Алдартнууд чуулсан “1000 Хонгорчууд” шинэ жил нижгэр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

Алдартнууд чуулсан “1000 Хонгорчууд” шинэ жил нижгэр боллоо

Алдартнууд чуулсан “1000 Хонгорчууд” шинэ жил нижгэр боллоо

“Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сан”-гаас зохион байгуулсан “1000 Хонгорчууд” шинэ жил UB паласын Рояал танхимд нижгэр болж өндөрлөлөө. Ямар нэгэн улстөржилтгүй, намын цензургүйгээр анх удаа зохион байгуулсан энэхүү шинэ жилийн арга хэмжээг “Баянхонгор хөгжлийн төлөө сан”, СТА дуучин Э.Энх-Эрдэнэ менежмент сайтай, чадварлагаар зохион байгуулж “1000 “Хонгорчууд”-ыг нэгэн үдэш нэгтгэж чадсанд нутгийн уугуул, суугуул иргэд талархал илэрхийлж, цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсч байв.

Хонгор нутгийнханыг нэгтгэсэн энэхүү үдэшлэгийн хүндэт зочдоор найруулагч Ардын жүжигчин Ж Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Сосорбарам, ард түмэндээ авшиг ерөөлөө хайрлаж, оюун санааны соён гэгээрэл рүү хөтөлж яваа Ж.Жигжид /Даянхүү/, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу, аав хүү докторууд болох Соёл урлагийн доктор С.Юндэнбат, түүхийн ухааны доктор Юндэнбатын Болдбаатар,   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Байт харвааны Спортын мастер, Азийн аваргын мөнгөн медальт “Токио 2020” оны паралимп эрхтэй Н.Мөнхбаатар нарын олон арван алдартнууд хуран чуулж шилдэгүүдээ шалгаруулсан юм.

Хонгор нутгийн оны онцлох алдартнаар “Хү” хамтлагийн гишүүн Б.Энхсайхан тодорсон бол,

Спортын салбараас жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг

Боловсролын салбараас Боловсролын ухааны магистр, докторант Г.Төмөрзаяа

Хэвлэл мэдээллийн салбараас TV8 телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Эрдэнэбаяр

Эрүүл мэндийн салбараас  “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн зүрх судасны их эмч, АУ-ны доктор Ц.Намхайдорж

Бизнесийн салбараас “Бодь кашимер”-ийн захирал Ж.Өлзийбодьжав

Урлагийн салбараас Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян

Улс төр нийгмийн салбараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, “Эх нутаг” ТББ-ын дэд тэргүүн н.Эрхэмбаяр нар шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

“1000 Хонгорчууд” шинэ жилийн арга хэмжээний үеэр Хонгор нутгийнханы цөсийг хөөргөж, урмыг тэтгэсэн олон үйл явдал болсон нэг нь жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэгт “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гаас гурван өрөө байр гардуулсан юм. Тус сан нь боловсрол, урлаг, спортын салбарт амжилт гаргасан залуусаа дэмжиж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнө нь Монгол Улсын харцага Н.Золбоог ланд круйзер-200 машинаар шагнаж урамшуулж, амжилтын ташуур болж байсан түүхтэй.

Энэ бахдам сайхан амжилтуудыг мялааж Төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Сосорбарам өөрийн амилуулсан ая дууныхаа дээжээс өргөж хурсан олныг огшоов. Мөн үдшийн цэнгүүний уламжлалт дуу хуур, үзүүлбэрүүдийн жишгийг эвдсэн нэгэн гайхалтай сюрприз байсан нь бодибюлдингийн тамирчин Т.Батнасан, шүдээрээ механизм чирж Геннисийн амжилтыг тогтоогоод буй Ц.Гантулга нарын үзүүлбэр, нутгийн залуу уран бүтээлчдийн ая дууны өргөл байв. Нийтийн шилдэг дуу, сонгодог урлаг, кабаре үзүүлбэр, алдартнуудын  сургаал үгсээр халгиж цалгисан энэ үдэш бас залуусаа урамшуулахаа мартсангүй. Шинэ залуу үеэ манлайлан амжилтаараа тэргүүлж яваа залуусыг урамшуулсан олон шагнал нүдээ олж  эзэндээ очин энэ жилийн төлөвлөгөө, ирэх оны амжилтын ташуур болсон нь дамжиггүй.

Хамгийн сонирхолтой нь нам, улстөрөөс ангид байж нэгдсэн шинэ жилээ хийж буй энэ үдшийн цэнгүүнд МАН болон АН-ын хонгор нутгаас төрсөн лидер улстөрчид, үе үеийн УИХ-ын гишүүдээс хэн нь ч бараагаа харуулсангүй. Тэр ч бүү хэл УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын төрийн түшээд морилон ирээгүй, тэр ч бүү хэл мэндчилгээ ч ирүүлээгүй нь хачирхалтай. Уг нь хонгор нутгийн ард түмний дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаа нь үнэн. Гэвч Хонгор нутгийнханаа тоож ирээгүй нь цаанаа учиртай биз ээ. “1000 Хонгорчууд“ шинэ жилийг тойрсон сонин хачнаас товч хуваалцахад ийм байна.

Л.ЖАВХЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж