Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах  дэлхийн нийтийн өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Иргэдийн дунд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтын төвшин бага байна гэлээ. Судалгааны дүн ийм гарсанд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Иргэдийн дунд сэтгэцийн эмгэгтэй гэдгийг согогтой гэж андуурч ойлгох нь бий. Сэтгэцийн эмгэгтэй хүн болгон хүнд аюултай байдал үүсгэж, өөрийн ухаан санаагаа алдсан байдаг гэх ойлголт их байгаа. Энэ нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрхийн талаарх мэдлэг, түүнтэй холбоотой ойлголтын төвшин бага байна гэх дүгнэлтэд хүргэж байгаа юм. Сэтгэцийн өвчлөлтэй болох гол шалтгаан нь хүрээлэн буй орчин, нийгмээс шууд хамааралтай. Манай орны хувьд дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн эмгэгтэй гэсэн судалгаа гарсан. Сэтгэцийн эмгэг янз бүрээр илэрдэг. Шалтгаангүй бухимдах, ой тогтоолт муудах, бие зовиурлах, муу зуршилд татагдах гэх мэтээр. Эдгээр бүх илрэлийг эмгэгийн хүнд хэлбэртэй холбон ойлгож болохгүй гэдгийг олонд таниулах нь чухал юм.

-Сэтгэцийн өвчлөлтэй иргэдийн эрхийг  хангах үүднээс  ямар үйл ажиллагаа, зорилтыг тавин ажиллаж байна вэ?

-ДЭМБ-аас гаргасан хүний эрхийг хамгаалах санамж бичигт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрхийн талаарх мэдлэг,  ойлголтыг сайжруулах үүднээс дэс дараатай ажлыг хийж, хэрэгжүүлсээр байна.  Манай орны хувьд сэтгэцийн эмгэгтэй иргэдээ хянахаас гадна, эмчилгээ хийлгэх нөхцлийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих санаачилга гарган ажиллаж байгаа юм. Согогтой зарим иргэдээ амьдралын зөв дадал хэвшилтэй болгохын тулд байгууллагатаа туслах ажилтнаар ажиллуулж байна. Учир нь эмгэгийн дээд шатанд өвчлөл нь хүрээгүй л бол тэдэнд хөдөлмөрлөх чадвар, эрх бий гэдгийг батлах гэсэн хэрэг юм.
 
-Сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Юуны түрүүнд тархины саажилт, дауны синдромтой хүүхэд сэтгэцийн согогтой хүмүүсийн ар гэрийнхэн сургалт байнга явуулах шаардлага байдаг. Үүнийг шат  дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн сэтгэлзүйч нарт зориулсан 45 хоногийн сургалт  зохион байгуулахаар болоод байна. Ингэснээр сэтгэцийн эмгэгтэй иргэдийн сэтгэл заслын эмчилгээ илүү үр дүнтэй болно гэж найдаж байгаа.

-Сэтгэцийн эмгэг дөнгөж илэрч байгаа иргэд гэж бий. Гэнэт уурлах, шалтгаангүй бухимдах, архи уух гэх мэтийн. Эдгээр хүмүүс заавал эм уух шаардлага бий юу?

-Үүнийг шууд сэтгэцийн өөрчлөлт гэхээсээ эмгэг үүсгэх үндсэн шалтгаан, биеийн илрэл хэмээн ойлгож болох юм. Уур бухимдал, сэтгэл хөөрөл нь хувь хүний онцлогоос хамаарч өөр өөр. Энэ нь сэтгэл гутралаас хамаарсан эмгэг юм. Үүний бас нэг илрэл бол нойргүйтэх,  шалтгаангүй бухимдах, хэн нэгнийг үсдээд дармаар, зодмоор санагдаж байж ядах, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэтээр олон зүйлийг хамааруулж болно.

-Энэ нь сэтгэцийн эмгэг үүсч байгаан илрэл гэж ойлгож болно биз дээ?

-Ер нь бол тийм.

-Эдгээр сэтгэцийн эмгэгийн илрэлийн эхэн үед эм уух зайлшгүй шаардлагатай юу?

-Энэ үед өвчлөлийн байдлаас шалтгаалж эмчилгээгээ сонгодог. Дээрх тохиолдолуудад ихэвчлэн сэтгэл заслын эмчилгээ илүү үр дүнтэй байдаг. Сэтгэл заслын эмчилгээ нь өөрийгөө тайвшруулах, ойлгох талын сэтгэлзүйчийн зөвлөгөө голчилдог. Манай эмнэлэгт нийт 40 гаруй сэтгэл заслын эмчилгээ хийдэг эмч, сувилагч, сэтгэлзүй ч бий.

-Саяхан төрөөс олгодог эм, тарианы төсвийг танах талаарх яриа олны анхаарлыг татсан. Үнэхээр төсөвийг багассан юм уу. Танай байгууллагын эм нийлүүлэх төсөвт өөрчлөлт гарсан уу?

-Эдийн засгийн нөхцөл  байдлаас хамаарч өнгөрсөн жилийг бодвол харьцангуй бага батлагдсан. Гэхдээ эрүүл мэндийн спортын яаманд хүсэлт гаргаж, дахин батлуулахаар хүсэлтээ гаргаад байна.

-Өмнөх жилийнхтэй харьцуулахад хэдэн төгрөгөөр бага байна вэ,  тодорхой мөнгөн дүнг нь дурьдвал?

-Өмнөх жилүүдэд 750 гаруй сая төгрөг батлагддаг байсан бол энэ жил 506 сая төгрөгийн төсөв батлагдсан. Энэ нь эмчилгээ, үйлчилгээний салбарт хүрэлцэх мөнгөн дүн  биш юм.

Т.АРИУНБАЯР

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж