Хятадад биеэ үнэлж эсвэл тэднийг худалдан авсан хүмүүсийг хоёр жил хүртэл хугацаанд “боловсрол олгох төв”-д хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг системээ зогсоохоор болжээ. Хятадад биеэ үнэлэх эсвэл тэднийг худалдан авах нь хууль бус юм. Энэ төрлийн хэрэгт Хятадад 15 хоног хүртэл хугацаагаар хорих, 5000 юанийн торгууль оноох хуультай. Гэвч цагдаа нар ихэвчлэн хүмүүсийг зургаан сар эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг аж.
Биеэ үнэлэгч эсвэл тэдний үйлчлүүлэгч нар хоригдож байх хугацаандаа гэр ахуйн бараа, хүүхдийн тоглоомын үйлдвэрт албадан хөдөлмөр эрхэлдэг аж. Тэгвэл энэхүү шийтгэлийн системийг өнөөдрөөс (2019.12.29) зогсоож байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ. Ингэснээр одоо Хятадад биеэ үнэлсэн болон тэднийг худалдан авсан хэргээр хоригдож буй хүмүүс суллагдах аж.
Хятадад биеэ үнэлэгч болон тэднийг худалдан авсан иргэдийг “хорьж, боловсрол олгох” систем нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийг зөв хэвшилд сургахад хувь нэмрээ оруулсан гэдгийг Синьхуа агентлаг онцолжээ. Гэвч хүний эрхийн байгууллагаас 2013 онд биеэ үнэлэгч, тэдний үйлчлүүлэгч, цагдаа, мэргэжилтэн гэх мэт 140 хүнтэй ярилцлага хийсний үр дүнд хорих төвд шинэ мэдлэг, ур чадвар эзэмшдэггүй, зүгээр л албадан хөдөлмөр эрхэлдгийг олж тогтоожээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ