Улирч буй 2019 онд нийгэм, улс төр, эдийн засагт өөрчлөлт авчирч, үр дүн, нөлөөллөө үзүүлсэн онцлох таван үйл явдлыг NEWS агентлаг онцолж байна.
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛАА БАТАТГАСАН НЬ
Яс тоолбол сүүлийн 12 жил, гурван парламент дамжин хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ны өдөр УИХ баталсан нь яах аргагүй 2019 оны онцлох үйл явдлын нэг байлаа.
Ардын намын “автор” бүхий энэхүү Үндсэн хуулийг Г.Занданшатарын парламентын 63 гишүүн 100 хувь дэмжиж баталсан нь, энэхүү үйл явдалд Ардчилсан нам оролцоогүй нь аль, аль нь Монголын түүх болон үлдэнэ.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ирэх 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас бүх нийтээр дагаж мөрдөхөөр хуульчилсан нь билгийн тооллын 17 дугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цаг гэж онцлон бэлэгшээсэнтэй холбоотой.
Төр-ард түмний хоорондын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь тогтолцооны гажуудал болоод институци хоорондын эрх мэдлийн давхцал, зөрчлийг арилгах явдал байлаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 16 засгийн нүүрийг үзэж, Төрийн ордны нэг хана Ерөнхий сайдуудын зургаар дүүрсч, Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил болсон гээд тогтолцоогоо тодорхой болгох нь эдийн засаг, улс төр, нийгмийн захиалга болж хувирсан юм.
Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааг тогтворжуулах, гүйцэтгэх засаглалын бүтээмжийг нэмэгдүүлэх, УИХ-ыг хууль батлах явцыг сайжруулах, шүүхийг хараат бус шударга болгох шинэчлэлүүд энэ удаагийн эцэг хууль тойрсон гол сэдэв бас гол маргаан байв.
Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох, Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх огцруулах эрх мэдэл өгч, УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлсан, хууль батлах босгыг 39 болгож нэмсэн, Эрдэнэт, Дарханд хотын статус олгосон зэргээр Үндсэн хуульд томоосон “мэс засал” хийснээр ойрын найман жилдээ Үндсэн хуульд гар хүрэхгүй болж байна.
Байгалийн баялгийг ашигласан үр өгөөжийг иргэн бүрт тэгш, шударга хүртээх асуудлыг суулгаж, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх шинэчлэлүүдийн нэг нь ШЕЗ-ийн гишүүдийг томилох зүйл заалт. Эцэг хуульд оруулсан эдгээр “мэс засал” нь “Төр цэгцлэх их өөрчлөлтийн эхлэл” болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж, Ерөнхийлөгч “Хүсч хүлээж байсан эрс шинэчлэлт болоогүй ч ямар ч байсан хагас алхам урагшилсан”-ыг тодотгосон юм.
УИХ-ын даргын хэлснээр улс орны хөгжил дэвшлэлийн эхлэл тавьсан, Ерөнхийлөгчийн дүгнэснээр хагас алхам урагшилсан Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар ч байсан Монгол Улс парламентын засаглалаа бататгаж чадсан нь том амжилт байлаа.
Анхдугаар Үндсэн хуулийг баталсан, Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 95 жилийн ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон ёсчилсон юм. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцээд Төрийн ордноор тэнүүчилж байсан Ерөнхийлөгчийн засаглал гэх “хий үзэгдэл” энэхүү ёслолын дараагаас эцэслэгдсэн билээ.
УИХ-д 64 суудалтай үнэмлэхүй олонх УИХ-ын 2016 оны сонгуулиар олгогдсон үүргээ амжилттай хийж, бүрэн эрхийнхээ гурван жилд цусаа гартал зодолдсон МАН-ынхан тосоо гартал тэврэлдсэн цаг нь ердөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан өдөр байлаа.
Ж.НЯМСҮРЭН
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОВ
Монгол Улсын эдийн засаг 2019 онд чамлахааргүй өсчээ. Тоон мэдээллээс дурдвал:
- 2016 оны 1.3 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг өнөөдөр 7.1 хувийн өсөлттэй байна. ДНБ ч 31.8 их наяд төгрөг буюу 7.3 хувийн өсөлтийг үзүүлжээ.
- Гадаад валютын нөөц түүхэндээ байгаагүй хэмжээгээр өсч, дөрвөн тэрбум ам.долларт хүрэв.
- Гадаад худалдааны эргэлт 2019 оны аравдугаар сард 11.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар өслөө. Экспорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, 10 хувиар өссөн байна.
- Төлбөрийн тэнцэл 2018 оны есдүгээр 475.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2019 оны есдүгээр сарын гүйцэтгэлээр 264.3 сая ам.долларын ашигтай гарлаа.
Харамсалтай нь, эдгээр тоон үзүүлэлтүүд иргэдийн амьдрал, гадаад орчинд дорвитой нөлөөлж чадсангүй. Тухайлбал, мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх зорилготой олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага болох FATF-аас Монгол Улсыг олон улсын санхүүгийн хориг буюу Саарал жагсаалтад 2019 оны аравдугаар сард орууллаа. Саарал жагсаалттай холбоотойгоор улстөрч, эдийн засагчид байр сууриа илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурах, гадагшаа мөнгө гуйвуулахад хүндрэл гарна гэдгийг хэлж байв. Харин зарим эдийн засагчдын зүгээс Саарал жагсаалтыг хямрал биш боломж гэж харж, энэхүү үйл явцыг ашиглан, мөнгө санхүүгийн салбараа нэгмөсөн цэгцлээд авахыг зөвлөсөн. Саарал жагсаалттай холбоотойгоор АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли манай улсад энэ арванхоёрдугаар сард айлчилсан билээ.
Тэрбээр хилээр их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч, гаалийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх явдалд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллахыг зөвлөжээ. Мөн Монгол Улсын хувьд ч саарал жагсаалтаас гарсан ч, энэ шинэчлэл, тэмцлийн үйл ажиллагаа хэзээ ч зогсоож болохгүй. Учир нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бол хэзээ ч дуусахгүй гэдгийг анхааруулсан билээ.
Монгол Улс саарал жагсаалтад орсон явдалд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг ажлаа хийж чадаагүй хэмээн үнэлэн, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Саарал жагсаалтын дуулиантай холбоотойгоор, ам.долларын ханш өсөх яриа иргэдийн дунд гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор, иргэд төгрөгөө ам.доллар болгох, төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлэх зэрэг алхмыг хийж эхэлсэн нь валютын ханшийн зохиомол өсөлтийг бий болгож байна гэж эдийн засагчид тайлбарлах болов. Гэхдээ тэдгээр иргэдийн буруу биш гол нь үүнд Монголбанк зөв зохицуулалт хийх ёстой гэв.
Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тэрдундаа махны үнэ 16 мянга болтлоо өсч, иргэдийн дунд махаа ч худалдан авч чадахгүй байдал хүрэв. Хэдийгээр Үндэсний статистикийн хороо, Монголбанкны зүгээс өрхийн орлого өсч байгаа гэж мэдэгдэж байгаа ч валютын ханшийн өсөлтөд иргэдийн гар дээр ирж буй бэлэн мөнгө ямар ч үнэ цэнэгүй болон хувирч байна.
Мөн саарал жагсаалттай холбоотойгоор, гадаадын хөрөнгө оруулалт ч буурахыг үгүйсгэхгүй. Учир нь, 2018 онд 857.8 сая ам.доллар хүртэл өссөн гадаадын хөрөнгө оруулалт 2019 оны хоёрдугаар улиралд 735.6 сая ам.доллар хүрч буурсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурджээ. Нийт 735.6 сая ам.доллар хөрөнгө оруулалтын 64 хувь нь буюу 471.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт орж иржээ.
Уул уурхайн салбар бол Монгол Улсын төсөвт маш том орон зайг эзэлдэг. Харамсалтай нь, монголчууд бид энэ 2019 онд уул уурхайн салбараа өөрсдийн гараараа "хутгалж" орхив. Тодруулбал, энэ 2019 оны арванхоёрдугаар сарыг 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хайгуулын лиценз олголтыг нэг жилийн хугацаатай зогсоох шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрээ Засгийн газраас тайлбарлахдаа уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтыг зогсоохын тулд ийм шийдвэр гаргасан гэх. Уг нь хайгуул хийнэ, олборлоно гэдэг хоёр өөр ойлголт юм.
Тодруулбал, ашигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хайгуул хийдэг. Орд илрэхгүй, нөөц нь тогтоогдохгүй бол баялгийг олборлох боломжгүй, хайгуулын лиценз авсан этгээд “шатна”. Харин Засгийн газрын дээрх шийдвэрээр бол орд илрүүлэх нэрээр лиценз эзэмшигчид байгаль орчин сүйтгэдэг болж таараад буй.
Статистик мэдээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газраас 700 гаруй лиценз цуцалжээ. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурсан байна. Цуцлагдсан лицензийн 1225 нь хайгуулынх байсан нь энэ салбар ямар эрсдэлтэй, хөрөнгө оруулалт татахад амаргүй болж хувирсныг илтгэх нэг үзүүлэлт юм. Дээр нь нэг жилийн хугацаатай хайгуулын лиценз олгохгүй болсон нь уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй болгоод байна.
Үүнээс гадна, дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар, Монгол Улс Венесуэлтэй эн зэрэгцэв. Дэлхийн нийт 63 улсын дунд явуулсан өрсөлдөх чадвар болон дижитал өрсөлдөх чадвараар Монгол Улс 62 дугаар байранд, Венесуэл 63-т оров. Үүнээс гадна, дэлхийн 63 улс орны дунд авьяас, ур чадвартай иргэдээ хэрхэн үнэлж буй тухай судалгаагаар, Монгол Улс Венесуэлийн дор бичигдэж, сүүл мушгисан дүн гарсан юм.
Э.УРАНЦЭЦЭГ
ПОПРОЛЫГ ҮЛ ХАЙХРАН ХИЙДГЭЭ ХИЙЖ БАЙГАА ОЮУТОЛГОЙ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглаж эхлээд 10 жил болжээ. Чамгүй урт хугацааны зөвшилцлийн эцэст Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд Монголын Засгийн газар “Айвенхоу Майнз” болон Рио Тинто компанийн хооронд байгуулснаар дэлхийн уул уурхайн салбартаа томд тооцогдох төслийн ажил эхэлсэн түүхтэй.
Дэлхийд томд тооцогдох Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх чимээ Монголыг олон улсын санхүү, бизнесийнхний анхаарлыг зүй ёсоор татсан.
1990 оноос ардчиллын чиг баримжааг сонгон авсан Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл нь зүй ёсоор хоёр хөрш ОХУ болон БНХАУ байж, бусад улс орныг гурав дахь хөрш гэсэн ойлголтод багтаасан. Ийнхүү онолын хувьд гурав дахь хөрш хэмээн томъёологдсон улс орнуудаас эдийн засагт эрх ашгаа бодитоор илэрхийлсэн нь Оюутолгойн ордын ашиглалт байсан.
Монголын эдийн засаг 2010-2012 онд огцом өссөн, уул уурхайн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох болсон, олон улсын санхүүгийн зах зээлээс хэд хэдэн удаа Монгол улс бондыг амжилттай босгосон зэрэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дагавар нөлөө байсан. Өнгөрч буй 2019 он Оюутолгойн хувьд хоёр том байгууламжийг ашиглалтад оруулсан их бүтээн байгуулалтын жил байлаа. Эхнийх нь наймдугаар сард нээлтээ хийсэн Оюутолгойн гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв, хоёр дахь нв ердөө 20 хүрэхгүй хоногийн өмнө ашиглалтад хүлээн авсан Гүний уурхайн үйлдвэрлэлийн ам байлаа.
Чандмань төвийн хамгийн чухал хэсэг нь гүний уурхайн бүх багийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын хяналтын өрөө юм.
Харин Гүний уурхайн үйлдвэрлэлийн ам нь Монголын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт боллоо. Дөрвөн жилийн хугацаанд баригдсан энэ байгууламж нь газрын гадаргаас дээших цамхгийн барилга нь 96 метр өндөр. Газрын гүндээ 1284 метр. Оюутолгой төсөл нь Монголд зөвхөн эдийн засгийн төдийгүй гадаад харилцаа, нийгмийн хөгжилд үр ашгаа шингээж байгааг дурдах хэрэгтэй. 2018 оны сүүлийн улирлын тоон мэдээгээр Оюутолгойд 17 мянга орчим хүн ажиллаж байгаагийн 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байна. Монголын шилдэг залуу хэдэн мянган боловсон хүчин дэлхийд данстай болсон энэ төслөөс бизнесийн төдийгүй харилцааны соёлд суралцаж байна.
Энд ажиллаж байгаа залуус Монголын эдийн засгийн хөгжлийг дараагийн 20-30 жилд авч явах бэлтгэгдсэн боловсон хүчин болон төлөвшиж байна. Ажлын хариуцлага, цаг барих, төлөвлөснөө хийх, үгүйдээ л хүнтэй мэндлэх наад захын соёлыг эзэмшиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Оюутолгойн уурхайд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх айлчилсан. Олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй байж болох энэ айлчлал АНУ-ын эрх ашиг Монголын өмнийн говьд, Хятадын хилийн ойролцоохон байгааг нотолсон.
Оюутолгой төсөл ийнхүү төлөвлөснийхөө дагуу урагшилж байгаа энэ төслийг тойрсон улстөрчдийн попрол, хардалт өнгөрч буй 2019 онд ч үргэлжилсэн жил байлаа. Хэдий тийм ч энэ төсөл нь Монголыг дэлхийн глобальчлалын нэгэн эд эс болгож, бүрэн эрхэт тоглогчийн нэг гэдгийг мэдрүүлдэг.
Д.НАРАНТУЯА
ХӨГЖМӨӨР БӨМБӨРЦГИЙГ ЭЗЭГНЭГЧ “THE HU” ХАМТЛАГ
Улиран одож буй 2019 он Монголын рок попын ертөнцийн хувьд онцгой жил байв. Учир нь Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлаг дэлхий дахинаа бахдам амжилтыг гаргаж, монголчуудаа огшоож, баярлуулсан явдал байлаа.
“The Hu” хамтлагийн үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Б.Дашдондог өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд нарийн судалгаа хийж, түүндээ тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, дүр төрхийг бүрдүүлэх ажлуудыг хийжээ.
Хамтлагийн гишүүдийн хувьд бүгд хөгжмийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд урлагийн хүрээнийхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг уран бүтээлчид гэдгээрээ онцлог байв. “The HU” хамтлаг нийт найман хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь буюу Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар хамтлагийн нүүр царай болж, бусад нь арын хэсэгт үндэсний хөгжмөө тоглодог байна. Тэдний дүр төрх, стиль имиж, хөгжим, уран бүтээл бүгд цоо шинэ. Тус хамтлагийн уран бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Соёл урлагийг дэмжих сангаас дэмжин 2017 онд 20 сая, 2018 онд 30 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн “The Hu” хамтлаг АНУ-ын Eleven Seven Label Group /E7LG/ хэмээх нэр хүндтэй компанитай гэрээ байгуулан хамтран ажилласнаар дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж эхэлсэн юм.
Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь "The Hu". Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Үүгээр ч барахгүй алдарт дуучин Элтон Жон Монголын Хүннү рок хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа дуулгасан бол тэднийг Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон анхааралдаа аваад буй.
Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй "The Hu" хамтлаг 2019 онд амжилт, бүтээлээр арвин байлаа. “Бид 2019 онд хийх ёстой ажлуудаа амжилттай хийж дуусгалаа. “The Hu” хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж, хоёр, гурван ч дуу шинээр бичүүлсэн амжилттай шинэ оноо угтах гэж байна” хэмээн хамтлагийн продюсер Б.Дашдондог хэлсэн юм.
Тэдний амжилтыг үнэлж, Засгийн газраас Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил анх удаа хамтлагт тус одонг гардуулж байгаагаараа онцлог байлаа.
“The Hu” хамтлаг ирэх 2020 оны нэгдүгээр сард дахин Европыг дахин байлдан дагуулахаас гадна Япон улсад тоглолтоо хийхээр төлөвлөөд буй.
А.ЦЭЭСҮРЭН
АНУ-ТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА ГҮНЗГИЙРЭХ ЭХЛЭЛ ТАВИГДАВ
Монгол Улс ба АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи өнгөрсөн 32 жилийн хугацаанд хоёр орны харилцааны түвшин зогсолтгүй ахисаар шинэ шатанд гарав. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталсан Хамтарсан тунхаглалд хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан билээ.
АНУ-тай харилцах харилцаа нь манай улсын хэрэгжүүлж буй Гуравдагч хөршийн бодлогод суурилсан маш чухал харилцаа билээ. Энэ харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр буй юм.
АНУ дэлхийн 16 улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад Америкийн тал манай улсыг 17 дахь стратегийн түншээрээ сонгов. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөлөө гэж шинжээчид дүгнэсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр хоёр тал Стратегийн түвшний өмнөх үе шат буюу “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл” тогтоож байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа харилцаа ийнхүү бүхэл бүтэн нэг шатаар ахив. Гэхдээ хоёр талын харилцаа шуудхан стратегийн түвшинд хүрчихсэн гэж үзэж болохгүй юм. Учир нь, хоёр тал 2007 онд Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай тунхаглал баталсан нь харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлсон анхны баримт бичиг байв. Түүнд тулгуурлан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хоёр тал Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаагаа Эдийн засгийн өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон билээ.
Өнгөрсөн хугацаанд манай улсын өмнөх дөрвөн Ерөнхийлөгч бүгд бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд айлчлалуудын явцад хамтарсан мэдэгдлүүд гаргаж, хоёр талын харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад манай улстай стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ болсон. Өмнө нь Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн 4 улстай стратегийн түншлэлийн харилцаатайгаас Хятад улстай стратегийн иж бүрэн түншлэл тогтоогоод байв.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Үүн дээр АНУ нэмэгдэж байгаад баяртай байна. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой” хэмээн хэлсэн билээ.
Манай улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үйл явцыг АНУ тууштай дэмжиж, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад байнга тусалсаар ирсэн бөгөөд ардчиллын зарчмуудыг дээдэлдэг хоёр улсын хооронд харилцан итгэлцэл гүнзгийрч байгаа билээ. Түүн дээр тулгуурлан дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улстай эдийн засгийн харилцаагаа тэлэх нь Монгол Улсын хувьд маш чухал.
Өнгөрсөн 2018 оны байдлаар АНУ-тай хийсэн худалдааны хэмжээ манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн дөнгөж 1.7 хувийг эзэлж байсан нь хоёр талын харилцаа улс төрийн хувьд өндөр түвшинд хүрсэн боловч эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ нэн чамлалттай байгаагийн илрэл. Стратегийн түншлэл буюу ирээдүйн харилцааны бат бэх суурь тавигдсан учир эдийн засгийн харилцаагаа илүү амьд бодитой болгох боломж бүрэлдсэн. Стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулахын тулд манай тал идэвх санаачилгатай ажиллах шаардлага урган гарч байгаа юм.
Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлж байна. Мөн Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж буйн зэрэгцээ хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж, дэмжлэг хүссэн билээ.
АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг баталвал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүйгээр гарган, Монголын 200 мянган малчин өрхийн 800 мянган хүний орлого баталгаатай болох юм.
Одоогоор манай улс жилд 9000 тонн ноолуур, 23-25 мянган тонн ноос бэлтгэдэг ч ноолуурынхаа дөнгөж 10 гаруйхан хувийг дотооддоо боловсруулж буй. Дээрх хууль батлагдсанаар 100 хувь боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж нээгдэнэ. Үүний үр дүнд 40-50 мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл, ядуурал буурна. Ноос ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохын сацуу нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдэх нийгэм, соёлын ихээхэн ач холбогдолтой. Хууль батлагдах нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа Монголын эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулахад чухал алхам болох билээ.
Д.ЭРДЭНЭТУЯА
Холбоотой мэдээ