Нийтийн тээврийн үйлчилгээ цахимд шилжсэнээс хойш энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компаниуд үйлчилгээний хөлсийг аваагүй, санхүүжилт байхгүйн улмаас тээвэрлэлтэд гарах ямар ч боломжгүй болсон хэмээн ажил хаялт зарласан. Тодруулбал, "Улаанбаатар смарт карт" компани өнгөрсөн долдугаар сараас хойш 70 хоногийн ажлын хөлсийг өгөөгүй. Үйл ажиллагааны зардал болгож, орлогын мөнгөнөөс компаниудад хувиарласан ч, орох ёстой мөнгөнөөс 30-40 хувиар дутсаар байна гэсэн тайлбарыг өчигдөр хувийн компаниудын төлөөлөл хийж, асуудлыг шийдэж өгөхгүй бол үйлчилгээнд гарах боломжгүй гэж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс дээрх үүссэн асуудалд тайлбар хийж, хувийн компаниудын өгсөн мэдээллийг үгүйсгэсэн юм. Үндсэндээ өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдрөөс хойш энэ сарын 2-ныг хүртэлх хугацаанд нийтийн тээврээс олсон орлого болгож "Улаанбаатар смарт карт" компани 10 тэрбум 600 орчим сая төгрөгийг тус салбарт үйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгжид хуваан өгчээ. Ингэхдээ компаниудтай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу тухайн өдрийн орлогыг хуримтлуулж, тооцон гурав хоногийн дараа буцаан олгодог байжээ. Системийн шинэчлэл хийгдсэн эхний өдрүүдэд бэлэн мөнгөөр зорчих иргэд их байсан учир орлогын тооцооллыг хийхэд хүндрэлтэй байсан. Үүний улмаас богино хугацаанд тухайн олсон орлогоо автобус компаниудад буцаан өгч чадаагүй тохиолдол гарсан. Тэр үедээ "Улаанбаатар смарт карт" компани өөрийн хөрөнгөөсөө гурван тэрбум гаруй төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зардал болгон зээлээр өгчээ. Одоо энэ мөнгөнөөсөө нэг тэрбум гаруйг нь буцаан аваагүй яваа тухай "Улаанбаатар смарт карт" компаниас мэдэгдлээ.
Нийтийн тээврийн төлбөрийн систем, маршрут чиглэлийн шинэчлэлтэй холбоотойгоор автобус компаниуд, нийслэлтэй хамтран ажиллах гэрээгээ шинэчилж, ажлын хөлсөө цагийн системээр тооцон авахаар тохиролцжээ. Энэ дагуу ч "Улаанбаатар смарт карт" компани компаниудад орлогыг нь хуваарилахдаа ямар компанийн хэдэн автобус хичнээн хүн тээвэрлэсэн бэ гэдгээс нь үл хамааран тухайн өдөрт үйлчилгээнд гарсан компанийн автобус бүрийн тоо, цагаар энэ салбараас олсон орлогыг тэнцүү хуваан дансанд нь шилжүүлдэг байжээ.
Ямартай ч "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс хувийн компаниудийн орлогоос хууль бусаар аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн нийтийн салбарт автобусаа явуулдаг хувийн 20 компани үйл ажиллагааны зардалгүй болж, иргэдийг тээвэрлэж чадахгүй болсноо албан ёсоор мэдэгдээгүй тухай ч тодотгов. "Улаанбаатар смарт карт" компанийн хувьд төсөл хэрэгжүүлэгч тал учир хувийн компаниудтай зөвшилцөж, үйлчилгээнд гаргах эрх мэдэл, боломж байхгүй гэдгээ учирлалаа. Хөндлөнгийн эх сурвалжуудын зүгээс автобус компаниудын энэхүү үйлдэл нь иргэдийг хохироох нэрийдлээр тус салбарын шинэчлэлийг эсэргүүцэж, хуучин хууль бус мөнгө угаах боломжит аргаа сэргээх гэсэн оролдлого гэсэн тайлбарыг хийж байна. Үндсэндээ төр, хувийн хэвшлийнхний үл ойлголцлоос болж иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсоор байна гэдгийг энд сануулъя.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ