Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааны үеэр Авто машингүй гудамж төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэж батлагдлаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй уг төсөл нь нийслэл хотын иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.
Төслийн хүрээнд дөрвөн чиглэлд авто машингүй гудамжийг байгуулах юм. Эхний ээлжинд Асашорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд тал буюу “Өргөө” зочид буудлаас “Голомт” банкны зүүн тал хүртэлх 133 ам.метр замыг тохижуулах аж.
Түүнчлэн уг төслийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум төгрөг хэрэгтэй ажээ. Мөн Чингисийн талбайн урд газар доорх гурван давхар авто машины зосоол, Асашорюүгийн цэцэрлэгийн урд хоёр давхар газар доорх авто машины зогсоолыг барьж дээр нь цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур болон үйлчилгээ газрыг байгуулах юм.
Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Энэ асуудлыг дөрөвдүгээр сараас эхэлж ярьсан. Төрийн ажил хэт их улс төржиж байна. Эхний ээлжинд гарааш хийх ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг маш хурдан хийх хэрэгтэй учраас ирэх хавраас эхэлж зун гэхэд дуусгах юм” гэв. Түүнчлэн автомашингүй гудамжинд худалдааны цогцолборыг байгуулах ажээ.
Н.БАТ