Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2014 онд "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж байсан билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерейн зүгээс Хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж, хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор хоёр жил тутамд харилцан айлчилж, “Уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохирсны үндсэн дээр Бээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан холбогдох албаны хүмүүсийн хамт өнгөрсөн долдугаар сард Монголд зочилсон юм.
Тэд энэ үеэрээ БСШУЯ-ны удирдлагууд болон Монголын уран бүтээлчидтэй уулзаж, Монголын Уран зургийн галерейтай хамтран хээрийн судалбар зураг зурсан байдаг. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд "Тал нутгийн аялгуу" цуврал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд үзэсгэлэнд хоёр улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний дүрслэх урлагийн зургаан төрөлд, 160 орчим бүтээлээр оролцохоор болсон юм.
Үүн дагуу аравдугаар сарын 20-ноос 14 хоногийн хугацаатай БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд, харин 12-р сарын 1-14-нд Монголын Уран зургийн галерейд хоёр дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнг тус тус дэлгэхээр ажиллаж байна.
Үзэсгэлэнг зохион байгуулснаар хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах өндөр хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах, дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлагыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг том зах зээлд гаргаж, түүгээрээ дамжуулан улсын эдийн засаг, соёлын салбарт эерэгээр нөлөөлнө гэж урлагийн салбарынхан онцолж байна.
Үзэсгэлэнд хоёр орны өндөр дээд хэмжээний зочид оролцож, соёлын салбараар дамжуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх хөрөнгө оруулагч нарт эерэг хандалгын бий болгох талаар ярилцлана. Өөрөөр хэлбэл, энэ нь Монголын уран бүтээлчид Дэлхийн зах зээлд гарах чухал гарц болох талтай.
Б.ЭНХ