Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол “Бригадын генерал” цол хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч бригадын генерал С.Баатаржавыг ёслолын жагсаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын төлөөлөл угтан авсан юм.
Энэ үеэр бригадын генерал С.Баатаржав талархлын үг хэллээ. Тэрбээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм хүндэт офицер, ахлагч, ажилтан нар аа. Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярын энэ өдөр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд “Бригадын генерал” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ туйлын баяртай байна. 1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг төгсөн, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлснээр миний ажил, хөдөлмөр, амьдралын анхны гараа эхэлж байлаа. Миний бие арван тавны цагдаагаас улбаатай, 98 жилийн домогт түүхтэй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дарга, командлагчаар ажиллаж байх энэ цаг мөчид цэргийн дээд цолыг хүртлээ. Энэхүү эрхэм дээд цолыг хүртэхэд Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн та бүгдийн минь төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн, хичээл зүтгэл их байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Миний аав Довчинжавын Сайннямбуу нь Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад насаараа ажилласан хурандаа цолтон байсан. Тиймээс ч энэ байгууллагатай бага наснаасаа холбогдож, аавынхаа залгамж, халаа, үргэлжлэл нь болон ажиллаж байна.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтдээ талархал илэрхийлье. Цаашид ард иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг хангахын төлөө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах болно” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ