Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон дуулианууд

Хуучирсан мэдээ: 2019.12.30-нд нийтлэгдсэн

Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон дуулианууд

Монголын нэрийг дэлхийд шившиг болгосон дуулианууд

Монголын төрийн үнэлэмж, төрд итгэх итгэл өдөр ирэх тусам унаж байна.  Энэ бүхэн мэдээж, төрд ажиллаж буй хүмүүсийн ухамсар, ёс зүй, сахилга бат, хариуцлагатай холбоотой юм. Эх орноо төлөөлөн гадаад улсад сууж буй дипломат ажилчдыг тойрсон хар тамхины хэрэг, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын "секс скандал", МИАТ ТӨХК-ийн мансуурсан нисгэгч болон Вьетнам, Тайланд зэрэг улсуудад хулгай хийдэг элэг нэгтнүүд маань Монгол Улсын нэр хүндийг уландаа гишгиж , хатуухан хэлэхэд шившиг болголоо.  2019 онд биднийг дэлхийд харлуулсан үйл явдлуудыг эргэн сануулъя.


Одоогоос ердөө нэгхэн сарын өмнө Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар саатуулагдан шалгагдсан нь монголын нийгэмд сенсаци тарьсан. Түүний хувьд БНСУ-д 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая орчим воноор торгуулаад Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Улмаар  Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хуралдаанаар 11 сарын 22-ны хуралдаанаар түүнийг чөлөөлж Д.Одбаяр  Цэцийн гишүүнээр үлдсэн юм. Үйл явдал чухам хэрхэн өрнөснийг бид өмнө нь мэдээлсэн.

БИ ҮЙЛЧЛЭГЧИЙН БИЕ, ӨГЗӨГТ БАЙТУГАЙ ГАРТ НЬ Ч ХҮРЭЭГҮЙ

Тэрбээр энэ асуудлаар хэвлэлд өгсөн яриандаа “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон.

Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан.

Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л…” гэж бодсон.

Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан. Гэрчүүдтэй үйл явдал” хэмээн ярьжээ.

ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭСЭН Б.БАТТҮШИГ ТАГНУУЛ ХИЙЖ ЯВСАН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Үүнээс гадна “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг дэлхий дахинаа түгшүүрийн дохио өгсөн хар тамхины хэрэгт монголын дипломат албаны эрхмүүд холбогдож харийн шоронд ял эдлэх дээрээ тулаад байна.  Хоёрхон жишээ дурдахад тавдугаар сарын 3-ны өдөр Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий ”геройн”-ыг албаны машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийн ээлжит шүүх хурал арванхоёрдугаар  сарын 9-ны өдөр болсон. Энэ үеэр Б.Баттүшиг “Би Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажилладаг өндөр албан тушаалын тагнуулч. Монгол Улсын дипломат ажилтнууд хуурамч бараа, тамхи, хар тамхи наймаалж болзошгүй гэх мэдээллийн дагуу өөрөө дунд нь орж нууц ажиллагаа явуулсан хэмээн ярьсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Б.Баттүшиг нь шүүх хуралыг хаалттай явуулах юм бол илүү их зүйл ярих боломжтой гэдгийг  шүүгч нарт илэрхийлсэн байна. 


ДИПЛОМАТЧ Т.МӨНХБАТ ГЕРМАНЫ ШҮҮХЭЭС 3 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

Дараагийн жишээ. 2018 оны арванхоёрдугаар сард  ХБНГУ-ын Дрезден  хотын цагдаа нар ойролцоох замд дипломат дугаартай автомашиныг зогсооход нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсныг илрүүлсэн.  Тодруулбал, дипломат албаны машинд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны атташе 53 настай Т.Мөнхбат сууж явсан бол автомашиныг 38 настай Э.Оргил жолоодож явжээ.

Тэдэнд холбогдох шүүх хурал энэ оны есдүгээр сарын 13-нд Германы Дрезден хотын шүүхэд болж  Т.Мөнхбатад  гурван жил, есөн сар хорих ял оноосон талаар “Bild” сонин мэдээлсэн юм.


МИАТ СОГТСОН, МАНСУУРСАН ХОЁР НИСГЭГЧЭЭ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ

Энэ мэт мөнгөнд донтсон монголын дипломатууд дэлхийн шившиг болж дууслаа. Харамсалтай нь тухайн улсдаа ажиллаж, амьдарч, сурч, боловсорч буй иргэддээ үйлчилгээ үзүүлж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй Монголын дипломат ажилтнуудын өнөөгийн төрх өрөвдмөөр хэмжээнд очсон гэхэд буруудахгүй. Төрийн албанд ажиллаж байгаа дипломат, үүний араас дуучид мөн л хар тамхи хэрэглэж, гавтайгаа шүүхээс зугтсан асуудал гараад удаагүй байгаа.

Одоо бүр  онгоцны  нисгэгчид араас нь орж байгаа бололтой.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард МИАТ компанийн ТУЗ-ийн гишүүд Герман улсын Берлин хотноо болсон хуралд оролцжээ. Тэнд байх хугацаандаа таван одтой зочид буудалд байрлаж, улмаар архидан согтуурсан байна. Зочид буудлынхан цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар сэжигтэй харагдсан нисгэгчээс  шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх.

Энэ асуудлын дараа  МИАТ компани нь хоёр нисгэгчийн   хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан “Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явуулдаг. Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн" гэжээ. 

ТАЙЛАНД, ВЬЕТНАМД ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДСАН МОНГОЛЧУУД

Он гарсаар гадны орнуудад тэр дундаа Вьетнам, Тайланд зэрэг жуулчид ихээр ирдэг Азийн орнуудад Монгол иргэд халаасны хулгай хийж байгаад баригдсан гэх мэдээлэл ойр ойрхон чих дэлсэх болсон. Хэдхэн хүний явуургүй үйлдлээс болж Монгол иргэд гадны улсуудад зорчиход улам л төвөгтэй байдал үүссээр байна.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 15-ны өдөр Вьетнамын нийслэл Ханой хотноо дахин нэг Монгол иргэн халаасны хулгай хийж байгаад баригджээ. Тодруулбал, 1989 онд төрсөн А.Чингүүнжав нь Ханой хотын Хоан Кием дүүрэгт Солонгосын жуулчны эд зүйлийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Юүдэнтэй саарал цамц, хар малгай өмссөн сэжиг бүхий этгээд нэгэн жуулчны араас дагаж байхыг хараад цагдаа нар түүнийг ажиглаж эхэлжээ. Энэ үед тэр Солонгосын жуулчны цүнхний цахилгааныг онгойлгож, хар өнгийн хэтэвчийг нь суулиад зүгээ өөрчлөн явсан байна. Цагдаа нар түүнийг дагасаар байсан ба нэгэн дэлгүүрт орж шар өнгийн хүрэм худалдан аваад, өөр нэг дэлгүүрээс өөр өнгийн малгай худалдан аваад сольж өмсөх гэж байхад нь цагдаа нар баривчилжээ. Цагдаа нар хохирогчийн эд зүйл болох 100 ам.доллар, 300,000 вьетнам дон болон бусад бичиг баримт зэргийг сэжигтнээс хураан авч эзэнд нь буцаан өгсөн байна.

  • Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан монгол залуу Вьетнамын Хо Ши Мин хотод жуулчдын ихээр ирдэг дүүрэгт хулгай хийж байгаа баривчлагдсан бол үүнээс хойш сар ч хүрэхгүй хугацаанд дахин таван монгол иргэн тус улсад хулгайн хэргээр баривчлагдан саатуулагдсан юм.

МОНГОЛ ИРГЭД БАНГКОКТ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАВ 

  • Мөн энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотын олон улсын нисэх буудал дээр халаасны хулгай хийж байсан Монгол Улсын гурван иргэнийг тус улсын цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилсан юм. Тэд баригдахаасаа хоёр долоо хоногийн өмнө нисэх буудлаар үйлчлүүлж байсан жуулчдын халааснаас эд зүйлийг хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

Б.Хишигбат /40 настай эр/, Б.Төрмөнх /41 настай эр/ Б.Өлзийбаяр /35 настай эм/ нар нь саатуулагдах үедээ их хэмжээний гадаадын мөнгөн дэвсгэрт буюу 200 мянган тайланд бат, 8600 ам.доллар, 3650 евро, 900 мянган иен, 1355 аргентин песо, 400 мянган вьетнам дон, 500 австрали долларыг биедээ авч явж байжээ. 

ТАЙЛАНДЫН ХААНЫ ОРДОНД МОНГОЛЧУУД ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОВ

  • Монгол Улсын гурван иргэн М. Батболд, С. Солонго, Г. Золзаяа нар нь гуравдугаар сарын 28-ны өдөр Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан.

Уг ордныг үзэхээр жуулчид олноороо зорин ирдэг бөгөөд дээрх гурван иргэн АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлсийг хулгайлж, хулгайлсан картаараа дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна. Харин бэлэн мөнгө, карт зэргээ алдсан жуулчид хааны ордны цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлжээ.

МОНГОЛЫН ХИП ХОП ДУУЧИН БАНГКОКТ ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДАВ

  • Бангкок хотын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилсан гэх мэдээ энэ оны дөрөвдүгээр сард гадны хэвлэлүүдээр гарсан. 

Тайландын цагдаагийн газар тэдний хоёр нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр нарыг монгол хипхоп урсгалаар уран бүтээл хийдэг дуучид болохыг олж мэдсэн гэж мэдээлэв.

И.Мөнхбаярын тайзны нэр нь “Infinity Mue” бөгөөд тэрбээр 2018 онд реппер Г.Энэрэлийн “Sweet”, BadСucci дууг хамтран дуулж байжээ. Дөрвөн жилийн өмнөөс тэрбээр “Infiniti” нэрээр уран бүтээл хийх болсон ч энэ нэрээ “Infinity Mue” болгож өөрчилсөн байна. Тэрбээр бие даасан гурван уран бүтээлтэй. Гэсэн ч дуундаа клип хийлгэж амжаагүй учир түүнийг тийм ч олон хүн танихгүй. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь Словакын жуулчны 2,000 баттай хэтэвч ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлсийг авсан байжээ. Хулгайн хэрэг гарсны дараа ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олдсон аж. Цагдаа нар хяналтын камерны бичлэг шалгаад гурван этгээд хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж