Барилгын тусгай зөвшөөрлийг 5-10 жилээр олгоно

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Барилгын тусгай зөвшөөрлийг 5-10 жилээр олгоно

17.18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 81.5 хув нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тодотгосноор Барилгын тухай хуулийг шинэчлэн боловсруулсантай холбогдуулж зарчмын томоохон өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, одоогийн хуулиар барилга барих тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгодог. Үүнийг 5-10 жилийн хугацаатай олгох, мөн хугацааг 5-10 жилээр сунгана. Хугацааг ийн одоогийнхоос уртасгасан нь барилгын компаниуд тусгай зөвшөөрлөө авах гэж олон сар жилээр хөөцөлддөг гээд шат дамжлага олныг давдаг байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол энэ үзүүлэлтээр улс орнуудаас 121 дүгээрт байрт орсон. Мөн тусгай зөвшөөрөл хүсэхэд хамгийн багадаа 500 гаруй өдөр болдог, 120 гаруй гарын үсэг цуглуулдаг гээд үат дамжлага ихтэй байдаг аж. Энэ нь бизнес эрхлэгчдэд  хүндрэл учруулдаг. Тиймээс бизнесийг дэмжих хүрээнд тусгай зөвшөөрөл олгох хугацааг уртаар тавьж өгчээ.

Мөн барилга хоорондын зай, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах зэрэг заалт тодорхой байдлаар туссан аж. Харин шинээр баригдаж байгаа орон сууцны нэгдүгээр давхарт баар ресторан байрлуулж болохгүй гэдгийг тусгайлан хуульд заасан уу. Заагаагүй бол ингээд хуульчлаад өгөх шаардлага байна гэсэн асуудлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хөндлөө. Сайд З.Баянсэлэнгийн тайлбараар бол “Ажлын хэсгээр хуулийн төслийг хэлэлцэх үед нэмээд энэ асуудлыг хуульчлаад тусгах боломжтой” гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэртэй хэчнээн барилга байгууламж байна. Мөн хэд нь газар хөдлөлтөд тэсвэргүй нурах эрсдэлтэй вэ. Энэ талаар гаргасан тодорхой судалгаа байна уу гэдгийг лавлалаа.

Холбогдох албаны хүний тайлбараар бол мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр газар хөдлөлийн магнитут 1 баллаар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг авч, 1950-1960-аад оны барилгад үнэлгээ хийж эхэлсэн. Хотын төсөвт жил бүр тодорхой хөрөнгө тусгадаг. Нэг барилга дээр 4-5 сая төгрөгийн зардал гаргаж, газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг нь судалдаг байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал амьтаны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.


15.37

“Эрдэнэт”-ийн ОХУ-ын ногдол ашгийг “иджээ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэх шатанд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талд ногдох ногдол ашгийг хойд хөршид шилжүүлж чадалгүй “идэж” дуусгасан тухай хөндөгдлөө. Тодруулбал, 2012-2015 он хүртэлх ногдол ашиг үүнд багтаж буй аж. Төрийн өмчийн хорооны даргын тайлбараар бол ОХУ-д төлөх ногдол ашгийн нийт хэмжээ 100 гаруй тэрбумтай тэнцэнэ.

Ийн олон жил ногдол ашгийг ОХУ-д олголгүй өнөөдрийг хүргэсэн нь ОХУ-ын зүгээс “Ногдол ашгаа “Ростехнологи”-д шилжүүлнэ, байлгаж бай” гэдэг санал тавьж ирсэн. Нөгөө талаас дээрх хэлэлцээртэй холбоотойгоор хоёр талын хэлэлцээр гурван жил үргэлжилсэн. Энэ хооронд Монголын тал ногдол ашгийг өөр зүйлд зарцуулж, одоо өгье гэхэд мөнгөгүй болсон. Тиймээс энэхүү ногдол ашгийг ОХУ-ын талд буцаан өгөхийн тулд 2016 оны төсөвт тусгасасан юм байна. Төсөвт ногдол ашгийг тусгасан нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн байдал хүнд байгаатай холбоотой аж.

Дээрх асуудалтай холбогдуулж, гишүүд тодруулга хийх шатанд зарим зүйлийг нягтлах шаардлага гарсан тул Ч.Хүрэлбаатар гишүүнийн гаргасан саналын томъёоллоор санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээсэн тул энэхүү хэлэлцээрийг хойшлууллаа. Үүнтэй холбоотойгоор Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл мөн хойшлогдлоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна.


14.20

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагаасаа 50 минут орчмоор хоцорч 14.50 цагийн орчимд эхэллээ. Одоо хуралдаанаар Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан байна. Тухайлбал, ОХУ-ын Элчин Сайдын яамны 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №25/н тоот ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн.

Манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна.

Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг  хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид  2015 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ.

Үүний дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж