"Харанга", "Баянмонгол" Төрийн соёрхол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.29-нд нийтлэгдсэн

"Харанга", "Баянмонгол" Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун, “Харанга” хамтлагийн уран бүтээлчид  Төрийн соёрхол хүртлээ. Төрийн шагнал хүртээх тухай зарлигт

“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор төрдөө дахин үнэлүүлж байна. Баярт мөчөөс нь хуваалцсанаа хүргэе.

"Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлай : Сэтгэгдэл өндөр байна. Энэ бол 30 жил хамтдаа зүтгэснийг үнэлсэн хэрэг. Мэдээж эв эе ямар хүчтэйг харуулж байгаа. Бидэнд улам ихийг бүтээгээрэй гэсэн ташуур өгч байгаа юм болов уу гэж бодогдлоо. Ташуурыг хүлээж авлаа. Баярлалаа та бүхэнд ээ.

"Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн: Сэтгэгдэл маш сайхан байна. Хойшдоо шинэ уран бүтээл хийхийн төлөө амьдрах юм байна гэж бодлоо.  Бүгдээрээ хамтдаа урт насалж удаан жаргацгаая.

"Харанга" хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш: Сэтгэл их өндөр байна. 20 наснаасаа найзалсан андуудтайгаа өдий ийм өндөрлөгт хүрсэнд бахархах сэтгэгдэл төрж байна. Биднийг сонсдог, дэмждэг монголчууддаа баярлалаа.

"Харанга" хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн: Харанга хамтлагийн маань түүхэн ой тохиож байна. Энэ шагнал бол орчин үеийн хөгжим рок попынхныг төлөөлүүлж "Харанга" хамтлагийнханд өгсөн шагнал гэж ойлгож байна. Биднийг сонсдог фенүүдэээ баярлалаа.

"Харанга" хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат: Ардчилсан хувьсгал ялснаас хойш "Харанга" хамтлагийн түүхэн гавьяа. Бидний дууг, сэтгэлийг хөглөж ийм сайхан дууг төрүүлдэг ард түмний минь шагнал гэж бодож байна. Өнөөдөр бидний дууг дуулдаг сонсогч нар байгаагүйсэн бол бид энэ дайд хүрэхгүй. Ард түмэндээ баярлалаа. Хүн мөрөөдөлтэй амьдардаг. Тийм учраас зөндөө их юм мөрөөдөж байна.

"Баянмонгол" чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар "Баянмонгол" чуулганы уран бүтээлчид өнөөдөр Төрийн соёрхол цол хүртлээ. Зарлигт  "Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

  • Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
  • Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
  • Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
  • Дууны инженер Дондойн Гантөмөр,
  • Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
  • Удирдаач Бадамхандын Нямдорж,
  • Дуучин Хайдавын Төмөрбаатар,
  • Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Баянмонгол" чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээснийхээ дараа үг хэлсэн юм. "Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг гардууллаа.

Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм.

Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна.

“Баянмонгол” чуулгын он цагийн шалгуурыг давсан, олон нийтийн таашаал, хүндлэлийг хүлээсэн багц уран бүтээлүүдэд Төрийн шагнал олгож байгааг коммунист үзэл суртлын хатуу шалгуураар өнгөрсөн нийгмийн үед Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төрөөс бодлогоор дарж, орхигдуулж байсан алдааг залруулж байгаа гэж бас ойлгож болно.

Ингээд Баянмонгол чуулгын уран бүтээлүүдэд олгож буй Төрийн шагналыг тус чуулгын төлөөлөл болсон хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат, саксафон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар, дууны инженер Дондойн Гантөмөр, тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж, удирдаач Бадамхандын Нямдорж, дуучин Хайдавын Төмөрбаатар, удирдаач Сугарын Саруул-Од нарт хүртээлээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл, дуу хөгжим улам бүр яруусаж, цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.

 

“Харанга” хамтлагийнханд Төрийн соёрхол хүртээнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу өнөөдөр /2019.12.29/ морин цагт Монголын рок попын домог болсон “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртэхээр болжээ.

Хамтлагийн үнэнч фенүүд нь Сүхбаатарын талбайд 11.00 цагт цугларч, тэдэнд баяр хүргэх гэнэ. Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар өнгөрөгч аравдугаар сарын 29-нд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнуулсан билээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медалийг гардуулсан. Тэгвэл энэ удаа тэд хамтлагаараа Төрийн соёрхол хүртэх нь ээ.

Э.АРИУН, А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж