар, цэнгээний газрууд хөлчүүрхсэн олны хөлд дарагдаж, маргааш нь гудамж талбай, булан тохой тамхины иш, шүлс, шээс, бөөлжисөөр дүүрэн. Ерөөсөө л хөл гишгэх газаргүй, нийслэл хот хамгийн том жорлон болж хувирдаг гэхэд хилсдэхгүй.
Хотын А бүс болох Соёлын төв ордон, төв талбайн эргэн тойрон, хүүхдийн 100 орчим гэхэд л шүлс, шээс, тамхины ишээр “баялаг”. Тав алхахгүй баар цэнгээний газрууд үүрлэсэн III, IV хороолол, Сансар орчим бол яриад ч хэрэггүй, дотор эвгүйцэм дүр зураг угтах нь бий. Бид аливаа баяр ёслолыг зөв зохистой, боловсон тэмдэглэж чаддаггүй ганцхан жишээ нь л энэ.
Баярын уур амьсгал орж, хуучин оноо үдэх гэж байгаа энэ үед ажлын өдөр, амралтын өдөр харгалзахгүйгээр шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилсээр байна. Харин хүмүүс тэмдэглэлт баяраа зөв боловсон тэмдэглэдэг болов уу. Энэ талаар сурвалжиллаа.
Соёлын төв ордон гэхэд л хамгийн том жорлон болчихож. Хөлдсөн шээс, тамхины иш, бөөлжис булан тохой бүрт тааралдах нь ой гутмаар. Тус газрын ойролцоо Туушин зочид буудал, Модерн номадс, Дабль шот гэх мэт томоохон үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Цаашилбал МУИС-ийн орчимд Blue mon, Tse гэх мэт газар ч бий. Эдгээр үйлчилгээний газруудын ойролцоо гудамж талбай, автобусны буудлын орчимд бас л бөөлжис, нус цэр, тамхины иш, цусны толбо байх нь урд шөнийн баярын “гэрч” болжээ.
Хэдийгээр ТҮК-ийнхэн гудамж талбайг хоггүй, цэвэрхэн байлгахын төлөө хэрдээ л хичээдэг боловч иргэдийн бүдүүлэг үйлдэл хэрээс хэтэрч, ачаалал нь дийлдэхгүй болсныг хэлж байлаа.
ХҮНИЙ ӨТГӨН ШИНГЭНИЙГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ
ТҮК-ийн ажилтан Б.АРГУН:
-Энгийн өдрүүдээс илүүтэй баярын уур амьсгал орж эхэлмэгц л ачаалал 80 хувь нэмэгддэг. Өглөө 06:00 цагаас ажиллах ёстой атал дөрвөн цагаас ажил эхэлж байна. Согтуу хүмүүс шаардлага хүлээж авахгүй. Хогоо битгий хая гэж хэлсний төлөө зодох шахам уур бухимдлаа гаргадаг хүмүүс олон.
Хүмүүст чихрийн цаасны хаягдал, татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийх ухамсар алга. Гэтэл хогийн сав хангалттай байна. Дээр нь иргэдийн бөөлжис, нус цэр, шээс үнэхээр гутмаар. Сүхбаатарын талбай гэдэг утгаараа ийм бохирдол харьцангуй цэвэрхэн. Харин тэжээвэр нохдын баас талбай дүүрэн, ховхорч өгдөггүй. Энэ бол маш хүндрэлтэй. Төв талбайн эргэн тойрон Соёлын төв ордон, Ардын эрх, Монтель орчим бол үнэхээр гамшиг. Хүмүүсийн бохироор дүүрэн. Үүнийг хэн ч шийдэж өгдөггүй. Байнга л яригддаг асуудал болоод байна.
Цагдаад хандахаар торгоод л өнгөрдөг, тухайн хүнээр цэвэрлүүлдэггүй. Үргэлж яригддаг асуудал боловч харамсалтай нь хэн ч шийдэж өгдөггүй. Бид өдөр бүр хүмүүсийн бохир завааныг цэвэрлэх үнэхээр хүндрэлтэй байдаг. Хэчнээн би хог шүүрддэг ч хүний өтгөн шингэнтэй зууралдах гэж ажил хийгээгүй. Иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж бид илүү цагаар ажиллаж байна. Нэг цагт шүүрдэх ёстой талбайг цэвэрлэх хугацаа нь суначихдаг. Уг нь ажил маань дөрвөн цагт дуусах байтал 20:00 цаг хүртэл ажиллахаар болж байна. Гэр бүлдээ цаг гаргаж, амрах хугацаагаа иргэдийн бохирыг цэвэрлэхэд зарцуулж байна шүү дээ гэлээ.
Баярын өдрүүдэд ресторан, баар, цэнгээний газрууд албан байгууллагуудын баяр ёслол тэмдэглэх захиалгаар дүүрч, энэ хэрээр үйлчилгээний ажилчид толгой өндийх завгүй их ажилд дарагддаг. Тэр тусмаа ариун цэврийн өрөө хамгийн бохир, бас хамгийн хүнд ажлын нэг аж.
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ХАМГИЙН ХҮНД ХЭСЭГ НЬ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ
Модерн Номадс рестораны угаагч, үйлчлэгч НАНДИНЦЭЦЭГ:
-Баярын өдрүүдэд ачаалал ихэсдэг. Манайх ажлын ачаал их. Уул нь би угаагчаар ажилладаг, давхар нийтийн талбай дээр ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн нэг хэсэг нь соёлтой байхад нөгөө хэсэг нь бүдүүлэг. Ариун цэврийн өрөөг завааруулах тохиолдол маш их. Ихэнхдээ гадуур нь бөөлжинө, бие засна. Энэ бүхнийг цэвэрлэхэд үнэхээр хүнд. Цэвэрлэгээний хамгийн хүнд хэсэг ариун цэврийн өрөө. Хамгийн бохир хэсэг. Ялангуяа оройн цагаар хүлээн авалт болсны дараа 00 бохирддог. Ийм үед дор хаяж 2-3 удаа цэвэрлэх шаардлага гарна гэлээ.
Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд ихэсч, эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Энэ сарын 1-23-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад 36.393 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурсан боловч эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өссөн аж.
Эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баяр дөхөхөөр өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэх болсныг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэв. Насны хувьд ихэвчлэн 18-35 насны залуус гэнэ.
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО 20-30 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА
Уг асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.
-Баярын өдрүүдэд эрүүлжүүлэх байр хүрэлцээтэй байж чаддаг уу ?
-Цагдаагийн байгууллагад ирүүлж буй дуудлага мэдээлэл буурч байгаа ч эрүүлжүүлэгдсэн хүний тоо өссөн. Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд дүүргүүдийн эрүүлжүүлэх байрт 205-230 хүн саатуулагддаг. Энэ тоо баасан гаригт 260-д хүрдэг. Гэхдээ шинэ жил, тэмдэглэлт баярын өдрүүдээр хоногт эрүүлжэгдэж буй хүний тоо 270-300 болж байна. Тэр тусмаа баасан, бямба гаригт хоногт 300 орчим хүн эрүүлжүүлэгдэж байна. Эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүйд хүрсэн.
Зөвхөн ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг саатуулж, гудамжинд маргалдсан, бусад зөрчлөөр саатуулагдсан хүмүүсийг байрны ачаалал дүүрсэн учраас торгох арга хэмжээ авч, ар гэрт нь хүлээлгэж өгөх зохицуулалтыг зарим үед хийдэг. Энэ бол иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээ их байгаатай холбоотой.
Жишээ нь, Хүүхдийн 100 орчимд томоохон баар, цэнгээний газрууд байдаг учраас шөнө 1-4 цагийн үед өдрийн цаг шиг түгжрэл үүсч, замын цагдаа дуудах шаардлага гардаг. Шинэ жилийн баяраар албан байгууллагын албан ёсны арга хэмжээ дууссаны дараа хүмүүс хэсэг бүлгээрээ үргэлжүүлэн баяраа тэмдэглэдэг. Үүний улмаас хоорондоо маргалдаж, зодолдох тохиолдол гарч байна.
-Нийслэлийн есөн дүүргээс хамгийн их ачаалалтай дуудлага мэдээлэл их хонодог дүүрэг байна уу?
–Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн ачаалалтай байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн V хорооны оршин суугчдаас их дуудлага мэдээлэл ирнэ. Энэ хэсэгт 1000 оюутны байр, Монель, Да хүрээ захын орчим согтуугийн дуудлага ихтэй.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн. Баярын өдрүүдээр эрүүлжүүлэх байрт хоногт хэчнээн эмэгтэй саатуулагддаг вэ?
–Эрүүлжүүлэгдэж буй хүмүүсийн 70 хувь нь 18-35 насны залуус байгаа юм. Эндээс харахад л сүүлийн үед архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн гэж хэлж болно. Ямар нэгэн баяр тэмдэглэлт ойг архи, согтууруулах ундаагүй хэрэглэж чадахаа больсон. Спортын өдөрлөг гэж нэрлэчихээд л хамт олноороо архи хэрэглэж байна. Гэхдээ бүгд биш,архийг зөв зохистой хэрэглэж байгаа хүмүүс байна. Эмэгтэйчүүдийн дунд ч бас архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр.
Баярын өдрүүдээр эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүд харьцангуй цөөхөн. Баярын үеэр эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн тоо 20-30 орчим хувиар нэмэгддэг. Энгийн үед хоногт 7-8 эмэгтэй эрүүлжүүлэгддэг бол баярын өдрүүдээр хоногт 10-15 болж нэмэгддэг.
Эмэгтэйчүүдийн хувьд гудамж талбайд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан, хэрүүл, зодоон хийсэн шалтгаанаар саатуулагддаг. Ихэнх нь 20-35 хүртэлх насны залуу бүсгүйчүүд.
-Шинэ жилийн баяраар гудамжинд согтуу тасарсан хүмүүсийн хувьд осгож хөлдөх эрсдэлтэй. Ийм хүмүүсийг ч бас эрүүлжүүлдэг шүү дээ. Идэр ес эхэлсэн энэ үед гудамжинд тасарсан гэх дуудлага мэдээлэл хэр ирж байна?
-Хоногт ирж буй дуудлагын 250-300 нь согтуугийн тухай дуудлага мэдээлэл. Нийт дуудлагын 10 хүрэхгүй хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж гудамжинд хүрэхгүй дуудлага тасарсан, орцон хэвтсэн гэх мэт дуудлага ирж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙН Д.БҮЖИН
Холбоотой мэдээ