Сирийн хямралаас В.Путин юу хожих вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

Сирийн хямралаас В.Путин юу хожих вэ?

 

Сирийн удирдагч Башир Асадын цэргүүдийг сургах, зэвсгээр хангах болон агаараас дэмжиж, уялдаа холбоогоо сайжруулах замаар Исламын улс бүлэглэлтэй үр дүнтэй тэмцэж болно. Энэ бол Кремлийн байр суурь. Харин Цагаан ордон "Башир Асад бол зандалчин, түүнийг Сирийн аядуу сөрөг хүчин түлхэн унагасны дараа Исламын улстай тэмцэж эхэлнэ” хэмээн зүтгэж байгаа. Аливаа нэгэн тусгаар улсын нутаг дэвсгэрт, зөвхөн тэр улсын хууль ёсны Засгийн хүсэлтээр эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу цэргийн үйл ажиллагаа явуулж болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч баталж байгаа бол Барак Обама эрх чөлөөний төлөө тэмцэл явуулахад хэнээс ч зөвшөөрөл авахгүй хэмээн зарласан.

 

2013 онд АНУ-ын толгойлсон эвсэл Сирийн дэглэмийг түлхэн унагаах асуудлыг нухацтай ярьж эхэлсэн тэр үед В.Путин Сирийн удирдагчийг нэгэнтээ аварч дөнгөсөн. "Өөрийн ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэж улаан шугам  давбал ямар ч эргэлзээгүй Асадыг түлхэн унагаана” гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама зарласны дараа оросууд тэр дор нь НҮБ-ын мандаттай шалгалт оруулж, Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгуулж чадсан.

 

Химийн зэвсэг байхгүй бол "улаан шугам" давахгүй. Нэгэнт тогтоосон шугамыг даваагүй юм чинь Б.Асад суудалдаа үлдэж болно. Энэ бол оросуудын логик. Үр дүнгээ ч өгсөн. Магадгүй, Б.Обама өөрийнх нь тавьсан шаардлагыг оросууд ингэж хурдан, өөртөө ашигтай байдлаар эргүүлнэ гэж санаагүй байх. Эсвэл НҮБ-ын нэрээр химийн зэвсгийг нь устгачихвал дараа нь өөрсдийн нь сургаж, зэвсэглэсэн Сирийн "аядуу" сөрөг хүчнийхэн Б.Асадыг түлхэн унагахад илүү хялбар гэсэн тооцоо байж болох юм. Аль нь байсан ч АНУ-д ашиггүй туссан.

 

Өнөөдрийг тэр үетэй харьцуулбал маш олон зүйл тодорхой болоод байна. АНУ-ын 500 сая ам.доллар зарлагадан бэлдсэн Сирийн аядуу сөрөг хүчний дайчид зэвсэг болон сурсан эрдмээ аваад Исламын улс /ИУ/-ын эгнээнд элсэн оржээ. Ер нь Сирид аядуу /хүний хоолой хэрчдэггүй, соёлын өв устгаж нураадаггүй/ сөрөг хүчин гэж байхгүй бололтой. Сирийн газар нутаг эсвэл Б.Асадын цэргүүд эсвэл ИУ-ын дайчид гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.

 

Мөн тэр үеэс хойш байлдагч талуудын хүчний харьцаанд онцын өөрчлөлт гарсангүй. Харин ИУ өөрийн хараат бүсийг тогтоож аваад НҮБ-д бүртгэлгүй л болохоос тэндээ тусгаар улс болохоор төвхнөж эхэллээ. Өөрийн мөнгөн тэмдэгт /өрийн бичиг/, санхүүгийн эх сурвалж /газрын тос болон хар тамхины наймаа/, татварын систем, хил хязгаар болон зэвсэгт хүчинтэй болсон, бүр голливудын хэмжээнд хүрэхүйц богино хэмжээний кино хийдэг болсон зэрэг нь бүрэн эрхт улс болохын өмнөх шат гэлтэй.

 

Үргэлжлэл: montoday.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж