Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд зодоглож буй бөхчүүдийн мэдээллийг энд дарж авна уу.
ЧАНСАА ӨНДӨР 128 БӨХИЙН БАРИЛДААНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Монгол Улсын иргэд ээ,
Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа,
Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт өдрийн мэндийг дэвшүүлье.
Өнөөдрөөс яг 108 жилийн өмнөх энэ өдөр одоогийн Монгол Улсын Их Сургуулийн төв байр, тухайн үеийн Богдын Шар ордны өмнөх талбайд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ.
Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа.
Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм.
Түүх сөхвөөс Манжид 1636 онд Өмнөд Монгол нэгдсэнээс хойш, 1691 онд Халх Монгол нэгдсэнээс хойш, 1750-иад оны дунд Зүүн гар буюу Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш багаар бодоход 150 гаруй жилийн турш, урагшлан бодвол 200 гаруй жилийн хугацаанд ил далд өрнүүлсэн үндэсний тэмцэл зорилгодоо хүрч, үндэсний эрх чөлөөгөө батжуулж, тусгаар тогтнолоо сэргээснээр монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлсэн юм.
1911 оны үндэсний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 108 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан билээ.
Өнөө жил 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Чин ван Ханддорж, Чагдаржав нарын 140 жилийн ой тохиож, ойг өвөг дээдсийнхээ түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж, хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах эх оронч, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлэх агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлснийг дурдахад таатай байна.
Монголын түүх бол зөвхөн монголчуудын түүхээр хязгаарлагдахгүй дэлхийн энгээр бичигдсэн агуу их түүх хэдий ч омогшил бахархал, гэмшил ухаарлыг хослуулсан сургамжит их туульс гэдгийг энэ өдөр бид санаж сэрэх ёстой.
Тийм учраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт төр улс маань Монголын үе үеийн мэргэд, эх орончид, өвөг дээдсийн холч мэргэн ухаан, эв санааны хүч, халуун амь, бүлээн цус, цэгнэшгүй үнээр залгамжлагдсаныг санаж эрхэмлэн хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.
Эх сурвалж: President.mn